Монголын гоо бүсгүй А.Сарнай: Хүн бүхэн өөрийн онцлогтой. Найз залуу маань ямар ч гэсэн надад таалагддаг.

2010/11/14
Share |
Хүмүүс:
Монголын гоо бүсгүй А.Сарнай: Хүн бүхэн өөрийн онцлогтой. Найз залуу маань ямар ч гэсэн надад таалагддаг.

"Дэлхийн мисс-2010" тэмцээний шилдэг 20 оролцогчийн нэг Монголын гоо бүсгүй А.Сарнайтай ярилцлаа. Тэрбээр 2004 онд "Монголын сайхан бүсгүй"-гээр шалгарч, 2008 онд "Оюутны дэлхийн мисс" наадмын тэргүүн миссээр өргөмжлөгдсөн юм.

-"Дэлхийн мисс-2010" тэмцээнээс ирээд хийхээр төлөвлөсөн анхны ажил тань "Миний Сэлбэ" сан байгуулах явдал байв уу. Яагаад Сэлбэ голд санаа зовних болов?
-Би Монгол Улсын иргэн. Улаанбаатар хотын оршин суугч. Тийм болохоор энэ ажил маань А.Сарнай гэдэг хувь хүний үүрэг гэж бодож байна. "Миний Сэлбэ" сангаараа дамжуулан маш олон хүнийг байгаль дэлхийн сайн сайханд уриалан дуудахыг хүсч байгаа. Би "Сэлбэ" голын дэргэдэх нэгдүгээр амаржих газар төрсөн. Тэгэхээр яах аргагүй энэ голын хүүхэд. Тийм болохоор "Сэлбэ" голоо сэргээхэд хувь нэмрээ оруулахгүй бол болохгүй л дээ.

-Та экологи, байгаль хамгааллын чиглэлээр АНУ-д суралцдаг. Тэгэхээр энэ сан таны мэргэжилтэй ойрхон юм?

-Тэгэлгүй яахав. Би 2007 оноос эхлэн АНУ-ын Канабасс хотын их сургуульд суралцаж байна. Ер нь байгаль дэлхий, экологийн асуудал хурцаар яригдаж байгаа энэ цаг үед миний эзэмшиж байгаа мэргэжил их үүрэгтэй. Одоо гурван жил суралцаад төгсөнө дөө.

-Монголдоо ирж ажиллана биз дээ?

-Тийм ээ. Залуу хүний хувьд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцохыг хүсэлгүй яахав. Харин тэрнээс өмнө энэ чиглэлээр их зүйл сурч туршлага хуримтлуулах хэрэгтэй байна.

-Одоо хичээлтэй байгаа юу. Хэзээ буцах вэ?

-Хичээл маань түр завсарласан. Оноос өмнө явна.

-Эх орноо их санадаг уу?
-Хүмүүсийн нэгэн адил үнэхээр их санадаг. Хичээл ихтэй болохоор толгой өндийх завгүй шахам л байдаг. Гэхдээ эх орондоо ирээд байгаль орчны салбарт ч юм уу, соёл урлагийн салбарт ихийг хийж, бүтээнэ гэж боддог. Мөн тэр өндөр сайхан хөгжилтэй орны жишигт хүргэхэд нь хувь нэмрээ оруулахсан гэж боддог. Монгол орон маань одоогоор дөнгөж хөгжиж буй орнуудын нэг хэдий ч үнэхээр хүчирхэг байж аль ч салбарт дэлхийн том том гүрнүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд байна. Тийм болохоор хувь хүнийхээ үүднээс бахархдаг.

-"Дэлхийн мисс" тэмцээнд амжилттай оролцлоо. Өөрөөрөө бахархах сэтгэл төрж байна уу?
-Монгол Улсаа төлөөлж, чамлахааргүй амжилттай оролцоод ирлээ. Нэг үеэ бодоход Монголчууд маань     сайхнаар хүлээж авдаг болжээ. Үүнд их баяртай байгаа. Дэлхийн 100 гаруй орны гоо бүсгүйгээс эхний 20-д багтсан гэж бодохоор мэдээж өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Ер нь би их азтай юмаа. Олон сайхан тэмцээнд оролцох хувьтай байж. Амьдралын туршдаа санаж явах сайхан дурсамжуудтай үлдлээ. Мөн өөрийн гэсэн байр суурь, нэр хүндтэй болсон гээд бодохоор их сайхан санагдаж байна.

-Таны амжилтын гол тулгуур нь юу байсан бэ?
-Намайг дэмждэг бүх л хүний чин сэтгэлийн туслалцаа байсан болов уу. Миний амжилтын төлөө залбирч, догдолж байсан аав ээж, сайн санаат хүмүүсийг баярлуулж чадсандаа баяртай байгаа. Гэхдээ одоо надад хийх зүйл олон байна. Илүү их амжилтын төлөө хичээж ажиллана аа.

-Энэ тэмцээнээс олсон хамгийн том ололтоо та юу гэж дүгнэх вэ?

-"Дэлхийн мисс" тэмцээн маань өөрөө маш том шалгуур байсан. Тухайн хүн өөрийгөө нээж, чин үнэнчээр хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрдэг гэдгийг надад улам баталж өглөө.

-Бүтэн сарын турш олон орны мисстэй хамт байсан. Сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Олон байна аа. Бэлтгэл дээр гэхэд Монгол, Ангол, Молдав гээд дуудахаар адилхан сонсогдоод гурвуулаа зэрэг гарч байсан. Сүүлийн шатанд 25-д үлдэхэд Монголиа гэхэд нь Молдав гэж байна даа гээд сонсож байсан. Гэтэл хажуугаас Монтенигрогийн гоо бүсгүй "Чамайг дуудлаа" гэхэд нь үнэхээр сэтгэл хөдөлсөн. Миний хувьд их сайхан тэмцээн болж өнгөрлөө.

-Мисс, загвар өмсөгчид өөрийн гэсэн загварын агентлагтай болохыг хүсдэг. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Надад одоогоор ийм бодол алга аа. Яагаад гэвэл би загвар өмсөж байгаагүй. Ямар ч гэсэн хамгийн эхлээд боловсролдоо цаг зарцуулъя гэж боддог. Эхлээд Сарнай сайн мэргэжилтэн болох л чухал байна.

-Найз залуутай болсон уу?
-Болсон. Гэхдээ энэ талаар яримааргүй байна.

-Ямархуу залуу байдаг вэ?
-Хүн бүхэн өөрийн онцлогтой. Найз залуу маань ямар ч гэсэн надад таалагддаг. Тэгээд л болоо.

-Хайр байдаг гэдэгт итгэдэг үү?
-Тийм ээ. Хоёр хүний сэтгэл зүрх дундаас хайр өөрөө гардаг байх. Тэр нь амьдралынх нь туршид байж, тэр хайраасаа энерги, урам зориг авч бусдыг бас хайрлах сэтгэл төрдөг юм болов уу. Гэхдээ "Яг энэ бол хайр" гэсэн онол байдаггүй шүү дээ.

-Таныг зураг зурдаг гэж сонссон?

-Багаасаа дүрслэх урлагт их дуртай байлаа. Зургийн хичээлийг тэсэн ядан хүлээдэг байсан. Одоо ч энэ сонирхол маань буураагүй ээ. Сүүлийн үед шүршдэг будгаар их зурж байна. Цаашид мэргэжлийнхээ хажуугаар энэ сонирхлоо хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Өөрийн зурсан зургаараа үзэсгэлэн гаргана гэсэн мөрөөдөл бий. Би зургандаа их тод улаан өнгө, дүрэлзэж байгаа галын эрч хүчийг илүү гаргахыг хүсдэг. Үргэлж бадарч, цоглог байдаг, тийм өнгөнд дуртай.

-Ер нь та ямар хүүхэд байсан бэ?

-Ах дүү цөөхүүлээ болохоор хүний мөрөөсөл болсон хүүхэд байлаа. Гэртээ хүн ирэхээр их баярладаг, их хөдөлгөөнтэй эрэгтэй хүүхэд шиг байсан. Бас эрэгтэй хүүхдүүдтэй их найзалдаг. Ер нь эршүүд талдаа гэж хэлж болно.

-Мисс гэх тодотголыг хүмүүс их олон янзаар боддог. Таныхаар?
-Манайхан мисс гэхээр л нэг их цагаан гартай, алхаа гишгээ агаарт байдаг гэж боддог юм шиг байна лээ.Тийм биш гэдгийг хэлмээр байна. Ар гэрээ ч, гоо сайхнаа ч аваад явчих чадалтай ийм хүнийг л мисс гэдэг юм гэх байх даа.

-Та сайхан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?
-Эмэгтэй хүн бүхэн эх болно. Эх хүн болгон сайхан сэтгэлээр бусдыг энэрч хайрладаг, аливаад чин зүрхнээсээ ханддаг. Энэ нь эмэгтэй хүний хамгийн сайхан чимэг болов уу гэж бодож байна.

-Таны өндөр, жин, биеийн харьцаа хэд вэ?
-Өндөр 1.78 см. Жин 58 кг. Биеийн харьцаа 91x61x92 байгаа.

-Биеийн харьцаагаа барихын тулд ямар дэглэм барих уу?

-Турах гэж зориудаар бэлтгэл сургуулилалт хийдэггүй. Миний байгаа жин л энэ. Мэдээж эрүүл хооллохыг хичээнэ. Чихэрлэг зүйлийг хориглоод байдаггүй ч зохих хэмжээнд барьдаг. Фитнессээр хичээллэдэг. Энэ нь зөвхөн биеийн галбираа хадгалахын тулд биш эрүүл мэндээ давхар бодож байгаа асуудал л даа.

-Та спортлог мисс тэмцээнд шилдэг 20-д шалгарч чадсан. Үүнд фитнессээр хичээллэдэг нь нөлөөлсөн байх?

-Би урьд нь115 орны гоо бүсгүйчүүдтэй спортоор өрсөлдөнө гэж төсөөлж байгаагүй. Миний хувьд баяртай мөчүүдийн нэг байсан. Их хөгжилтэй байсан. Холын зайд уралдсан, уртын харайлт хийсэн, усанд сэлсэн, буухиа тэмцээн болсон. Хөнгөн атлетик, хоккейн мэргэжлийн тамирчин охид ч байсан. Тэдэнтэй нэг дор өрсөлдөнө гэдэг хөгжилтэй, сайхан байсан. Үнэхээр энэ бүхэнд фитнессээр хичээллэдэг маань их хэрэг болсон шүү.

Т.Батсайхан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.