Хотын гудамжийг хориотой зурагт самбараар чимэглэмээргүй байна

2010/11/10
Share |
Хүмүүс:
Хотын гудамжийг хориотой зурагт самбараар чимэглэмээргүй байна

Улсын нийслэл маань садар самуун, гэмт хэрэг, гадаадын одуудыг сурталчилдаг хот болоо юу даа гэх бодол заримдаа өөрийн эрхгүй төрдөг. Нийгэмд гараад байгаа хүчирхийлэл гэмт хэрэг зэрэг элдэв бусын зүйл сонсоод ийн бодсон хэрэг биш л дээ. Өдөр бүр ажилдаа явах, гэртээ харихаар автобус хүлээн зогсох болгонд энэ тухай боддог юм. Бараг зогсоол бүр дээр тухлах сонингийн цэгийн самбарт өлгөөстэй хэвлэлийн бараг 80 хувь нь “Халуун хөнжил”, “Далд хорвоо” гэх далд амьдралын тухай сонингууд эзэлнэ. Элдэв янзын шалдан хүүхнүүдээр “хачирлах” эдгээр сонингуудын “амтархан” унших уншигчдын ихэнх нь бичиг номын эрдэмд анхлан суралцаж байгаа бяцхан жаалууд байхыг яана. “Ингээд унш” гэх шиг дэлгээд тавьчихсан байгааг уншихгүй гээд яах ч билээ.

Эх орны минь хойч үе ингэж л хүмүүжиж байна шүү дээ хэмээн халагласаар цааш эргэнгүүт хагас нүцгэн хүүхнүүдийн янз янзын зогсолтоо гайхуулах мэт аяглах томоос том хэмжээтэй үнэртэй усны сурталчилгаа, энд яг ийм л хүүхэн байдаг гэдгээ зарлах зочид буудал, сауны хаяг… Ер нь тэгээд нүд хаана бэлчинэ, тэр газарт ямар нэг хэмжээгээр нүцгэн хүүхний зурагтай сурталчилгаа байна гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Тэгэхээр өөрийн эрхгүй ийм бодол төрөхөөс ч яалтай. Хөгжлийг тэргүүлэгч гэгддэг Америкийн нэгдсэн улс өөрсдийн хийсэн гэмт хэрэг хүчирхийлэл, садар самуунтай киногоо театртаа бараг гаргадаггүй, тэр ч бүү хэл янз бүрийн зүйл үзчихнэ хэмээн хүүхдийнхээ өрөөнд зурагт хүртэл байлгадаггүй гэж бодохоор манайхан арай л дэндүү задгай байх шиг. Гудамжинд бэлээхэн элдвийг сурталчилсан сурталчилгааны самбарууд байхад элдэв янзын сэтгэл сэртхийлгэм хүчирхийллийн хэргүүд гарахгүй гэх баталгаа байна гэж үү?  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 3000 гаруй реклам сурталчилгааны самбар байдаг гэдэг.

Өнгөрсөн жил авто зам буюу зорчих хэсгийн дагуу байрлуулсан реклам сурталчилгааны самбар зам тээврийн хэрэг, осол гарах шалтгаан болж байна хэмээн 900 гаруй сурталчилгааны самбарыг буулгасан. Анхаарлаа реклам сурталчилгааны самбарт хандуулсан жолооч нар ямар нэг байдлаар зам тээврийн хэрэг, осолд холбогдоход жолооч хэзээ ч рекламны самбар харж яваад ийм юм боллоо гэж мэдүүлдэггүй. Үүнтэй адилхан рекламны самбар харсаар байгаад хүчирхийлэгч боллоо хэмээн мэдүүлдэг гэмт хэрэгтэн нэг ч байхгүй шүү дээ. Иймэрхүү дүр зураг бүхий рекламны самбаруудаа авахаа мартсан бололтой. Аль ч улс оронд сурталчилгааг ямар байдлаар хийж болох талаар хуультай байдаг. Манайх ч гэсэн энэ талаар тусгасан хуультай. Үүнийг та архи согтууруулах ундааны сурталчилгаанаас харж болно. Гэвч энэ хуулинд садар самууныг сурталчилсан тохиолдолд хариуцлага тооцно гэсэн заалт байдгийг анзааралгүй өнгөрмөөргүй л юм. Эсвэл дуртай хуулиа мөрдөөд дургүйгээ уландаа гишгэдэг журам бас батлагдчихсан юм болов уу.

Ямартай ч хотын төвөөр ярайх эдгээр самбар, хаягуудаа цэгцлэх цаг болсон юм шиг. Тэгэхгүй бол Төрийн ордноо тойроод нүцгэн хүмүүсийн зурагтай самбаруудаар дүүрч мэдэх нь. Мэдэх нь ч юу байхав. Хэдэн жилийн өмнө нэгэн сэтгүүл шинээр гарч эхэлж байгаа тухай сурталчилгаагаа нүцгэн хүүхний зурагтай гаргаж, нөгөөх нь ордны зүүн талд өнгө алаглан байсныг хэвлэлийнхэн удаа дараа мэдээлэн байж зөвхөн тэр хэсгийг буулгуулж байсныг санаж байна. Төрийнхөө ордны хажуу талд хээв нэг тавьж байгаа юм чинь, хотын төв хэсэгт бол ёстой “падлий алга” л байна гэх хүмүүс одоо цагт олон болсон биз. Уншигч та гоо сайхны мэдрэмжгүй хэмээн буруутгаж болох юм. Гэхдээ аль ч юманд хязгаар хэрэгтэй байдаг.

Дээр нь дэлхийн одуудаар сурталчилгааныхаа самбарыг хийх явдал сүүлийн үед ихсэх болж. Бараг гарын үсгээ хүртэл зардаг тэднийг сауны газрууд ашиглаж байгааг нь мэдвэл яах бол. Нүдийг нь сохолчихсон, нүүрийг нь урчихсан ийм самбарыг нь хэдэн сарын турш байлгаад байгааг мэдвэл яах бол… Тэр хүмүүсийн бэлэн зурагны оронд өөрсдийнхөө ухаанаар бодож олсон сурталчилгааны самбар хийвэл хамаагүй сайхан харагдана даа уг нь. Манайд энэ талын мэдлэг сайтай мэргэжилтнүүд зөндөө баймаарсан . Сурталчилгааны талаар ярихдаа нэг зүйлийг хурдан хэрэгжээсэй их боддог юм. Нийслэлийн Иргэдийн хурлаас баталсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулах талаар байгууллага аж ахуйн нэгжээс дагаж мөрдөх журам”-д хотын гудамжинд байгаа сурталчилгааны самбаруудыг бүгдийг нь гэрэлтүүлэгтэй болгох талаар тусгасан байдаг. Энэ журам хэрэгжвэл харанхуй гэж нэрлэгддэг газрууд ихээхэн багасна, хотын өнгө үзэмж ч тэр хэмжээгээр нэмэгдэнэ шүү дээ гэж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.