21 авлигачаа зарлачих. Тэгвэл зууралдаад буй албандаа үлдэх нүүртэй хоцорч болох юм, АТГ-ын дарга аа

2010/11/16
Share |
Хүмүүс:
21 авлигачаа зарлачих. Тэгвэл зууралдаад буй албандаа үлдэх нүүртэй хоцорч болох юм, АТГ-ын дарга аа

Авлигатай тэмцэх газар гэж нэг балагтай байгууллагатай болоод монголчууд удаж байна. Уг нь нийгэмд хор тариад буй авлигын эсрэг энэ байгууллагыг УИХ-ын дэргэд байгуулсан. Гэтэл  хэдэн жил болоод л төрийн хараа, хяналтаас гарчихсан том толгойлоод суудаг болов. Төсвийн мөнгө үрэгдүүлж шамшигдуулсан, бусдыг хууль бусаар тагнаж чагнасан гэх дарга нарыг нь хууль хяналтынхан яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал тавиад байгаа ч энэ асуудал бараг хагас жил дуншиж байна.
Удирдах албан тушаалтнууд нь  энэ мэтээр хууль зөрчөөд, эрх мэдлээ урвуулан ашиглаад байхад Ч.Сангарагчаа Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-ын Байнгын хороодоор ороод л  хана мөргөөд буцдаг болов. Нэг газрын даргын  асуудлыг шийдэж чадахгүй болтлоо Монголын төр дороо эргэлдэн ийн сул дорой болсон дүр зураг хавраас хойш л үргэлжиллээ. Цаг хугацаа явах тусам энэ явдлын эргэн тойронд болж буй үйл явдлаар  хөгжмийн зохиолч бол симфони зохиох  хэмжээнд хүрч сунжирч өрнөл нь баяжигдах шинжтэй. УИХ-ын байнгын хороодоор унаад буй энэ асуудлын зангилаа нь Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарт  21 авлигачийн нэр, үйлдэл байгаатай холбоотой гэнэ. Албан тушаалаас нь огцруулна гэхээр Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн хоёр тэдний нэрийг зарлана хэмээн сүрдүүлдэг. Тэгэхээр нь өнөө авлигачид нь айдаг юм байх. Тэр 21 авлигач нь УИХ-д суугаа болохоор АТГ-ын дарга нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг "цохиод" унагачихдаг аж. Үндсэндээ айдаст автсан 21 авлигач УИХ-ын байнгын хороогоор энэ асуудалд "нар" үзүүлэхгүй байх хор найруулаад байгаа бололтой. Гэхдээ Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1, 133.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан энэ үед 21 авлигачийн үүсгэсэн гинжин холбоо тийм ч бат бөх биш байж болох талтай. Нэг л завсар орвол бутраад унах аюултай. Тэр үед АТГ-ын дарга нар үгүй ядаж дээрх хуульд зааснаар гурван жилийн ялаар шийтгүүлэх магадлалтай юм. Иймд АТГ-ын дарга нар, юмыг яаж мэдэх вэ хэмээн давхар хамгаалалт үүсгэж байна. Энэ хамгаалалт нь Ө.Алтангадас. Түүнийг яллагдагчаар татчихвал АТГ-ын дарга, дэд дарга, хэлтсийн дарга гээд олон хүний албан тушаалын асуудал сөхөгдөнө. Нэг үгээр хэлбэл АТГ-ын дарга нарыг хоморголж байна гэсэн "шуум"-ыг олон нийтэд төрүүлэх явдал аж. Энэ нь эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа бололтой. Иймд тус газрын дарга нар Гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар Ө.Алтангадасыг хөлдөө чирч яллагдагчаар татуулсан гэх мэдээлэл ч байгаа юм. Нөгөө талаар Ө.Алтангадасаар тагнаж чагнасан гэх хэргээ хүлээлгэж өөрсдөө ялаас мултрах арга цаана нь давхар явж байгаа аж.
АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар Ө.Алтангадас  дарга нарынхаа тушаалаар Мөрдөн шалгах албаны дарга асан Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарыг тагнаж чагнасан байдаг. Үүнд нэр бүхий УИХ-ын 21 гишүүний тухай ч яригддаг.  Уг нь бол Ө.Алтангадасыг бусдыг  тагнаж чагнах ажлыг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ынхан өнгөрсөн долдугаар сарын 28-нд баривчилж "Ганц худаг" дахь цагдан хорих төвд 14 хоног хорьсон. Ингэхдээ дарга нарынхаа заавар, тушаалын дагуу үүргээ гүйцэтгэсэн хэмээн үзэж суллажээ. Ингэсгээд Ө.Алтангадас энэ хэргээс мултрах ёстой байсан боловч АТГ-ын дарга нар өөрсдийнхөө бамбай болгож  Ө.Алтангадасыг ашиглахыг хүссэн учир тэрээр яллагдагч гэх нэрийг зүүж яваа юм. Түүнийг энэ хэрэгт татан оролцуулснаар цуст долдугаар сарын 1-ний өдөр тушаал өгч  иргэд рүү цагдаа нарыг буу шагайх хэмжээнд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцоогүйн түүхийг АТГ-ын дарга нар өөрсөд дээрээ хэрэгжүүлэхээр улайрсных ч байх магадлалтай аж. Энэ  нь юу гэсэн үг вэ гэхээр удаан сунжирч буй хэргийн эцэст Ө.Алтангадас бусдыг тагнаж чагнасан хэргээр ял сонсч харин дарга нар нь мултрах гарцтай болж байгаа гэсэн үг. Тагнаж, чагнасан хэрэг ийн хоёр салах нь хэнд ашигтай вэ. АТГ-ын дарга нарт л хэрэгтэй. Энгийн иргэд мэдэхгүй ч АТГ-ын дарга нар иймэрхүү маягаар асуудлыг харж, гаргалгаа гаргаж тоглож байгаа сураг сүүлийн үед хуулийнхны амнаас ам дамжин нисч байна.
Мөн долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг сөхвөл  явж, явж нөгөө 21 авлигачийнх нь заримтай нь холбогдох магадлалтай. Иймэрхүү байдлаар АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал томоохон хүрээллийг багтааж, улс төржин бас зарим хэсгийг нь барьцаалж, сүйрвэл хамт гэсэн мессежийг Ч.Сангарагчаа нар  УИХ-ын зарим гишүүнд өгөөд байгаа бололтой.
Уг нь бол Монгол төрийн хамгийн шударга, ёс зүйтэй байх байгууллага бол Авлигатай тэмцэх газар. Энэ газар авлигачдаас, шударга бус нөхдүүдээс Монголын төрийг хамгаалж байх учиртай. Гэвч өнөөдөр Авлигатай тэмцэх газар өөрсдөө авлигадаа идэгдчихээд л сууж байна. Тэр тусмаа ажилтнаа болон 21 авлигачийг тагнаж, чагнасан хууль бус үйлдлээ огтхон ч тоохгүй байгаа бөгөөд үүнийгээ албан тушаалаараа барьцаалан АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалаасаа тас зуурчихаад тавихгүй явна. Ингэж үйлээ үзэж, албан тушаалдаа улайран зууралдаж байхаар 21 авлигачаа зарлачихаач дээ. Тэгвэл үхэн хатан зуураад байгаа албан тушаалдаа үлдэх нүүртэй хоцорч, харин салбар чинь энэ зоригийг чинь гавьяа болгон магтаг. Хэрэв ингэж чадахгүй бол хуулийн салбарынханд тарьсан балаг чинь хусавч арилахгүй муу нэрээр үлдэж мэдэх юм. 21 авлигачаа олон нийтэд зарлавал, авлигын үндэсийг таслахад ийм гавьяатай явсан гэж энэ цаг үеийнхэн үр хойчид чинь дамжуулаг.

Г.Ялгуун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.