"Оскарын шагнал авч байна гэж мөрөөддөггүй жүжигчин байхгүй байх"

2010/09/04
Share |
Хүмүүс: Boomtown | 

Драмын эрдмийн театрын шинэ залуу жүжигчин В.Краснагоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн гол дүрд тоглож, авъяаслаг жүжигчин болохоо харуулсан Б.Тамиртай уулзаж ярилцлаа.
 
-Та жүжигчин Бат-Өлзий Сарантуяа нарын хүү. Урлагийн гэр бүлд өссөн болохоор урлагийн хүн болохоос өөр аргагүй байсан уу?
-Би дээрээ нэг ахтай Баасансүрэн гэдэг. Өөрөө ихэр ш дээ. Миний ихэр дүүг Сүндэрьяа гэдэг. Бааска , Сүндэрээ хоёр маань АНУ-д сурч байгаа. Нэг нь банк санхүүгийн чиглэлээр, нөгөөх нь компьютер графикийн чиглэлээр. Би л ганцаараа урлагийн хүн.

-Жүжигчин мэргэжлийг өвлөсөнд аав, ээж чинь баяртай байдаг уу ?
-Үгүй. Намайг чи жүжигчин болов доо гэдэг байсан. Би хүүхэд байхдаа дуулж, бүжиглэх дуртай, хэл уран зохиолын хичээлд сонирхолтой, нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байв. СУИС-д элсэлтийн шалгалт ганцаараа очиж өгчихөөд, улаан шугамны дээр байх нэрээ хараад бөөн баяр болсон, Баярласандаа шууд л гэртээ гүйж ирээд аав, ээж хоёрт "Би тэнцчихлээ" гэтэл "Тийм үү, хоолоо халаагаад ид, хөрчихлөө" гэсэн. Баяр хүргэе энэ тэр байхгүй ш дээ.

-Уг нь мэргэжлээ өвлүүлэхийг хүсмээр юм. Тэгээд чамд ямар мэргэжил сонгохыг зөвлөдөг байв?
-МУИС-ийн олон улсын харилцааны ангид ор, нэг бол ах шиг компьютер графикч бол гэдэг байсан. Жүжигчин болох амархан, зоригтойхон шиг хэдэн үг тайзан дээр гараад хэлчихвэл болно гэж боддог хүмүүс байдаг. Үнэндээ хүмүүст дүрээ хүргэхийн тулд үг, өгүүлбэр бүрээ цээжлэнэ. Ямар өнгөөр хэлэх  үү, харцаа яаж хувиргах вэ гэх мэтчилэн жижиг боловч маш их ухаан зарж, оюун бодлоо ажиллуулах хэрэгтэй байдаг.

Дүр дээр ажиллана гэдэг жүжигчин хүнээс асар их хүч хөдөлмөр шаарддаг ажил. Хүнд ажил шүү дээ. Тиймээс л аав ээж маань дургүйцдэг байсан биз дээ. Нөгөө талаас хүн бүр л аав, ээж хоёрыг мэднэ. Эдний хүүхэд ч цахиур хагална байхдаа гэтэл нөгөөх нь чадахгүй бол oнигоо ш дээ. Надаас маш их хүч хөдөлмөр гарах ёстой гэж боддог.

-Гэр бүлийн чинь хүн бас урлагийнх гэж сонссон?
-Тиймээ, Манай эхнэрийг Г.Золзаяа гэдэг СУИС-ийн гуравдугаар курсын оюутан. Танилцсанаас хойш дөрвөн жил тууштай үерхэж байгаад гэр бүл болсон доо. Хөөр охинтой Цэгц-Үжин гэдэг. Хүн амьтан найрна, бүжиглэнэ энэ тэр гээд мундаг шүү дээ. /Инээв.сурв/

-Залуухан аав байх ямар байна?
-Сайхан. Хүмүүс гэр бүлтэй болох гэж хэцүү, хүүхэдтэй болох бүр ч хэцүү гэж ярьдаг байсан. Надад тэгж санагддаггүй. Харин ч үүрэг хариуцлагаа бодохоор улам их хийж бүтээх эрч хүч амтагдаж, урам зориг ордог.

-Драмын театрт жүжигчин болох амаргүй даваа. Чиний хувьд ар өврийн хаалга байв уу.
-Драмын театрт орно гэдэг их хэцүү. Анх шалгалт өгөөд хоолойгоороо тэнцэхгүй унаж байлаа. Бүтэн жил драмын студид жүжигчин хийсэн. Мөн “Маск” продакшн, “Өнгөт инээд” гээд хошин урлагийн тоглолтонд туслах дүрд тоглож, дунд нь жижиг үзүүлбэр үзүүлдэг байсан. Театрын жүжигчин болоод жил гаруй боллоо. Хамгийн сүүлд В.Краснагоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжигт тоглосон. Энэ сарын 8-наас хөдөө орон нутгуудаар тоглоно.

-Сайн жүжиг байна лээ. Шилдэг жүжгээр шалгарсан. Яагаад энэ жүжгийн сонгосон юм бол. Дүрдээ ороход хэцүү байсан уу?
-Найруулагч Наранбаатар буюу Паараа ах маань энэ жүжгийг найруулсан. Жүжгийн задаргаан дээр энэ талаар маш их ярилцсан. Жүжигт гарч байгаа үйл явдал манай Монголын өнөөгийн нийгмийг маш тод томруунаар харуулж өгч байгаа юм. Монголд гэр бүлийн амьдралд салалт, урвалт гэдэг ямархуу байгаа билээ. Таньдаг, мэддэг бүх л хүмүүсээрээ жишээ авч ярилцаж ямар байхыг ойлгож  мэдрэхийг хичээн дүр дээрээ маш их бодож ажилласан.

-Шинэ жүжигт бэлтгэж байна уу?
-Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн Ачирийн дүр дээр ажиллаад сууж байна. /Зохиолоо харуулав/ Арван сарын сүүлээр тавигдах байх. Найруулагч Найдангийн удирдлага дор ардын жүжигчин Цэрэндагва, Урнаа эгч, Равдан ах, гавъяат жүжигчин Уранчимэг нартай хамт тоглоно.

-СУИС-д хамт сурч байсан найзуудтайгаа холбоотой байдаг уу?
-Бид одоо ч хамт байна. "Фантастик" нэртэй студи байгуулаад их сургуульд байхдаа ярьж байсан
мөрөөдлүүдээ биелүүлэхээр уран бүтээл хийж байна. "Шувуудын үүр" кино “Тоглоом” драмын жүжиг хийж үзсэн. Гэхдээ олны хүртээл болгож амжаагүй олон ажил бий. Гэгээн музаг зохион байгуулах арын
албанд нь багаараа ажилласан. Манай Баярбат, Батсайхан нарыг "Хэцүү анги" киноны Тэмүүн, Дөлгөөн нарын дүрээр танина.

-Залуу хүний хувьд мөрөөдлөө яриач?
-Монголд урлаг улам хөгжиж, оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж өсөөсэй гэж хүсдэг. Оросод нэгэн компани кино ч юмуу , жүжгийг ивээн тэтгэхэд засгийн газраас нь тухайн компанийн татварыг хөнгөлөх бодлого байдаг гэнэ. Манайд ийм бол гэж боддог л юм. Тэгвэл урлаг хөгжиж, хөгжихийн хэрээр ард түмэнд ч сайнаар нөлөөлнө. Оюуныг тэжээнэ гэж боддог. Одоо тавигдаж байгаа сайхан жүжгүүдийг хүүхдүүдэд үнэгүй ч юмуу үзүүлж байх юмсан гэж боддог. Хүүхэд байхдаа театрт жүжиг үзэж сурна гэдэг тухайн хүний хувьд том соёл. Театрын хувьд ирээдүйн үзэгчээ бэлтгэж байгаа хэрэг. Мөрөөдөл гэвэл агуу ш дээ. Монголд кино хийх сайхан павилонтой болох юмсан. Энийг бараг урлагийн хүн бүр л боддог байх.

-Оскарын шагнал авч байна гээд л мөрөөддөггүй гэж үү?
-Мөрөөдөлгүй яахав дээ. Мөрөөдөл бол амжилтын луужин. Оскарын шагнал авч байхдаа хэлэх үгээ хүртэл мөрөөднө гээч. "Би Монголоороо бахархдаг гээд л.." Найзуудаараа бөөнөөрөө сууж байгаад мөрөөдлөө ярьцгаадаг. Тэр үед их гоё байдаг юм. Бидний оюутан байхдаа ярьдаг байсан мөрөөдөл хүсэл маань өнөөдөр биелсэн зүйлүүд ч олон байна. Өөрсдийн гэсэн студитэй болж, нэг дор хамтдаа ажиллана гэж ярьдаг байсан зэрэг нь эхнээсээ биелж байгаа болохоор Оскарын шагнал ч авах юм билүү. Ер нь төр засгийг харааж, зүхэж суухаар дор бүрнээ хийж чадах зүйлээ хийж байвал улс орон маань хөгжинө гэж боддог. /инээв. сурв/

-Үе тэнгийн Монгол залуустаа хандаж хэлэх үг байна уу?
- Манай залуучууд соёлтой их өөр болж байгаад нь баярладаг. Нэг юм санаа зовоодог. Залуучууд сайхан зүйлийг хийхийг хүсээд байдаг ч аав, ээжүүд нь хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэж бодоод мөнгө хураагаад, гадаадад гаргачихыг боддог. Хүүхдээ юу хүсч, хаашаа тэмүүлээд байгааг нь сонирхдоггүй. Монгол залуус дуулгавартай ээж, аавынхаа үгэнд ороод мэргэжлээ ч хүссэнээрээ сонгож чаддаггүй. "Фантастик" студийн залуус "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" гэдэг жүжиг хүүхдүүдэд зориулан тоглохоор бэлдэж байгаа. Урлаг гэдэг хүнд нөлөөлөх маш том зэвсэг гэж алдартай агуу хүмүүс хэлдэг байсан. Бид хэдий залуу хүмүүс ч ирээдүй хойч үе, хүүхэд багачуудыг улам хүчирхэг, биеэ даасан Монгол Улсынхаа иргэд болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Өөрсдийн чадах хэмжээнд хийх ёстойгоо хийнэ гэж боддог.

-Танд баярлалаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.