Ардыг ялгаварладаггүй МАХН хэвээр байж, намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулах болов

2010/09/24
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Ардыг ялгаварладаггүй МАХН хэвээр байж, намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулах болов

Өнөөгийн нөхцөл байдалд буй МАХН урагшлах, ухрахын аль  нь болохыг хэлэлцэж, асуудал дэвшүүлж байна.

Нэр солих, үзэл баримтлал өөрчлөх, Монгол  Улсын тэргүүлэгч улс төрийн хүчин байх уу үгүй, юу  гэдэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон намын эгэл жирийн гишүүд, эрдэмтэн судлаачид  хамтран хариу хайж, ийм байх гарцыг тодорхойлохыг оролдсон хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Дуурь,бүжгийн  эрдмийн театрт болсон юм.

Бага үдээс үдэш болтол санал бодлоо солилцсон намын гишүүд МАХН-ын цаашдын шинэчлэлд хэрэгтэй, тустай санаа оноо гаргаж, зөв шийдэлд хүрэхэд ойртуулах дүгнэлт гаргасан нь энэ уулзалтын үндсэн үр дүн байсан гэж болно.

Монголд өнөөдөр  улс төрийн хэчнээн нам байна вэ. Хорь дөхсөн олон тоо, улстөрийн гол хүчин МАХН улс орны амьдралыг авч явах үндсэн  зорилгоо биелүүлж байна уу гэдэг асуултын хариу энэхүү дүгнэлтийн хамгийн сонирхолтой үр дүн байлаа. Бодит байдалд манайд  улстөрийн олон нам байгаа мэт  боловч үнэн хэрэгтээ тодорхой үзэл  баримтлалгүй, нам дамнасан улс төр, бизнесийн бүлэглэл хуйвалдан хууль бусаар төрийн эрх  барьж, Монгол төрийн чадавхи, хариуцлагын тогтолцоог эрс сулруулж, үндэсний тусгаар тогтнол, ард  түмний амгалан тайван байдалд, ирээдүйд сөргөөр нөлөөлж байгаа тухай дүгнэлтийг хэлэлцүүлэгт оролцсон МАХН-ын гишүүд  гаргажээ.

Хэлэлцүүлэгт  зочноор  бас зохион байгуулагчаар оролцсон гурав дахь  Ерөнхийлөгч  Н.Энхбаяр хэлэлцүүлгийн төгсгөлд  хэлэхдээ “МАХН хэд хэдэн үнэт зүйлтэй. Түүнээс хамгийн чухал  нь намын гишүүд, дэмжигчид  ба үзэл баримтлал гэж  боддог. Үзэл  баримтлал нь тухайн намын зүрх сэтгэл, бие махбодь, харин хөдөлгөгч хүч нь МАХН-ын  гишүүд, дэмжигчдэд байдаг гэж  боддог. Тэгэхээр тэрхүү  зүрх сэтгэлийг солих гэж байгаа бол, өөр зүрх  суулгах гэж байгаа  бол гишүүдээсээ асуугаач. Тэд зөвшөөрөх үү, одоогийнхоос өөр ритмээр  цохилдог тийм зүрх суулгахыг, намын төлөө зүтгэж байгаа хүмүүс  зөвшөөрөх  үү. Тиймээс намын дарга, нар удирдах хүмүүсээс жирийн гишүүдийн санал  бодол чухал. Гишүүд дуугарахгүй бол  нам шинэчлэгдэхгүй, дарга нар дуугарсан нам шинэчлэгддэггүйг би сайн мэднэ. Иргэд дуугарч байж нам шинэчлэгдэнэ. Бидний уулзалт үүнд л чиглэсэн. МАХН-ыг гишүүдийнх  нь  гарт  буцааж өгье гэж зорьж байгаа. Баруун, зүүний үзэл баримтлал гэж  ярихаар баруун, зүүн гарын тухай  ярьж  буйтай  адилаар дунд нь  бас төөрөгдөх явдал  байна. Ертөнцийн зүг, чиг үү гэж зарим нь  хошигнож байна. Хялбаршуулж хэлбэл, баруун чиглэлийн үзэл  баримтлал гэдэг бол  харьцангуй чинээлэг, чөлөөт цагаа гольф мэтийн тоглоом тоглож өнгөрөөдөг тийм оронд хэрэгжүүлэх үзэл, харин зүүнийх нь харьцангуй нас залуу, өмч хөрөнгө багатай чөлөөт  цагаа гольф тоглож бус ууланд  явж, алхаж  идэвхтэй  өнгөрөөдөг ийм үзэл  баримтлал юм. Хүн  бүр  өөр  төрдөг нь  үнэн. Гэхдээ хүн болгон  төр, засагт зүтгэж  байж бүгд амжилтад хүрэхийн төлөө зүтгэдэг нь  зүүний үзэл. МАХН  иргэдээ ялгаварлаж байсан түүх байхгүй. Бүгдийг адилхан үздэг. Тэр уламжлалаа  бүгд  хадгалъя. Монголын ирээдүй  бол  залуу  үе. Залуу гэдэг зөвхөн зүс  царай, нас биш, амьдралд хандах хандлага юм. Бүгдээрээ уламжлалаа хадгалж, цаг үеэ зөв тооцож, ухрааж бус урагшлуулж намаа шинэчилье. Шинэчлэлийг дээрээс бус доороос нь эхлүүлье. Доороосоо дарга нараа  хянадаг, санал гаргадаг, зүтгэдэг болъё. Намын  гишүүд идэвхтэй байх  ёстой. Нэг гишүүн дагаж гурван дэмжигч байдаг гэж ярьдаг. Тэгэхээр гишүүдээ мартдаг, дэмжигчээ хаядаг цөөхөн удирдлагын хэмжээнд булхай гаргаж, түүнийгээ  зөв  гэж  бусдад тулгадаг, бодлогын сахилга гэдэг нэр томъёо гаргаж  хэлэлцүүлдэг аргыг өөрчилье.  Удахгүй намын их хурал болох гэж байна дээрээс бус доороос эрхээ эдэлж сонгох тийм аргыг хэрэгжүүлье. Өнөөдрөөс эхэлж та бүхэн хөдөлгөөн байгуулж байгаа юм  байна. Би дэмжиж ажиллахад  бэлэн  байна” хэмээсэн. Түүний үг хэлэлцүүлгийн үр  дүнгийн товчлол байсан гэж  болно. Хэлэлцүүлгээс гаргасан  улс төрийн дүгнэлтэд:

“...Хөрөнгөлөг хүмүүсийн эрхэмлэдэг барууны онол суртахууныг удирдлагын цөөн тооны хүний хүрээнд сэм боловсруулж МАХН-д гэнэт тулгаж байгаагийн цаана тэдний баруун зүүний үзлийг хүчээр нэгтгэн нэг намын тогтолцоог бий болгож, сайн, муу аргаар хөрөнгөжсөн цөөнхийн “дарангуйлал” тогтоож, өөрсдөө хараа хяналтгүйгээр дураараа авирлаж, нийгмийн халамж, үйлчилгээг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэх гэсэн санаархал нуугдаж буй нь илт байна.

Дээрх байдал нь МАХН-ын бүтэц, зохион байгуулалт дээрээс доошоо саналаа тулгаж болдог, харин доороос дээшээ саналаа хүргэх бололцоогүй, хөшүүн, дарангуйллын шинжтэй байгааг давхар нотолж, дарга нар нь гишүүдтэйгээ хариуцлага тооцох бус, харин гишүүд, дэмжигчид нь дарга нартайгаа хариуцлага тооцдог ардчилсан бүтэц рүү манай нам яаралтай шилжих шаардлагатай болсныг харуулж байна.

Намын болон намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын дарга ба бусад удирдлагыг сонгохдоо гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхэд хүндэтгэлтэй хандаж, нэр дэвшүүлэх асуудлыг гишүүдийн санал дээр үндэслэн нээлттэй хэлэлцүүлж Их хуралд уламжлан шийдвэрлүүлэх, Их хурлын төлөөлөгч 801 гишүүнийг анхан шатны байгууллагаас чөлөөт өрсөлдөөний зарчмыг баримтлан сонгох, Их хурлын төлөөлөгчөөр сонгуулахын тулд анхан шатны хороо, үүрийн гишүүдэд дээрээс дарамт шахалт үзүүлж, хээл хахууль өгөхөөр завдах, өгөх зэрэг хууль бус, ёс бус үйлдлүүдийг таслан зогсоож, бүртгэлжүүлж, олон нийтэд мэдээлэх арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.     

Намын нэр өсөхөд нэр, үзэл баримтлал нь биш, харин МАХН-ын нэрийг ашиглаж өндөр албан тушаалд очсон цөөн тооны хүмүүсийн алдаатай үйл ажиллагаа, сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, авилга, хээл хахуульд тулгуурласан боловсон хүчний буруу бодлого хэрэгжиж байгаа байдлууд, нийт гишүүд, дэмжигчидтэйгээ нээлттэй хэлэлцэж ардчилсан зарчмаар биш, удирдлагын явцуу хүрээнд хуйвалдааны аргаар боловсруулж гаргасан алдаатай бодлогоо нийгэмд тулгадаг увайгүй арга саад болж байна гэж бид үзэж байна.

Нэг үгээр хэлбэл, тэд  улс төрийн хямралт байдлаас үүдэн улс орон, ард иргэд, намд  учирч  болох хор уршгаас сэргийлж төр засгийн бодлого шийдвэрт намын  гишүүд, дэмжигчид  иргэдийн оролцоог  хангаж, хяналтаа сайжруулах  нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, хөдөлгөөнд  бусдыг уриалжээ. Мөн нам болон намын дэргэдэх байгууллагуудын удирдлагуудыг сонгохдоо хүндэтгэлтэй  хандаж, нэр дэвшүүлэх асуудлыг гишүүдийн саналаар нээлттэй сонгох нь зүйтэй гэж үзсэн байна. Эцэст нь МАХН, урагшлах  уу, ухрах уу гэдэг нь эгэл жирийн гишүүдийн оролцооноос, уламжлалаа хадгалахаас, ирээдүй рүү харсан зөв бодлого хэрэгжүүлэхээс, өнөөгөө өөрчлөхөөс шалтгаална гэж дүгнэжээ. 

Хэлэлцүүлэгт оролцогчид улс төрийн дүгнэлт, уриалга  гаргахын зэрэгцээ  зөвлөмж гаргаж, хөдөлгөөн зохион байгуулах байр, суурьт нэгдсэн юм.

Гэхдээ зөвлөмж албан ёсоор гараагүй, харин хэд хэдэн хувилбарыг санал болгосон юм. Хувилбарт:

-МАХН-ын гишүүд дэмжигчдийн “Шударга ёс, Эв нэгдэл, Эрх чөлөө” хөдөлгөөн байгуулахыг дэмжих

-Намын нэр, үзэл баримтлалын асуудлаар улс орны хэмжээнд намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн, чөлөөтэй хэлэлцүүлэг явуулах

-МАХН-ын зүүн төвийн үзэл баримтлалыг дэмждэг гишүүд дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах ажлыг зохион байгуулах

-МАХН-ын даргыг чөлөөтэйгээр нэр дэвшүүлж, 21 аймаг, 9 дүүргийн намын хорооны хурлаас авсан оноог нэгтгэн, аймаг, нийслэлийн намын даргыг сум, дүүргийн хорооны хурлаас авсан оноог нэгтгэх замаар, дүүрэг, сумын намын даргыг анхан шатны үүрүүдээс авсан саналыг нэгтгэх замаар тус тус сонгодог байх зарчмыг намын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэвшүүлэх

-МАХН-ын Бага хурлын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүнд намын анхан ба дунд шатны үүрүүдээс нэр дэвшүүлж намын Их хурлаар хэлэлцүүлдэг болох 

-МАХН-ын гишүүд дэмжигчидтэй уулзалт хийж санал бодлоо солилцох, тэдэнд зориулж улс төрийн боловсролын сургалт зохион байгуулах

-МАХН-ын гишүүд дэмжигчдийн “Шударга ёс, Эв нэгдэл, Эрх чөлөө” хөдөлгөөний Анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах гэсэн санааг гол болгожээ. Зөвлөмжид нэр дурдсан “Шударга ёс, Эв нэгдэл, Эрх чөлөө” хөдөлгөөнийхөн энэ долоо хоногоос эхлэн тус, тусын чиглэлээр зорилго, зохион байгуулах ажлаа олон нийтэд  танилцуулна гэсэн мэдээлэл хэлэлцүүлгийн үеэр дуулдаж байв.

Судлаачид болон гишүүд, дэмжигчид  юу хэлэв?
МАХН  бүлгэм, дугуйлангаас  анх үүсч, нам болж өргөссөн түүхийг А.Цанжид  доктор, Европ болон Монгол дахь үзэл  баримтлалын талаар Германы судлаач Удо Баркманн, улс төрийн намуудын утга учрын тухайд илтгэл уншсан профессор Ю.Атар, “Улс төрийн нам хариуцлагаа үүрэх үү, хариуцлгаас зугтах уу” сэдвээр илтгэсэн доктор Н.Удвал нарын илтгэл хэлэлцүүлэгт оролцогчдод сонирхолтой, санаа авах зүйл олонтой байсан юм. Улс төр судлаачид болон гишүүд, дэмжигчдийн байр, суурийг сонирхлоо.

Чингэлтэй дүүргийн МАХН-ын  есдүгээр үүрийн  гишүүн Н.Батсайхан: Мөнгө төлж албан тушаал авдагийг болих хэрэгтэй 
 -Намынхаа удирдлагыг жирийн гишүүд сонгодог болох хэрэгтэй. Бидний хүсэл, зоригоос гадуур хүн мөнгө төлөөд удирдлагад гарч бусармаг үйлдэл хийж байна.

СХД-ийн иргэн, МАХН-ын гишүүн Б.Балжиням: МАХН удирдлагаасаа болж хөгжөөгүй
-Нам нэрээсээ болж хөгжөөгүй юм биш. Удирдлагаасаа болж хөгжөөгүй. Манай намд шинэчлэл биш хувьсгал хэрэгтэй байна.

МАХН-ын гишүүн  Д.Дамба: Нам толгойгоо даах хэрэгтэй
-Нэрээ өөрчилбөл сайхан болно гэж манай намд хэн хэлээд байгаа юм бэ. Нэрээ өөрчлөхийн оронд нам толгойгоо даах хэрэгтэй. Хуйвалдаанаар сонгууль явуулж, албан тушаал авч өгөлцдөг явдлыг цэглэх хэрэгтэй.

ЧД-ийн иргэн,  МАХН-ын гишүүн Д.Баянсэлэнгэ: Манай намын ам ажил зөрж байна
-Манай намын ам, ажил зөрж, залгамж халаа алга болсон. Намын гишүүд үр хүүхдээ намдаа дагуулж ирж чаддаггүй. Үр хүүхэд нь бүгд АН-д элсч байна. Тэднийгээ намдаа  элэг сэтгэлтэй, итгэл үнэмшилтэй болгох хэрэгтэй шүү.

Өөр нэг зүйл бол намын мөрийн хөтөлбөр  “сохор” байна. Намын дэргэд эрдэмтдийн зөвлөл байх хэрэгтэй.

СХД-ийн иргэн, МАХН-ын гишүүн Н.Энхтуул: Хойч үеийнхээ төлөө дуугарцгаая
-Намын удирдлагыг дээрээс сонгодог буруу жишиг тогтлоо. Мэдэлтэй хүмүүсийг биш мэдлэгтэйг нь сонгодог болмоор байна.  Хойч үеийнхээ төлөө дуугарцгаая.

Ө.Хүү, Ч.Олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.