Тагнаж чагнан шантаажлах арга моод болжээ

2010/11/07
Share |
Хүмүүс:
Тагнаж чагнан шантаажлах арга моод болжээ

Монголд юу л болж байна даа. Монголчууд нэгнээ хулгайлж, хилсээр хэрэг тулгаж, эрүүдэн шүүж алж байна. Эрх мэдэлтэй албан тушаалтнууд нэгнээ тагнаж чагнан шантаажаар гартаа оруулчихаж дөнгөж байна. Дөнгөнд орсон боол шиг ганц үг ганхийж чадахааргүй гөлөг болгож байна. Бүр Авлигатай тэмцэх газрын дарга нь хүртэл ажилтнаа хууль бусаар тагнаж яваад баригдаж шившгээ тарьсан. Утсаар ч чөлөөтэй ярьж чадахаа байтлаа айдас дунд амьдрах, ажиллах амаргүйг дор бүрнээ мэдэрнэ. Ийм л нэгэн хар пиар өдрөөс өдөрт бидний хоолойг боомилсоор байгааг ил тод зарлах хэрэгтэй болжээ. Хүн хулгайлсан хэрэгтэн болчихоод байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц тагнах чагнахдаа гарамгай нэгэн байсан гэж яригдаж байна. Хамт ажиллагсдаа эсвэл хамт бизнес хийдэг анд найзаа хүртэл ялгалгүй тагнаж үг үйлдэл бүрийг нь хянаж байсан гэх. Б.Хурцын "гярхай" ажиглалтад цөөнгүй улстөрчид ч орсон байдаг гэх юм билээ. Сая Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагийн хэргийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдийн нэлээд нь үг дуугарч чадахгүй гөлөлзөж суусныг санаж байгаа байх аа. Хөөрхий ингэж хүний эрхэнд орж амьдарна гэдэг ямар олиг байхав дээ. Дөнгөж уржигдархан Батлан хамгаалах яамны их сургуулийн удирдлагуудын байрнаас чагнах төхөөрөмж, нууц камер тавьсан байсан нь илэрсэн гэгдэв. Тэгэхээр ерөөсөө л хэн дуртайгаа чагнаж "но" шиншилж явдаг болчихсон юм биш үү. Угтаа дэлхийд дэндүү цөөхөн монголчууд бид нэгнээ шантаажилж ар нуруунд нь хутга зоож явахаас өөрөөр хийх ажлаа барчихсан түмэн биш шүү дээ. Б.Хурцыг Европын холбооны улсад баригдах болсон гол шалтгааныг аанай л нэгнийхээ мууг үзэх гэсэн явуулга гэж ил тод тайлбарладаг. Xэрэг дотроосоо хэн нэгэн матаагүй байсан бол Монголд үйлдсэн хэрэг нь энд илэрч балрахгүй байсан байх нь байна шүү. Сануулсаар байтал том толгой гаргаад явчихдаг Б.Хурцын тэнэгтэлтээс болж ардчилалтай Монгол Улсын нэр хүнд унаж байна гэж ярьж байгаа хуулийн томоохон албан тушаалтны үгийг дуулав. Баригдсан нь Б.Хурцын алдаа болсноос бус балагтай ажиллагаа явуулах нь зөв байсан гэж хэлж байгаа хэрэг үү. Д.Энхбатыг хүн гүтгүүлэхээр хаа хол Францаас тагнуул, цагдаа, МИАТ бүр дипломат албадынхан үгсэн хуйвалдаж хулгайлж ирчихээд Монголд яаж ичихгүй худлаа бурж байсныг нь хэвлэлийн хуудаснаас харж болно. Тэр үед Д.Энхбатыг ноцтой аймаар том хэрэгтнийг интерполын шугамаар аваад ирсэн. Одоо С.Зоригийн амь насанд халдсан гайт этгээдийг илрүүлж санаа амарлаа гэж ирээд л сүржигнэж байв даа. Тэгтэл Д.Энхбатаар бусдыг гүтгүүлэх ажиллагаа нь бүтэлгүйтэж олны өмнө дэлгэгдсэн. Тэгээд ч Д.Энхбат энэ хэрэгт ямар ч холбогдолгүй болох нь яалт ч үгүй тогтоогдов. Тэгэхээр хэрэгт холбоогүй хүнийг олон улсын хил дамнуулан зориудаар хулгайлан авчрах шаардлага анхнаасаа юу байв. Үүнд Монголын нэр нөлөөтэй албадыг гар бие оролцуулдаг ямар их том хүч байв. Эцсийн дүнд хүн хулгайлах Монголын тагнуулчдын ажиллагааны үр дүнд хөөрхий гэмгүй нэгэн иргэн Д.Энхбат зүй бусаар амиа алдсан. Үүний дараахан онгоцны үйлчлэгч бүсгүй Д.Энхбатыг хулгайгаар авчирсны гэрч болсныхоо төлөө учир битүүлгээр нас барлаа гэдэг мэдээлэл олон хүмүүст айдас нөмөргөв. Одоо талийгаачийн төрсөн дүү Д.Баяр руу халдаж эхэлсэн бололтой. Түүнийг орцных нь гадаа хэдэн залуус отож зогсч байгаад ам руу нь хүчээр үл мэдэгдэх шингэн зүйл уулгаж заналхийлсэн байна. Ер нь Монголд юу л болж байна даа. Энэ нь дуугарсан болгоны амыг таглаад өгнө шүү гэсэн сануулга биш үү. Ер нь С.Зориг агсны хэргийг илрүүлэх нэрийн дор эрх мэдэл, албан тушаал хөөцөлдөгсөд их хэлмэгдүүлэлт явуулдаг моод Монголд хэдийнэ дэлгэрсэн. Үүний золиосонд өдий төдий гэмгүй хүн чимээгүйхэн амь насаа алдаж байна. С.Зоригийн хэрэгт холбоотой хэргийн тухай тодорхой мэдээлэлтэй байсныхаа төлөө лав 16, 17 хүн нас барсан байдаг гэгддэг юм билээ. Үүнийг нь гэрч нарыг устгах даалгавар гэх үү эсвэл эртний дом хараалын нөлөө гэж муйхарлах уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.