Г.Эрдэнэболд: Медальд хүрэх итгэлтэй байсан, алт авна гэж бодоогүй

2010/09/04
Share |
Хүмүүс:
Г.Эрдэнэболд: Медальд хүрэх итгэлтэй байсан, алт авна гэж бодоогүй

Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга Г.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Олимпийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа

-Гимнастикаар хичээллээд удаж байна уу?
-Би 12 настай байхдаа, 2005 оноос эхлэн хичээллэсэн. Ер нь бол оройтож гимнастикаар хичээллэсэн шүү. Ихэнх хүүхдүүд 6-9 насны хооронд эхлэн хичээллэдэг юм. Гимнастикийн спорт руу оройтож орсон ч Төгсөө багшийнхаа шургуу хичээл зүтгэлийн үрээр их зүйлийг сурч байгаа. Анх Ц.Алтантөгс багшдаа шавиар орсон. Одоо тав дахь жилдээ хичээллэж байна.

-Гимнастикийн спортыг сонирхон сонгох болсон шалтгаан юу байв?
-Ээж, нагац ах, эгч нар спортын гимнастикаар хичээллэж байсан тамирчин хүмүүс бий. Мөн аав болон авга ах нар хөлбөмбөгөөр хичээллэж байсан юм. Тийм болохоор хөлбөмбөг, гимнастикийн спортыг илүү ихээр сонирхох болсон. Ээж намайг анх гимнастикт оруулж өгсөн л дөө.

-Шантарч, мохох үе гарч байсан уу?
-Гимнастик хүнд эрсдэлтэй спортын төрөлд ордог л доо. Эхний жилд шантарч мохон бэлтгэлээ таслах явдал гарч байсан. Харин хоёр дахь жилээс тийм бодол төрөхөө больсон. Гимнастиктаа илүү их дур сонирхолтой болж эхэлсэн.

-Эрсдэл ихтэй спорт болохоор бэртэл, гэмтэл авах тохиолдол гардаг уу?
-Дасгалжуулагчийн зөвшөөрөлгүй илүү хөдөлгөөн хийж, дур мэдэн дасгал хийх нь бэртэл авах шалтгаан болдог. Мөн шагай, өвдөг, мөр, нуруу гэх мэтийн үеүдийг сайтар халаан бэлтгэл хийгээгүйгээс гэмтэл авах тохиолдол бий.

-Гимнастикийг залуу насны спорт гэдэг. Хэдэн нас хүртлээ хичээллэх вэ?
-Орчин үед гимнастикаар 35 нас хүртлээ хичээллэж байгаа. Миний хувьд ямар ч байсан 30 нас хүртлээ хичээллэх бодолтой байна. Гэхдээ амжилт ямар байхаас шалтгаалах байх.

-Хүүхдийн олимпийн наадамд оролцохоос өмнө ямар амжилтуудыг үзүүлж байв?
-Азийн хүүхдийн спортын IV их наадмаас хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээн миний оролцсон олон улсын чанартай анхны тэмцээн байлаа. Түүний дараа ОХУ-ын Москва хотод болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, өсвөр үеийн Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж, "Сингапур-2010" хүүхдийн олимпийн наадамд орох эрх авсан.

-Өөрөөс чинь өмнө Б.Батцэцэг олимпийн алтан медалийг хүртсэн. Энэ явдал өөртөө итгэх итгэл, зориг, хүсэл, тэмүүллийг чинь өдөөж өгөв үү?
-Монгол охин олимпийн аварга болсон нь сайхан санагдаж байсан. Дараагийн тэмцээнд оролцох тамирчдад сургамжтай зүйл болсон. Б.Батцэцэг "Хүн чадна гээд хичээх юм бол амжилт гаргадаг юм байна. Та нар хичээгээрэй" гэж хэлсэн. Тэр үг бидэнд их урам хайрласан.

-Эхний харайлтуудад ямар амжилт үзүүлж шигшээ харайлтад шалгарав?
-Харайлтаар финалд шалгарахад гуравдугаар байрт, цагаригт дүүжингээр наймдугаар байрт шалгарч үлдсэн. Тэгээд шигшээ харайлтад алт авч, цагаригт дүүжинд дөрөвдүгээр байрт шалгарсан.

-Харайлтын төрөлдөө алт биш юмаа гэхэд мөнгө, хүрэл медаль хүртэх байх гэсэн итгэлтэй байв уу?
-Медальд хүрэх итгэлтэй байсан. Харин алт авна гэж бодоогүй. Сүүлийн дасгалын гүйцэтгэлээ хийж дууссаны дараа мөнгө юм уу, хүрэл медальд ойртсон байх гэж бодсон.

-Дасгалын гүйцэтгэлийн дараа самбар дээр оноо гардаг. Алтан медалийн болзол хангах оноо авсандаа хэр баярлав?
-Би ч ер нь сэтгэлийн хөдөлгөөн багатай л даа. Орилж, хашгирах нь юу юм. Дотроо бол их л баярлаж байсан. Алтан медаль хүртсэн хүн баярлалгүй яах вэ. Аль болохоор сэтгэлийн хөдөлгөөнөө дарж байлаа.

-Цагаригт дүүжингийн төрөлд медаль хүртэх их ойрхон байжээ?
-Тийм ээ. Цагаригт дүүжингийн төрөлд "медалийн оосроос атгаад алдсан" гэдэг шиг л зүйл болсон доо. Энэ төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан. Харин харайлтын төрөлдөө алтан медаль хүртэж, олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг эх орондоо авчирч чадлаа.

-Бусад төрөл болох турник, чөлөөт хөдөлгөөн, бариултай модон морь, суга савлуураас медаль хүртэх боломж хэр байсан бэ?
-Эдгээр төрлөөс медаль хүртэх боломж одоохондоо бага байгаа. Харин чөлөөт хөдөлгөөний дасгалын
гүйцэтгэлийн хувьд медаль хүртсэн тамирчдаас ганц, нэг онооны зөрүүтэй байлаа. Олимпийн наадмаас ирснээс хойш тааруухан гүйцэтгэлтэй байгаа төрлүүдээ сайжруулах тал дээр анхааран бэлтгэлээ чамбайруулан хийж эхэлсэн.

-Олимпийн наадамд оролцоход сэтгэлзүйн хувьд ямар байв?
-Урьд өмнө олон улсын тэмцээнд оролцож байсан болохоор сэтгэл зүйн хувьд тайван байсан л даа. Нэг их яарч сандрах, айж сүрдэх асуудал гараагүй. Хийж гүйцэтгэх зүйлээ санасан хэмжээндээ хүртэл хийж чадсан.

-Өрсөлдөгчид чинь чансааны хувьд урьд өмнө ямар амжилт гаргасан тамирчид байсан бэ. Тив, дэлхий, олимпийн медальтай тамирчид байв уу?
-Азийн аваргад надтай өрсөлдсөн Узбек, Казах, ОХУ-ын шилдэг тамирчид байсан. Европоос Англи, Украины шилдэг тамирчид байлаа. Нэг хэсэг Япон, Солонгос, Хятадууд гимнастикаар тасархай байсан. Одоо харин бусад улсуудад гимнастик жигд хөгжиж байгаа нь саяын олимпоос харагдаж байна лээ.

-Гимнастикаас гадна чөлөөт цагаараа ямар спортоор хичээллэдэг вэ?
-Хичээлдээ явж ирээд бусад цагт нь бэлтгэлээ хийдэг. Тийм учраас надад чөлөөт цаг гэж гардаггүй. Долоо хоногийн бүтэн сайн өдөр л бэлтгэлгүй амардаг. Бусад өдөр байнга бэлтгэлтэй байна. Чөлөөт цаг гарсан үедээ найз, нөхөд, ангийнхантайгаа уулзаж, ярилцдаг. Хааяа нэг хөлбөмбөг сонирхож тоглодог.

-Аль улсын хөлбөмбөгийн багийг дэмждэг вэ?
-Улсуудын багаар нэг их дэмжээд байдаггүй. Харин клубүүдээс Английн "Манчестер Юнайтед" багийг дэмждэг.

-Шилдэг хөлбөмбөгчдөөс хэний тоглолтыг илүү шүтдэг вэ?
-Португалийн хөлбөмбөгчин Кристиан Роналдогийн тоглолтыг биширдэг. Даанч түүний уран гоё тоглолт энэ жилийн дэлхийн аваргаар гарсангүй.

-Чамайг гэрийнхэн чинь "Панда" гэж өхөөрдөн дууддаг юм уу?
-Бага байхад л Панда гэж дууддаг байсан. Одоо манай гэрийнхэн Бөмбүүлэй гэж дуудаж байгаа. Панда гэдгийг би бараг санадаггүй юм. Харин Бөмбүүлэй гэж нэрлүүлээд бараг 10-аад жил болж байгаа шүү.

-Аль сургуулийн хэддүгээр ангайн сурагч вэ. Одоо хэдэн нас хүрч байна?
-31 дүгээр дунд сургуулийн О.Алтантуяа багштай 11 "А" ангийг энэ хавар төгссөн. Саяхан 17 нас хүрсэн. МУБИС-ийн БТДС-ийн нэгдүгээр дамжаанд ороод байгаа. Энэ сургуулиа төгсөөд цаашид дахин үргэлжлүүлэн сурах бодол бий.

-Москвагийн олимпийн наадмаас хойш манай гимнастикчид олимпод оролцоогүй. Лондонгийн олимпийн эрх авах боломж бий юу?

-Хичээвэл болох байх аа. Ирэх жил дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад олимпийн эрх олгоно гэж Төгсөө багш ярьж байсан. Ямар ч байсан хичээгээд зүтгээд үзнээ.

Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin ЩербинкР° купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:95.181.176.27  2018-10-08 16:04:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.