ДОХ-той хүний захиа

2010/09/04
Share |
Хүмүүс:
ДОХ-той хүний захиа

Сайн байна уу?
Яг одоо энэ захиаг уншиж суугаа эрхэм уншигч таны алтнаас үнэтэй цаг завыг тань үрэн
байгаадаа хүлцэл өчье.
Би одоо дөч гарч явна.
Дөч хүрсэн эр
Дөрвөө дарсан ат гэж өвөг дээдэс минь зүгээр ч нэг хэлээгүй байхаа. Оюун бодол цэгцэрч, ид хав хөвчирч ёстой л хийж бүтээдэг ид нас гэж би ч боддог байсан. Байсан гэдэг үг миний амны уншлага болчихож дээ. Ирээдүй минь богинохон мөртлөө нэг л гэрэл гэгээгүй уйтгартай санагддаг болчихсон болохоор ч тэр үү юм л бол байсан гэж өнгөрсөн цаг дээр ярьчих юм. Өвчнөө мартан өөдрөг амьдрах гэж яаж ч хичээсэн нэг л мэдэхэд муу ёрын аймшигт бодол сэтгэл эзэмдэн хамаг амьдралын минь баяр жаргалыг ирээдүйд биш өнгөрсөн цаг дээр аваачаад тавьчихсан байх юм даа. Би ч яахав бас амьдрал үзэж алаг үрийнхээ зулайг үнэрлэн хийдгээ хийчихсэн хүн гэж заримдаа бодовч гэр бүл болж амьдрал зохиох нь байтугай сургуулиа ч төгсөж амжаагүй хонгорхон хорин насандаа энэ өвчний халдвар тээж яваа идэр залуухан охид, хөвгүүдээ харахад харамсаад ч барахгүй хэлэх ч үг олдохгүй хий дэмий л “Эдгэнэ дээ… хэзээ нэгэн цагт төгс эмчилдэг болчихноо” гэж л тайвшруулахаас өөр үггүй суух юм даа. Хүмүүс ДОХ гэхээр л өөрөөсөө холуур юм боддог. Би ч бас тэгж л явлаа. Харин эмчийн амнаас таны шинжилгээ эргэлзээтэй гарлаа гэхэд арай ч үгүй байлгүй дээ аппарат байтугай нь л алдаж эндэхийг алийг тэр гэх вэ дээ гээд горьдож суусан. Харамсалтай нь алдаагүй гэнээ. Ингээд л би ХДХВ тэй хүний тоонд орж ямар нэгэн хориг гортигийн дотор амьдрах болсон доо. Саяхан намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчлэгч эмч маань надад хорьхон настай нэгэн охины аав сэтгэлээр унасан үрийнхээ зовлонг нимгэлэх гэсэндээ л “ Яадаг юм бэ. Охин минь энэ өвчнөөр чинь дэлхийн сая сая хүн өвдсөн. Тэр ч байтугай мундаг том одод ч өвчилдөг юм шүү дээ” гэж хэлсэн шүү гэсэн. Тийм дээ. Хүний л өвддөг өвчин болохоос ямар анаашийн өвчин тусчихсан биш гэж тэр эмч хэлдэг юм байна лээ. Анааш нь ч бас юүв дээ хэхэ. Харин манай эмч нар бас сувилагч, асрагч гээд л ямар мундаг ухаалаг сайхан хүмүүс бидэнд үйлчилдэг гээч. Бид уул нь өөрсдийгөө аюулт мангас харсан юм шигээр л хүлээж авна гэж боддог байсан юм шигээ. Харин тэд бол огтхон ч айж цэрвэхгүй энгийн сайхан байдаг нь бидэнд амьдрах итгэлийг, бусадтай л адил байх гэсэн эгэлхэн хүслийг минь сэргээж өгдөг юм шүү. Одоо би эмнэлгээс гарчихаад ХДХВ/ДОХ -той амьдарч яваа бусад зовлон нэгт нөхдийнхөө төлөө үлдсэн амьдралаа зориулна гэсэн чин итгэлтэйгээр их ажлыг эхлүүлж явна даа.  Хорвоод сайн санаатан нь хэзээд илүү их байдаг юм. Би ч гэсэн эрүүл байхдаа буяны ажилд гар сунгах дуртай, ядарсан зовсон болгонд туслахсан гээд л явдаг байсан даа. Бидэнд туслах хүмүүс ч бас байгаа гэдэгт би итгэдэг. Гэхдээ бид хүнээс зүгээр нэг алгаа тосоод гуйхгүй ээ.  Бидний дунд ямар мундаг мундаг эрдэм боловсролтой хүмүүс байдаг гээч. Гадаад хэлний хувьд бол бүр ярих ч юм биш. Бөөн л орчуулагч нар. Харин эрүүл хүмүүс бидний тухай огт мэдэхгүй хэрнээ голдуу л сөрөг ойлголттой байдаг нь харамсмаар. Тэддэх тохиолдол бүртгэгдлээ гээд л тоолоод байна. Дараа нь тэр хүний тухай биеэ үнэлэгч эсвэл ижил хүйстэн байсан гэнээ гээд эгээ л хараад сууж байсан юм шиг л цуурч өгнө дөө. Тийм хүмүүс ч байгаа. Гэхдээ яагаад монголд илэрсэн тохиолдлын дийлэнх хувь нь ийм статустай хүмүүс байдаг вэ гэсэн асуултын хариу нь харин их л энгийн байдаг юм. Тэдэнтэй ажилладаг байгууллагууд олноос гадна хүмүүсээ байнгын шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх ажлууд хийж байдаг нь л илрэх нөхцөл болдог. Түүнээс биш заавал тийм л хүмүүс өвддөг өвчин бишээ. Бид чинь бусдын л адил үр хүүхэдтэй аав ээжүүд. Бусдын л адил аав ээжийн хонгорхон үрс шүү дээ. Амьдралд дөнгөж ормогцоо л анхны алхмаа буруу гишгэснээс болж яагаад ч зайлан гарах аргагүй аймшигт эргүүлгэнд орчихоод аврал эрэн суугаа хайран сайхан залуусаа төлөөлөн энэ захидлыг би бичиж байна.Миний яриа жаахан эмх цэгцгүй л юм болж байх шиг. Гэхдээ ямар ч гэсэн эхлүүлсэн ажлаа олонд хүргэхийн тулд, өөрсдийнхөө тухай үнэн зөв ойлголтыг төрүүлэхийн тулд л би энэ бүхнийг ярьж байна.
Өнгөрч байгаа долоо хоног миний хувьд их л чөлөө завгүй байлаа. Бүх зам Ром хүрдэг гэдэг шиг ямар нэгэн ажил хийхийн тулд бас хариуцлага үүрэх, итгэл хүлээхийн хувьд ч гэсэн би дан ганц хувь хүний үүднээс хөдлөх юм бол юу ч бүтэхгүй нь тодорхой болохоор нөхөдтэйгээ хамтраад  ХДХВ/ДОХтой амьдарч буй иргэддээ үйлчилдэг ТББ-аа байгуулж гэрчилгээ, тамга тэмдэгтэй болоод авсан. Одоо юу хийх вэ?  ДОХтой Тэмцэх Үндэсний Сан бидний ажлыг дэмжинэ гэж амласан болохоор бид нар юу юу ч үгүй тэгээс эхэлж байгаа хэр нь өөдрөг байгаа шүү. Энэ 9 сардаа багтаад байртай болчихвол цугладаг газартай болчихно гэсэн үг. Цугладаг гэхээр л хүмүүс айгаад унах вий дээ. Өнөө хэд чинь цуглаад л аюул болох нь гэх вий. Үнэхээр бидэнд заримдаа очих ч газар олдохгүй болох үе байдаг юм. Бие өвдөхөд эмнэлэгт очиж болно харин сэтгэл өвдөн хөндүүрлэж хэн нэгэнтэй ярилцмаар, зовлонгоо хуваалцмаар санагдсан үедээ хаашаа бид нар очих юм бэ. Хэнд ч тэр болгоноо ярих вэ дээ. Байнга л хүн мэдчих вий гэж айж нуугдаж явдаг улс чинь хааяа өөрсдөө нууцхан цуглахаараа харин ч нэг сэтгэлээ онгойлгож авна даа. Бид байртай болоод байнга цугладаг болчихвол нийгмийн төлөө, өөрсдийнхөө төлөө, халдварыг цааш тархаахгүй байхын төлөө их юм хийж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг шүү.  Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна гэдэг үг үнэхээр оносон үг шүү. Бидний ажилд тусалж, үнэтэй зөвлөгөө өгч, магадгүй хамтарч ажиллахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болноо. Уншигч таныг хэн ч байсан бидэнд тусалж санаа оноогоо харамгүй илгээгээсэй гэж хүссэндээ мэйл хаягаа энд үлдээж байна. Bayraa.bayraa41@yahoo.com  гэсэн хаягаар бидэнтэй харилцаж болно шүү. Таны цаг завыг үрсэндээ дахин хүлцэл өчин гүнээ хүндэтгэн мэхийн ёслов.
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.