Асашёорюү Д.Дагвадорж: Монгол хүний омогшил, бахархлыг сумогийн дэвжээнд харуулж чадсан

2010/11/21
Share |
Хүмүүс:
Асашёорюү Д.Дагвадорж: Монгол хүний омогшил, бахархлыг сумогийн дэвжээнд харуулж чадсан

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо ирж, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа. Их аварга дөрвөн талтай булган малгай,  алтан товчтой, шар хоргой эмжээртэй хурган дотортой, хар торгон  дээлээр гоёсон  байлаа. Сумогийн дэвжээнээс зодог тайлахаа мэдэгдсэнээс хойш эх орондоо анх удаа  ирж байгаа их аваргаас асуух, тодруулах зүйл сэтгүүлчдэд тун их байлаа. Их аваргынхаа барааг ойроос харж хийморио сэргээх гэсэн сэргэлэн фенүүд нь ч хэвлэлийн бага хуралд ирээд амжсан төдийгүй сэтгэлийн үгээ хэлж байв. Түүнчлэн их аваргын эх нутагтаа ирсэн баярт үйл явдлыг сурвалжлах, магадгүй зарим нь шинжиж сонжихыг хүссэн гадныхан ч цөөнгүй. Тэдний дунд Японы “Асахи ТВ”, “NHK”,”NTV”, “TBS”, “Фүжи ТВ”-ийн сэтгүүлч, зураглаач нар байлаа. Гэвч Асашёорюүгийн  хэвлэлийн төлөөлөгч хурал эхлэхийн өмнө Асашёорюү Японы сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэдгийг урьдчилан анхааруулсан. Үнэн сэтгэлээсээ илэн далангүй яриа хөөрөө өрнүүлсэн, халуун дулаан уур амьсгалтай ийм хэвлэлийн бага хурал ойрд лав болоогүй санагдана. Асашёорюү сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг уншигчдадаа хүргэе.

-Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж сумогийн дэвжээнд ид сайхан амжилттай барилдаж байгаад зодог тайлна гэдэг харамсалтай байх нь мэдээж. Сумогийн дэвжээн дээр японоор л үг хэлэх учиртай. Та 25 дахь удаагаа түрүүлээд шагналаа гардахдаа “Тэнгэр тэтгэсэн монгол түмэндээ зориулж , монголоор үг хэлье” гэж онцолж байгаад монголоор ярьсан. Монголоор үг хэлэх нь танаас их зориг шаардсан байх даа. Түүнчлэн сумо гэх их спорттой амьдралаа холбосносс хойш сэтгэлд тань үйлдсэн хамгийн сайхан дурсамжаа хуваалцана уу?
-Эх орондоо би яаран яаран ирлээ. Нутаг орон, ард түмэн, аав ээжээ их саналаа. Миний хувьд хоёр дахь амьдрал маань эхэлж байна. Сумогийн дэвжээний түрүү болгон адал явдалтай, баяр баясгалантай, омогшилтой, бас цээжиндээ нулимстай гэхчилэн олон өнгө аястай байсан. Монгол хүнийхээ хувьд сумогийн дэвжээн дээр  монголоороо үг хэлэх юмсан гэсэн бодол анхнаасаа л надад төрдөг байсан. Тиймээс ч ард түмэндээ 25 дахь түрүүгээ аваад монголоороо мэндчилсэн юм. Эргээд бодохоор сайхан дурсамж маш их байна. Даваа болгон, ялалт бас ялагдал бүхэн миний хувьд үнэтэй. Тэр бүхнээс  хамгийн сүүлийн башё л хамгийн дурсамжтай санагдаж байна.

-Таныг зодог тайлах шийдвэр гаргахад Монголын ард түмэн тэр чигээрээ цочирдож байсан. Тэгэхээр таны хувьд бүр ч  хүнд байсан нь ойлгомжтой. Зодог тайлах болсон шалтгаан ер нь юу байв?
-Асашёорюүгийн хувьд байнга л асуудлын бай, үзэгний чичлүүр болж явдаг байсан. Гэвч энэ бүхнийг даваад гарна даа гэсэн бодлоор хат сууж явсан. Гэвч даван гаргахгүйн төлөө бодолтой хүмүүс бас байсан. Тэд хүчтэй байлаа. Гэхдээ миний хувьд сумогоо эрт орхилоо гээд гунихраад байх юм алга. Японы үндэсний спорт  сумог дэлхийд таниулахад миний  оруулсан хувь нэмэр байгаа гэж боддог. Монгол хүний омогшил бахархлыг ч сумогийн дэвжээнд гаргаж чадсан. Үнэнийг хэлэхэд Японы хэвлэлээр олонтаа гарсанчлан хүний хамар хуга цохисон зүйл огт болоогүй. Эр хүмүүсийн хувьд ам мурийсан тал бий. Гэвч бид ойлголцсон.

-Цаашид та юу хийх бодолтой байна вэ. Таныг улстөрд хүчээ үзнэ гэж яригдах боллоо. Эсвэл та бизнес хийх юм уу?
-Хэвлэлүүдэд намайг улстөрд орно, бизнес хийнэ, бүр мэргэжлийн зодооноор хичээллэнэ гэхчилэн янз бүрээр бичиж байна. Одооогоор эдгээр замын алийг нь ч сонгоогүй байгаа. Би одоо 29 настай. Залуу хүний хувьд эх орондоо тустай, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэхэд бэлэн байна.

-Таныг хоёр дахь амьдралаа эхэлж, дахин гэрлэх гэж байгаа гэж байсан. Энэ үнэн үү?
- Одоохондоо хурим найр хийх асуудал байхгүй. Хоёр хүүхдээ л их санаж ирлээ. Хоёр хүүхэд маань их том болсон байна. Эх орондоо байх хугацаандаа хүүхдүүдээ л эрхлүүлж өнжинө дөө. Хувийн амьдралын хувьд нарийн төлөвлөгөө одоогоор алга байна.

-Та Америкт амьдрах гэж байгаа юм уу?
-Залуу хүний хувьд газар үзэж нүд тайлъя гэдэг үүднээс Хавай арал руу явсан. АНУ-г ч үзлээ. Одоогоор тэнд амьдарна гэсэн бодол алга.

-Гадаадын телевиз, агентлагууд таны талд зогсч, япончууд гадны бөхчүүдийг рекордоо эвдэхээс айж, Асашёорюүг гадуурхан гаргалаа хэмээн бичиж байсан?
-Ний нуугүй  хэлэхэд сумогийн холбооны дүрэм журам чанга шүү дээ. Асашёорюүгийн хувьд үйл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөн, барилдааны барил, мэдрэмж нь зарим хүмүүст таалагддаг байсан бол заримд нь тааруу сэтгэгдэл түрүүлж л байсан биз. Би ч гэсэн ялалтын төлөө явж байсан хүн шүү дээ.  Алдаа оноо аль аль нь байсан биз.

-Та монгол бөхөөр барилдах уу?................................

Үргэлжлэлийг ЭНДЭЭС  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.