Оросуудтай нийлж монголыг цөлмөх олигархиудын бүлэг үүслээ

2010/11/14
Share |
Хүмүүс:
Оросуудтай нийлж монголыг цөлмөх олигархиудын бүлэг үүслээ

Монгол орныг олигархиуд хөдөлгөж байна. Хэчнээн дургүй байсан ч үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.  Монголын олигархи гэгдэх цөөнх Зайсан, Гачуурт, Бэлх хавьдаа л "шинэ Монгол" болох гээд дуншиж байхад оросууд "Воробьевийн уулан дахь клуб" хэмээх вант улсыг хэдийнэ байгуулчихсан. Харьцуулахад хэдийгээр өрөвдмөөр ч гэсэн хоёр орны олигархиуд хамтарч ажиллах нь ойлгомжтой.  Тухайлбал, Оросын талаас "Ростехнологи" компанийн захирал Сергей Викторович Чемезов, Монголын талаас УИХ-ын гишүүн Х.Наранхүү нараар ахлуулсан Орос, Монголын ажил хэргийн зөвлөл саяхан байгуулагджээ. Гоё үгээр халхавчилсан гоц зорилготой, хоёр орны худалдааны харилцаанд шинэ эргэлт хийх гол төлөвлөгөөтэй уг зөвлөлийн Оросын талынхан энэ сарын 3-нд Москвад хуралджээ.
 Хурлаас уг зөвлөлд Оросын талаас "Ростехнологи"-ийн захирал С.Чемезов, улстөрч, дипломатч Е.Примаков нарыг ажиллуулахаар болсон байна. С.Чемезовын хувьд КГБ-ын агент, нэгэн үе Зүүн Германд ажиллаж байхдаа В.Путинтэй дотно танилцаж, тэр үеэс улс төрийн хүрээнд хөл тавьсан гэдэг.  Түүнийг Монголчууд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь бараалхаж тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний мэндчилгээг дамжуулж байсан, уулзалтын үеэр өөрийн "Ростехнологи" компани болон хоёр улсын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдлийн асуудлыг хөндөж байснаар нь эчнээ танина.
Эдүгээ В.Путинтэй шадар байсныхаа нэгэн адил Ерөнхийлөгч Д.Медведевийн анхаарлыг татаж, таалагдаж эхлээд байгаа. Харин Евгений Максимович Примаковын хувьд Оросын хамгийн нууцлаг хүмүүстэй ойр дотно ажилласаар ирсэн. Тэрбээр СССР-ийн дарга нарын мэдээлэл маш нууцлаг байсан тэр цаг үед сэтгүүлчээр ажиллаж байсан. Хожим нь Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн захирал болсон. М.С.Горбачев, Б.Елыщн гээд үе үеийн улс төрийн лидерүүдийн илтгэлийг бэлтгэдэг байсан гээд ховор бөгөөд үнэ цэнэтэй намтартай нэгэн.
Манай талыг ахалж ажиллах УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн хувьд "Эрдэнэт" үйлдвэрийг найман жил удирдсаны хувьд оросуудтай сайн, муугаар хэл амаа ололцох арга барил, дипломат харилцаа, эдийн засгийн мэдлэг, мэдээллийн хувьд хамгийн боломжийн фигур гэж хэлж болно. Одоогоос хоёр жилийн өмнө Монголын хэвлэлд В.Путин “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын мэдлийн хувийг Монголчуудад танилцуулалгүйгээр "Ростехнологи" компанид шилжүүлснийг Д.Медведев баталгаажуулсан бичгийг нийтэлж байв. Тэр үед хэний зөв, буруу болохыг маргаад өнгөрсөн ч эдүгээ хамтарсан зөвлөлийг ахалж буй С.Чемезов, Х.Наранхүү нар "Эрдэнэт" үйлдвэрийн талаар хамгийн сайн мэдэх Монгол, орос хоёр яах аргагүй мөн билээ.
Уг зөвлөлд Монголын талаас "Сод Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, "Магнай трейд"-ийн Р.Ганзориг нар багтжээ. Эдүгээ МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч, "Сод Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын хувьд өнгөрсөн долдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа онгоц цэнэглэдэг Монгол талын анхны кбмпани "А-Жет"-ээ нээж байгааг баяртайгаар мэдэгдэж байсан. Түүний бизнесийн хөгжилд орос түншүүдийнх нь дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнийг гэрчлэх мэт Засгийн газар хоорондын комиссын Оросын талын ахлагч ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин тууз хайчлаад явсан. Мөн "Сод Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, "Магнай трейд"-ийн Р.Ганзориг гэсэн дээрх бүрэлдэхүүнийг харахад ажил хэргийн зөвлөл гэхээсээ илүү нефтид түшиглэсэн ашиг сонирхлын бүлэглэл гэмээр харагдаж байгаа юм. Үнэхээр олон нийтэд мэдээлсэн шигээ хоёр улсын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байсан бол яагаад нефть импортолдгоос өөр төрлийн бизнесмэнийг багтаасангүй вэ.
Анхаарал татсан бас нэг мэдээлэл нь “Ажил хэргийн зөвлөл” гэгч нь олны анхаарлыг татахгүйн тулд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим дээр байрлах бөгөөд уг саналыг Оросын талаас тавьсан байна.  Уг зөвлөл хамтын ажиллагааны асуудлыг төр, засгийн хэмжээнд шийдэж Засгийн газар хоорондын комисст багтах эрхтэй болж байгаа нь дэндүү том нөлөөтэй байгаа хэрэг биш гэж үү. Энэ бүхэн ажил хэргийн зөвлөл үү, хоёр орны олигархиудын хамтын ажиллагааны клуб уу гэж эргэлзэхэд хүргэж байна.
 "Ройтерс" агентлагаас саяхан Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад учирч болох улс төрийн эрсдлийн талаар мэдээлжээ. Энэхүү нийтлэлд “Монголын эдийн засагт Хятадын ноёрхол өсч байгаа нь Монголын олон элит Оросыг түшихээр зүтгэхэд хүргэж байна. Монголын Засгийн газар "Гуравдагч хөрш" бодлогын тусламжтайгаар Орос, Хятадын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхээр хичээж байгаа. Гэвч шинжээчид Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулах юм уу. Орос, Хятадын ноёрхлыг үгүйсгэх гэж нөхөөс болох нэг ч улс олдохгүй гэж үзэж байгаа юм" хэмээсэн байна. 
Монголын геополитикийн талаарх ийм сөрөг имиж бүрдүүлэхүйц мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж байгаа нь манайхыг сонирхож эхэлж буй гадны хөрөнгө оруулагчдын хувьд тийм таатай сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу.

У.Оргилмаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Новой Ладоге Марки в ДагестаР½ÑÐºÐ¾Ð¼ Огне Марки в Катав-ив
IP:141.101.132.208  2018-03-21 03:12:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.