Хүмүүс: |
Элдэв хов яриа ихэвчлэн эмэгтэйчүүдийн хүрээнд байдаг гэсэн нийтлэг ойлголт бий. Хов авгай хүүхнүүдийн ажил гэдэг ч энэ цаг үед эрчүүдийг бас тойрохгүй бололтой. Хов хортой. Атаархаж, доромжлох, гутаах гээд элдэв дайврууд ховтой зэрэгцдэг. Эмэгтэйчүүд бус эрчүүд хүртэл хов ярьдаг гэдгийг Сангийн сайд С.Баярцогт батлаад өгөх шиг боллоо.
АН-ын ҮЗХ-ны хурал дээр тэрээр намынхаа 228 гишүүндээ хов зөөв. 1990 оны анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын депутат, УБХ-ын гишүүнээр 23 насандаа сонгогдож байсан тэрээр улс төрийн тогоонд нэлээн чанагдсан. Парламентад дөрвөн удаа сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж буй С.Баярцогт хэзээ, хаана, хэнд, юу гэж хэлэхээ мэдэхийн дээдээр мэддэг болсон эрхэм.
Өнгөрөгч баасан гаригт болсон АН-ын ҮЗХ-ны хурал дээр С.Баярцогт сайд Н.Батбаяр гишүүнтэй маргалдаж мэтгэлцсэн. Энэ үеэр Н.Батбаяр гишүүн "Амьдрал дээр Оюутолгойн 34 хувь Монголын талд ногдоно гэдэг худлаа. С.Баярцогт худлаа ярьдагаараа алдартай хүн. Оюутолгойн зөвхөн энгийн хувьцааны 34 хувь л Монголын талд ногдоно. Давуу эрхтэй хувьцаа манайд хамаагүй. Энгийн хувьцааны 34 хувь гэж үзвэл Монголд Оюутолгойн 6.8 хувь л хамаатай. Өрмийг нь хүнд хамуулаад хусман дээр зодолдохоо больё" гэхэд Сангийн сайд тайлбар хийхээр индэр рүү зүглэсэн.
Тэрээр "Энэ асуудлаар дахиж индэрт гарахгүй. Энд хэн худлаа ярьдаг вэ гэдгийг хэлэх гэж байгаа юм. Намайг Япон руу явчихсан байхад, миний хажууд суудаг Н.Батбаяр гишүүн юу гэж хэлсэн бэ гэхээр "Энэ гэрээг унагамаар байна, Баярцогт хятадуудад өгөх гэж байгаа юм" гэж бүх хүнд ярьсан. Харин надад хэлсэн хүнийг одоо би шууд нэр зааж хэлье. Энэ бүхнийг надад Х.Баттулга сайд хэлсэн.
"Ерөнхий сайд С.Баяр хэлсэн" хэмээн 228 гишүүндээ хов хүргэх нь тэр. Ийнхүү тэрээр Ерөнхий сайд С.Баяр болон Х.Баттулга сайд хов ярьдаг гэдгийг ҮЗХ-ны гишүүд төдийгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон түмэнд илчиллээ. Нэг танхимд тохой залган суугаа сайд нь Оюутолгойн гэрээг батлуулахын төлөө байсныг нь С.Баярцогт сайд ийнхүү "магтан матав".
Сангийн сайдын хэлсэн үгнээс харахад УИХ, Засгийн газрын гишүүдийн хийдэг ажилд хов жив байдаг гэдэг нь илт.
Ингэснээр УИХ-ын гишүүд лобби хийж ил далд гүйдэг нь бүр тодорхой болов. Эрхэм гишүүд, сайд нар ямар нэг асуудлыг унагах, дэмжүүлэхдээ гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, хов ярьдаг байх нь. Энэ ажилдаа тэд ихээхэн цаг зарцуулах нь гарцаагүй. Учир нь дор хаяж 50-60 гишүүнтэй нүүр тулан уулзаж ярилцах хэрэг гарч таарна. Төрийн ордон дахь УИХ-ын гишүүдийн өрөө өрөөгөөр орно гэдэг хүмүүсийн нүдэнд өртөж мэдэх учраас зарим тохиолдолд хоолны ширээний ард ярилцдаг биз. Хууль тогтоох байгууллагын ажил нэг иймэрхүү өрнөж, эрхмүүд өдрийг ингэж өнгөрөөдөг байх нь ээ.
Уг нь эхнэр хүүхнүүдийн хов живт эрчүүд дуртай биш байдаг. Ер нь хов живийн талаар аятайхан үг ч байдаггүй шүү дээ. Хов жив хорт могойн хэл адил хорлонтой. Ховтой газар хэрүүлтэй. Хов жив ойр дотнын хүмүүсийг эвдрэлцүүлнэ гэх мэтээр буурлууд сургаал айлддагсан. Хэдийгээр АН-ын ҮЗХ-ны хурал буюу нам дотроо өөр хоорондоо учраа ололцох нь зүйн хэрэг биз. Гэхдээ олны өмнө Сангийн сайд С.Баярцогт ийнхүү аашилж, Ерөнхий сайд асан С.Баяр, Х.Баттулга сайд хоёрыг хөлдөө чирсэн нь хачирхалтай. Гэхдээ энэ алдаанаас АН-ын гишүүд суралцаж, цаашид бүх зүйлээ хөшигний ард ярилцдаг болж магадгүй л юм.
Д.Маралгоо