Хуучин цагийн мөргүй цагаан хөөрөг хэмээх ӨНДӨР ЗААНАА ДУРСАХУЙ

2010/11/11
Share |
Хүмүүс:
Хуучин цагийн мөргүй цагаан хөөрөг хэмээх ӨНДӨР ЗААНАА ДУРСАХУЙ
Алдарт Арвайхээр хүлэг, асрын дээгүүр гар нь намилзах аваргаараа бахархах өврийн сайхан хангай. Санаа нь хүртэл сүү болсон сайхан ард түмний мах цусны тасархай, монгол бөхийн торгон ногоон дэвжээнд нутаг усаа дуудуулж, улсын цолтны өндөр босгод ханхалзаж явсан үеийн нөхөр, өндөр хэмээх заанаа үг хэлхэн дурсаж сууна. Сайн нөхрийг мартвал жинхэнэ алдас болох биз.
 

 Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат Дашзэвэгийн Эрдэнэбат хэмээх нэрийг монгол түмэн, тэр дундаа бөхөд хайртай олон андахгүй. Үүнийг бичигч бивээр хуучнаар Ажилчны районд заантай хамт амьдарч, үерхэж нөхөрлөж явлаа. Ер нь нэг хэсэг манай дүүргийнхэн бөхөөрөө алдаршиж байлаа. Ёстой л нөгөө Увсын долоон хар гэдэг шиг Комбинатын олон хар байсан юм шүү. Хожмын олон алдарт бөх Үйлдвэр комбинатаас, тодруулж хэлбэл "Хөдөлмөр" нийгэмлэгээс төрж гарсан түүхтэй. Дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан Д.Жамц, Д.Ганхуяг, улсын заан З.Дүвчин, Д.Эрдэнэбат, улсын харцага Л.Бадарч, улсын начин Ш.Чанрав, Б.Норов, Д.Шижээ, аймгийн арслан "Цахилгаан" Мөнхөө, усны тэрэгний Даваадорж, аймгийн заан "жижиг" хэмээх Мягмар, аймгийн начин Буядаа, станцын халзан Дашням, аймаг, цэргийн хошой арслан Б.Пүрэвтогоо гээд... нэр цохон дурдвал нэлээд олон цаг, цаас гарна. Тэр ч байтугай алдарт засуул Ш.Лүгдэв, "Ган хоолой" Мягмар, Лондойдорж нар ч энэ дүүргийн унаган иргэд. Ингээд олныг нуршилгүй гол зүйлрүүгээ оръё.


Хархорины аймгийн начин Цогтмагнай бид хоёр зааныг их явуулна. Манай хүн ч онигоонд их орно оо. Заан нэг хэсэг / 2000 оны эхээр / Замын-Үүд, Эрээн хоёрын хооронд зорчигч, ачаа зөөсөн сөн. Ер нь зах зээлийн шилжилтийн эхэнд хүн бүр л янз янзын ажил эрхэлж байлаа. Манай хүн хэнэггүй. Нөгөө гаальтай хэмээн хилээр нэвтэрдэг ногоон гэрлийн машины нэг нь түүнийх. Цогоо бид хоёр очоод "Жаахан эвгүй ачаатай. Чи нэг гаргаадах уу" гэтэл "Өө, хоёр найздаа одоо туслахгүй юм бол хэзээ туслах вэ"  гээд аччихлаа. Үнэн хэрэгтээ хэдэн гутал л байсан юм. Монголын гааль дээр ирлээ. Хоёр тачигнасан шалгагч авгай ирээд юуны гааль мааль шалгаад алахгүй юу. Харин ч гайгүй өнгөрлөө. Бид хоёр "Чиний нөгөө гааль мааль гэсэн чинь яалаа" гэхэд "Урьд нь зүгээр л байсан юм, сая болсонгүй" гэж маасайтал инээж байсан юм.


Мөн ч золиг шиг хүн шүү. Намайг цагдаагийн байгууллагад ахмад цолтой ажиллаж байхад дүрэмт хувцасны өвөр лүү намрын айраг хийж баллаж байсан хүн. Ухаандаа айргаар намайг баалж шийтгэж байгаа нь тэр. Арьс, ширний үйлдвэр, Ээрмэл хоёрыг их ярьна. Мань хүн аравдугаар ангиа төгсөөд трактор комбайны курсын хуваарь авч. Түүндээ дургүй гэж жигтэйхэн. Ингээд намар нь арын хаалгаар Санхүүгийн текникумд орчих санаатай хотод ирчихээд манайхны хэлдгээр гудамж метрлэн, лааз өшиглөж яваад нутгийн аварга Д.Цэрэнтогтохтой тааралдаж л дээ. Аварга "Чи ер нь ямар ажил хийж, хаагуур манаргаж явна" гэхэд Эрдэнэбат хэлэх үггүй толгойгоо илж зогссоор байгаад аваргын мэдэлд очсон. Маргааш нь арьс, ширний үйлдвэрт орсон бөгөөд ажилчин хэмээх хамгаас сайхан албанд олон жил зүтгэсэн дээ. Идэрчүүдийн улсын аваргад ирж барилдахад нь анх шинжсэн аваргын нутгаасаа бөх төрүүлэхсэн гэдэг бодлын чагтага ингэж тайлагдсаныг аз тохиосон гэлтэй. Аварга түүнийг зүгээр чигт нь орхисонгүй, араас нь  эрж сурж "Чи яагаад барилдахгүй байна" гээд л зэмлэнэ. "Чамайг ганцхан ажил хий гээгүй, автобусны мөнгөө олоод барилдахаа чухалчил" гэж аашилна. Эдгээр үг заанд нэгийг бодуулсан бололтой "Хөдөлмөр" нийгэмлэгийн хаалгыг татжээ.


Түүний анхны бөхийн багш бол Өвөрхангай аймгийн "Хуруугүй" хэмээх Цэрэндорж гэж мундаг хүн байлаа. Алтан үеийн алдарт бөх Мэгдийн Хойлогдорж ч мөн багш нь. Сүүлдээ Ч.Насантогтох, Ш.Чанрав, Г.Пүрэв-Очир гээд олон багшийн гарыг дамжсан. Өөрөө ярихдаа үндэсний бөх зааж сургасан хүн гэвэл нутгийн маань дархан аварга Д.Цэрэнтогтохоос авахуулаад олон аварга, арслан заанууд бий. Надад сэтгэлийн үгээ хэлж, барилдах арга ухааныг зааж зөвлөж байсан бүх хүнийг багшаа л гэж үзнэ гэж тооцдог гэж билээ.

Шигтгээ............................................................. Илүү ихийг ЭНДЭЭС уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.