П.Сэрдамба: УИХ-ын гишүүн болдог юм уу…

2010/11/15
Share |
Хүмүүс:
П.Сэрдамба: УИХ-ын гишүүн болдог юм уу…

Монголын боксчдоос олимпийн наадмын анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн гавьяат тамирчин П.Сэрдамбатай уулзаж ярилцлаа. Тэрбээр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин бөгөөд байгууллагаас өгсөн нэг өрөө байрандаа төвхнөх гээд зав муутай байна. Багын найз нь эхнэртэйгээ гэрт нь ирээд ханын цаас, шинэ тавилга байрлуулах ажилд тусалж буйг онцлов.

-Монголын боксчдоос анхны мөнгөн медалийг авлаа. Нийт хичнээн тулаан хийсэн бэ?

-Олимпийн наадамд анх удаа оролцож, дөрвөн тулаан хийн мөнгөн медальд хүрсэн. Алтын төлөө тав дахь тоглолтоо хийсэн л дээ.

-Таны тулаанууд их эгзэгтэй өнгөрсөн. Өөрт чинь ялагдчихлаа даа гэж бодсон тоглолт бий юу?

-Кубын тамирчинтай тоглоод оноо тэнцэхэд л их хэцүү байсан. Энэ тоглолтын дараа багш дээрээ очтол оноо тэнцүү байна гэж хэлсэн. Тухайн үед за хожигдчихлоо доо л гэж бодсон. Гэтэл шүүгч улааныг өргөж, надад ялалт өгөхөд бөөн баяр болсон.

-Тоглолтын явцад оноогоо мэдэж байсан уу?

-Ер нь мэднэ л дээ. Гэхдээ яг тэд гэж мэдэхгүй ч багш нар тэдэн оноогоор илүү байна, дутуу гээд хэлж өгнө. Тэгэхээр үе бүрт л оноогоо мэддэг.

-Эхний тулаан дээр нэлээд ядрах шиг болсон?

-Олимпийн наадмын, ер нь тэмцээн бүрийн эхний тулаан сэтгэл зүйн болон биеийн хүчний хувьд их хүнд байдаг. Учир нь гурван хоног жиндээ орох гэж бэлтгэлээ хийсэн. Нэлээд ядарсан л даа. Эхний хоёр үед давамгайлж байсан ч сүүлийн раундыг хүндхэн дуусгасан шүү.

-Хэдэн килограмм хассан бэ?

-Ойролцоогоор зургаан килограмм орчим хассан. Манай боксын нэг онцлог бол олимпийн эхний өдөр тэмцээн эхлээд хаалтын өдөр алтан медалийн эзэд тодордог. Тийм болохоор өдөр бүр жингээ барьж, байнгын бэлтгэлтэй байдаг. Энэ хугацаанд хоол ундаа хүртэл тохируулж, маш хариуцлагатай байх ёстой.

-Олимпод тулалдсан тамирчидтай өмнө нь тоглож байв уу?

-Өмнө нь тоглосон боксчин байгаагүй ээ. Бүгдтэй нь л анх удаа тоглосон. Тамирчдаа судлаагүй л дээ. Ганц нэгийг нь өмнөх олон улсын тэмцээнүүдйн үеэр харж байсан. Ер нь рингэнд гараад эхний хоёр минутад хэн бэ гэдгийг нь таньж болдог. Хаашаа яаж хөдөлж байна, ямар өрөлттэй гээд амархан мэдэж болно. Харин алт авдаг Хятадын боксчин Зоу Шиминтэй нутагтаа тоглож байсан л даа.

-Нутагтаа хожиж Азийн аварга болсон юм чинь дэвжээн дээр дахиад хожиж болоогүй юм уу?

-Кубын боксчинтой тоглох үед гар маань бэртсэн л дээ. Тэгээд алтан медалийн төлөөх тоглолтод үнэхээр болоогүй. Өвдөөд байсан учраас яах ч аргагүй тулаанаа зогсоосон юм. Баруун гараа жаахан өргөхөөр л өвдөөд байсан. Уг нь жаахан зодуулаад эхэлбэл өвдөлтөө мартах байх гэж бодсон юм. Харамсалтай нь, гараа өргөж ч чадахгүй байсан учраас аргагүй байдалд хүрсэн дээ.

-Яг ямар бэртэл юм бэ?

-Зөөлөн эдийн бэртэл. Хамгийн удаан эдгэдэг, их хорон эд дээ. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайваньд очиж эмчлүүлсэн юм. Гэвч кубатай хийсэн тоглолтын сүүлийн үед бэртсэн л дээ.

-Боксоор хичээллээд хэдэн жил болж байна?

-Найман жил болж байна.

-Анхны багшаа танилцуулаач?

-Надад ганцхан л анхны багш байгаа. Миний хамгийн хайртай багш. Ганзориг гэдэг. Одоо залуучуудын шигшээ багийг хариуцдаг юм. Уг нь бидэнтэй л хамт байх ёстой хүн л дээ.

-Яагаад боксын спортод оров?

-Аав бид хоёр нэг өдөр гэртээ хийх юмгүй сууж байтал “Миний хүү ерөөсөө спортоор хичээллэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар спорт гэтэл бөх юм уу боксыг сонго гээд надад байлдааны самбо, жүдо гээд л рекламдаад байсан. Манайх бөхийн удамтай юм гэнэ лээ. Сайн бөх болж магадгүй гэсэн. Харин би боксыг сонготол аав маань миний хүү сонирхлоороо яв, өөрөө л мэд гэж хэлсэн дээ.

-Анхны багш хэрхэн хүлээж авсан бэ?


-Нэг л их ууртай хүн байсан санагддаг. Яваад очтол “За яах гэж байгаа хүүхэд вэ” гэхээр нь бүртгүүлье гэсэн. Тэгээд л шавиар нь орж, таван жил орчим хичээллээд шигшээ багт Д.Банди багшийн удирдлагад орсон доо. Гэхдээ багш маань Монголдоо байхад бэлтгэл дээр орж, захиас, сургаалаа хэлдэг юм.

-Хүүхэд нас хаана өнгөрөв?

-Баянхошуу, Дэнжийн мянгад л өнгөрсөн дөө. Баянхошуунд хоёрдугаар анги хүртлээ байсан юм. Нэг сахилгагүй шар нөхөр л явлаа. Хуучин эцэс хавийнхан сайн мэднэ дээ. Дугуй унаж яваад хүүхэд мөргөж унагаад гарыг нь хугалчихаад зугтаасан удаа бий. Дэнжийн мянгад бол бас л хүнд байсан. Хичээл хийхгүй захаар л өдрийг өнгөрөөдөг чанга нөхөр. Багш нар хичээл хийсэнгүй гэж зоддог, чихээ мушгиулаад л яаж ч зодуулж байсан гүрийгээд өнгөрдөг хүүхэд явсан.

-Ирээдүйн зорилго?


-Боксоороо сайхан тоглоё. Ямартай ч олимпод нэг үзчихээд зодог тайлна даа. Дараагийн олимпоор би 27 настай байна. Тэгэхээр ер нь эцсийн олимп байгаа биз. Спортод 27 нас ахмадад орно биз дээ.

-Зодгоо тайлчихаад юу хийх санаа байна?


-УИХ-ын гишүүн болдог юм уу. (инээв) Гавьяат цол авах үеэр Ерөнхийлөгч “Чи Улсын их хуралд байхаар хүүхэд байна. Зан ааш нь эвдрээгүй” гэж магтсан. Ерөнхийлөгчөөсөө ийм үг сонсох сайхан санагдсан шүү. Гэхдээ УИХ-ын гишүүн болохгүй ээ. Зүгээр наргилаа. Нарийн төлөвлөсөн зүйл алга. Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэж болох байлгүй дээ. Нээрээ инээд чинь их гоё шүү, ард түмний хайрыг татсан инээд гэж хэлсэн юм байна.

-Гэр бүлээ танилцуулаач эхээс хэдүүлээ вэ?

-Гурван ах, нэг эгчтэй. Айлын бага хүү. Одоогоор эгч, ах нар маань тусдаа гарсан. Би аав, эхнэртэйгээ нэг өрөө байрандаа тусдаа гарлаа. Дэнжийн мянгын хуучин гэрээ нэг ахдаа үлдээсэн.

-Эхнэрээ танилцуулаач?

-Миний эхнэрийг Сэргэлэнгийн Золзаяа гэдэг. 20 настай. “Зохиомж” дээд сургуулийн оюутан танилцаад дөрвөн жил гаруй хугацаа өнгөрчээ. Дараа жилээс хүү гаргаж өгнө гэсэн. Гэдэс нь томроод л байна. Хүү юм уу, охин юм уу хэлэхгүй л байгаа. (инээв) Манай эхнэр хүүхдэдээ Сэрдамбын Сэрдорж гэдэг нэр өгнө гэсэн.

-Аль нутгийнх вэ?

-Би өөрөө Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Архангайн Цэнхэрийнх.

-Аав чинь спортоор хичээллэж байсан уу?

-Тууштай хичээллэсэн спорт байхгүй ээ. Харин залуудаа бага зэрэг ноцолдож байсан гэдэг. Мөн аав маань бөхөд маш дуртай. Намайг усанд орж байхыг харчихаад дор бөгстэй бөх болчихмоор харагдах юм. Яаж яваад боксчин болсон юм бол доо гэж хэлдэг.

-Чөлөөт цагаараа хийх дуртай зүйл гэвэл?


-Найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрөөж, сайхан инээлдэх дуртай. Миний хувьд энэ л амралт болдог юм. Харин тасархай машинтай хурдны замаар давхих хүсэл бий. Сайхан давхиж үзээгүй л дээ.

-Одоо унаж байгаа машинаа хэзээ авсан бэ?


-Энэ Тоёото Приус машиныг найман сарын өмнө авсан.

-Олимпоос медаль авсны дараа аав тань юу гэж хэлэх юм бэ?

-Миний хүү энэ олон хүний итгэлийг дааж явна гэдэг их хэцүү шүү. Ийм сайхан эрхэм цол авсан хүн олны итгэлийг алдахгүй байх нь  чухал гэж захисан. Мөн олимпийн медальтай, гавьяат тамирчин хүн олонтойгоо эвтэй байж, муудалцах маргалдахаас зайлсхий. Ямар ч хүн байсан өмнөөс нь сайхан инээмсэглэж угтах хэрэгтэй гэж хэлсэн.

-Амлалтын бэлгүүдээ авсан уу?

-Яг гар дээрээ авсан нь “Мон милк”-ийн сүү, Шүүхийн шийдвэрийн байр, улсын болон олимпийн хорооны шагналаа авлаа. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зуслангийн газар өгсөн. Бусдыг нь аваагүй ээ. Телевизээр баахан л юм яриад байсан. Өгдөггүй нь их юм шиг байна аа.

-Олимпоос медаль авахаараа хийнэ гэж төлөвлөсөн зүйл байв уу. Медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Би олимпоос медаль авна л гэж бодож байсан. Өөртөө ч итгэлтэй байсан. Медаль авчихаад сайхан байгальтай газар хаус барина л гэж мөрөөдөж байсан. Ирэх хавраас мөрөөдлөө биелүүлнэ дээ. Найрамдал зуслангийн ойролцоо газар өгсөн.

-Хаусаа дүрслээч?

-Нэг давхартаа гурван өрөөтэй, дээд давхартаа дөрвөн өрөөтэй. Мэдээж бэлтгэлийн жижигхэн заалтай байна. Миний бэлтгэлийг хангах жижигхэн мишокоо өлгөөд, хүчний ганц хоёр хэрэглэл тавина. Тэгээд бильярдын нэг өрөө гаргахгүй бол найз нөхөд ирэхэд цаг өнгөрөхгүй байх.

-Хаусаа өөрөө барих уу?

-Зав гарвал өөрийнхөө гараар баримаар л байна. Гэхдээ бараг худлаа байх даа. Ах нар маань барилгын чиглэлийн хүмүүс. Тэднийг нэг дайчилна. Мөн хаусын материал өгөх санал ирсэн гэсэн. Гэхдээ манайхан яг хаанаас гэдгийг нь мэдээгүй байгаа. Ер нь энд тэндээс бэлэг дурсгал элдэв зүйл их л санал болгосон юм шиг байна лээ.

-Олимпоос ирээд сайхан амарч чадав уу?


-Амжсангүй ээ. Өдөржин уулзалтад оролцоод орой нь гэртээ засвар хийгээд заримдаа бүр нойргүй хонож байна. Сайхан төвхнөөд нэг амрах болов уу.

-Өөрт чинь чи медаль авч чадна шүү гэж хэлсэн хүн бий юу?

-Чи медаль авч чаднаа гэж хэлсэн хүн бараг байхгүй дээ. Хүмүүс итгэлгүй л байсан байх. Аав маань хэлэхдээ “Миний хүү сураггүй л байна. Гэхдээ миний хүү чаднаа. Аав нь хүүдээ итгэж байгаа. Монголчууд Бадар-Ууган, Мөнх-Эрдэнэ л гэж байна. Миний хүү үзүүлээд өгөөрэй” гэж захисан. Би аавынхаа захиасаар чадаад л ирлээ.

-Медалийн тавцан дээр хүмүүс уйлаад байсан. Харин та сэтгэлээ их барих шиг болсон?

-Уг нь би их уярамтгай, зөөлөн сэтгэлтэй хүн ш дээ. Заримдаа кино үзэж суугаад л уйлчихдаг. Олимпоор төрийн дууллаа сонсоогүй болохоор тэр ч юм уу нулимс гарахгүй байна лээ.

-Ямар урсгалын дуу сонсдог вэ?

-Хүүхэд байхдаа хип хоп сонсч, хип хопдоо үнэнч, үүрд л явлаа. Одоо дуучин С.Жавхлан ахын сайхан дуунууд байна. Сүүлийн үед их сонсч байгаа.

-Хүүхэд байхдаа ямар хочтой байв?

-Багадаа олон хочтой байсан болохоор одоо сайн санахгүй байна. Харин ангийнхан Сэрдамба гэдэг болохоор сэрээ гэнэ. Ер нь халбага, сэрээ л гэдэг дээ.

-Гадуур явахад олон хүнтэй зургаа татуулж байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хүмүүсийг гомдоож болохгүй. Бүгдтэй нь л хамт зургаа даруулахыг хичээх юм. Харин хороололд нэг худалдагч хүүхдээс сэмхэн татгалзсан. Хэрэв тухайн үед зөвшөөрсөн бол олон хүн ирэх гээд байсан учраас больсон л доо. Дараа тэр хүү дээр өөрөө очоод хамт зургаа даруулна.

-Гадны орноос урилга санал ирэв үү?

-Ирээгүй ээ. Ирсэн ч явахгүй. Би Монголдоо хайртай.

-О.Гүндэгмаа, Н.Түвшинбаяр нарын медаль Э.Бадар-Ууган та хоёрт их урам болсон биз?

-Медалиа аваад явж байгаа хүн үнэхээр сайхан харагдсан шүү. Олимпийн хотхонд Түвшинбаярт баяр хүргэж чадаагүй л дээ. Алтан медалиа зүүчихээд хүмүүст өргүүлээд явж байхад нь хараад сэтгэл их хөдөлсөн. Олон хүний дундуур гүйж ороод гялс духандаа хүргээд л холдсон. Жин бариад бэлтгэлтэй байсан болохоор дагаад явж чадаагүй хараад л өнгөрсөн. Бариад духандаа хүргэхэд алтан медаль үнэхээр баавартай, сайхан санагдаж байлаа.

shudarga.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.