Айвенхоу Майнз “Хортой эм” хэрэглэсэн гэж Рио Тинто үзэж байна

2010/11/24
Share |
Хүмүүс:
Айвенхоу Майнз “Хортой эм” хэрэглэсэн гэж Рио Тинто үзэж байна

Сүүлийн үед Айвенхоу Майнз, Рио Тинто хоёрын харилцаа олон улсын шинжээчдийн анхаарлын төвд байна. Энэ оны 10 дугаар сарын 18-нд Айвенхоу Майнз Оюу Толгойн зэс-алтны төслөө санхүүжүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчиддээ хувьцаа худалдаж 800 саяаас 1 тэрбум ам.доллар босгох болсноо нийтэд зарласан нь энэ хоёрын харилцааг улам хурцатгалаа.

Хэдийгээр хоёр тал хараат бус арбитраар асуудлаа шийдвэрлэхээр маргалдаж буй ч “Оюу Толгойг эзэмших хамтарсан үйл ажиллагаанд ямар нэг саатал учруулахгүй” гэж тэд мэдэгдэж байна. “Оюу Толгой бол Рио Тинтод маш чухал. Айвенхоуд ч маш чухал. Монголд ч маш чухал. Оюу Толгой бол дэлхийн хэмжээний уул уурхай… Бид үйлдвэрлэлээ түргэн эхлэхийг хүсэж байна. 2013 онд үйлдвэрлэл маань эхэлнэ. Биднийг энд ярилцаж байхад ч үйл ажиллагаа урагшилсаар байгаа” гэж Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Т.Албанез Австралийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн бол Айвенхоу Майнзын гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд “Энэ маргаан нь Оюу Толгойг ашиглалтад түргэн оруулах явцыг огтхон ч сааруулахгүй” гэж бас хэлжээ.

Тэд төлөвлөснөөсөө өмнө буюу “2012 оны сүүлчээр анхны бүтээгдэхүүнээ гаргахаар тооцоолж байгаа” гэнэ.

Айвенхоу Майнз, Рио Тинто хоёр 2006 онд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан билээ. Энэ гэрээгээр бол Рио Тинто Айвенхоу Майнзын хамгийн том хувьцаа эзэмшигч болсон билээ. Одоогоор Рио Тинто Айвенхоугийн нийт хувьцаа эзэмшигчдийн хувьцааны ойролцоогоор 35 хувийг эзэмшиж байгаа. Хэрэв хувьцаа худалдаж авах баталгаагаа бүрэн хэрэгжүүлэх аваас хувьцаагаа 44 хувь хүртэл ч өсгөх боломжтой гэнэ.

Айвенхоу Майнз энэ оны 5 дугаар сарын 7-нд “хувьцаа эзэмшигчийн эрхийн  төлөвлөгөө”-гөө баталсан нь хоёр компанийн байгуулсан гэрээнд тусгагдсан “Рио Тинтогийн эрх ашгийг хөсөрдүүлсэн” гэж үзээд Рио Тинто “гуай” 7 дугаар сарын 9-нд арбитраар асуудлыг шийдвэрлэхээр өргөдөл гаргасан байдаг. Тэд Айвенхоу Майнзыг эдийн засгийн хэллэгээр “хортой эм” хэрэглэсэн гэж буруушааж байгаа юм байна.

“Хувьцаа эзэмшигчийн эрхийн төлөвлөгөө” буюу “хортой эм” гэдэг нь аливаа компани өөрийгөө бусдад эзлүүлэх, булаагдахаас хамгаалж зах зээлд ихээхэн хэмжээгээр хувьцаагаа гаргаж, хувьцааг худалдан авахад саад тотгор болж, үнийг нь өсгөхийг хэлдэг гэнэ. Бүр тодруулбал, хэрэв аливаа нэг компанийн нийт хувьцааны тодорхой хэмжээг ганц хувьцаа эзэмшигч худалдаж авсан тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчид тэр компанийн хувьцааг хямд үнээр худалдаж авах эрхтэй болдог байна.

Энэ оны 10 дугаар сарын 26-нд Роберт Фрийдланд Рио Тинтогийн арбитрт өгсөн заргыг эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ. Энэ мэдэгдэлд Айвенхоу Майнзын хэрэгжүүлсэн “хувьцаа эзэмшигчийн эрхийн төлөвлөгөө” нь Рио Тинтогийн Айвенхоу Майнзтай байгуулсан “гэрээнд тусгагдсан эрхийг зөрчөөгүй” гэжээ. Мөн 2006 оны 10 дугаар сард байгуулсан гэрээндээ тусгасан “Айвенхоу Майнзын үйл ажиллагаанд Айвенхоу Майнзын зөвшөөрөлгүйгээр оролцохгүй” гэдэг  заалтаа Рио Тинто зөрчлөө хэмээн өргөдөл гаргаж. Хараат бус арбитрт энэ хоёрын хэргийг дараа жилийн 1 дүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 5-ны хооронд сонсохоор төлөвлөж байна.

Хувьцаа эзэмшигчиддээ хувьцаагаа худалдаж босгосон мөнгөө Оюу Толгой төслийн үйл ажиллагааг түргэсэхэд зориулна гэж Айвенхоу Майнз мэдэгдсэн. Тэдэнд дор хаяж 4 тэрбум ам.доллар хэрэгтэй. Тэд Монголын Засгийн газартай байгуулсан гэрээндээ нийт хөрөнгө оруулалтын санхүүжилтыг гадаадын хөрөнгө оруулагчид бүрэн хариуцна гэж тусгасан. Харин Рио Тинто мөнгө босгох өөр ашигтай хувилбарууд бий гэж үзэж байна. Айвенхоу тэдэнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, хувьцаагаа худалдаж мөнгө босгох нь хамгийн ашигтай арга гэж хариулсан. “Хувьцаагаа худалдах нь Айвенхоу Майнзыг санхүүгийн хувьд бат суурьтай болгож, Оюу Толгойн зэс-алтны уурхайн цогцолборыг төлөвлөсөн төлөвлөгөөнөөс урьдчилан 2012 онд ашиглалтад оруулахаас гадна компанийн бие даасан байдлыг бататган хувьцаа эзэмшигчдийн хувьцааны үнэлгээг  дээшлүүлэх стратегийн арга замыг сонгох бололцоог олгоно” гэж Роберт Фрийдланд хэлжээ. Мөн хувьцаагаа худалдсанаар Монголын Засгийн газарт амласнаа биелүүлж байгааг харуулах алхам болно гэж Айвенхоу Майнз мэдэгджээ. Хэрэв тэд хувьцаагаа амжилттай арилжиж чадвал Рио Тинтогийн хяналт оролгүй хөрөнгө босгож чадна гэж нэгэн вебсайт дээр бас бичжээ.

Олон жилийн хүч чармайлтын үр дүнд, 2009 оны 10 дугаар сард Монголын Засгийн газартай Айвенхоу Майнз, Рио Тинто хоёр Оюу Толгойг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан бөгөөд урьдчилсан төлөвлөгөөр бол 2013 оноос үйлдвэрлэлийг эхлүүлэх тооцоотой байсан.

Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Рио Тинто Оюу Толгойн төсөлд шууд бус эзэмшлийн сонирхолтой. Тэд Айвенхоу Майнзын хувьцаагаар дамжин Оюу Толгойг эзэмших эрхтэй. Гэхдээ Рио Тинто өөрийн хувьцаагаа шууд эзэмших хөрөнгөөр солих сонирхолоо илэрхийлж байжээ.

Олон улсын ажиглагчид Айвенхоу Майнз, Рио Тинто хоёрын харилцаанд хагарал гарлаа гэж үзэж байна. “Монголын Засгийн газартай Хөрөнгө оруултын гэрээг байгуулахын тулд нэгдэн тэмцэж байсан хоёр талын харилцаанд хагарал гарсан нь дамжиггүй…. Монголын Засгийн газартай байгуулсан гэрээг бүтээхэд Рио Тинто Айвенхоу Майнзад бүхий л талаар туслаж, голлох үүрэг гүйцэтгэсэн. Гэрээг байгуулснаар бүтээн байгуултад их хэмжээний мөнгө цутгах бололцоо буй болсон. Тиймээс одоо бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ үед хоёр компани зөрчилдсөн нь үнэхээр сонирхолтой байдал үүсгэлээ” гэж канадын нэгэн ажиглагч хэлжээ. Гэхдээ энэ зөрчил хэр ноцтой нь ойрын хоёр гурван жилээс мэдэгдэх бололтой.

Хоёр талд Оюу Толгойн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны цаг хугацаа, санхүүжилтийн хувьд зарим нэг санал зөрөлдсөн асуудлууд бий гэж Айвенхоу Майнз дурдсан байна. Харин Рио Тинто энэ талаар олон нийтэд ямар нэг мэдэгдэл хийгээгүй ажээ.

Роберт Фрийдланд дахин гүйцэтгэх захирал (CEO) болжээ

Өнгөрсөн 10 дугаар сарын 18 буюу Айвенхоу Майнз Оюу Толгойн төслөө санхүүжүүлэх 1 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгох төлөвлөгөө зарласан өдөр Роберт Фрийдланд дахин тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо. Тэрбээр 2006 он хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлын албыг 10 жил хашаад, түүнээс хойш удирдлагын хорооны даргын албыг гүйцэтгэсээр иржээ. Ажиглагчид энэ үйлдлийг санамсаргүй биш гэж үзэж байна.

Айвенхоу Майнз компанийн үндэслэгч, тус компанийн бараг 20 хувийн хувьцааг эзэмшдэг Роберт Фрийдланд анх 1996 онд Зүүн Канадын Войсийс Вэй зэс-никелийн орд газрыг 4.2 тэрбум ам.доллароор зарж их мөнгө олжээ.

Төслийн үйл ажиллагаа эрчимжиж буй энэ үед Роберт Фрийдланд бүх явцыг хянаж, гартаа зөв хөзөр атгаж байхын тулд дахин гүйцэтгэх захирал болсон бололтой. “Хэрэв гуравдагч этгээд Оюу Толгойн төсөлд гараа дүрж, Айвенхоуг хянахыг оролдвол Фрийдланд бэлэн байж, гартаа зөв карт атгаж байхыг хүсэж байгаа гэж би бодож байна” хэмээн нэг гадаадын ажиглагч хэлсэн.

2006 оноос Айвенхоугийн гүйцэтгэх захирал хийсэн Жон Маккенс Оюу Толгойн төслийн бүтээн байгуулалтыг гардаж удирдан ажиллах юм байна. “Жон бүх анхаарлаа Монголд өрнөж буй бүтээн байгуулалтанд төвлөрүүлнэ. Тэрбээр Оюу Толгойн алт, зэсний үйлдвэрлэл 2012 оны сүүлээр анхны бүтээгдэхүүнээ гаргах бүхий л бололцоог шавхах болно” гэж Роберт Фрийдланд түүний тухай ярьжээ.

Айвенхоу Майнз өнгөрсөн 9 дүгээр сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд нэгж хувьцааныхаа таван хувийг алдсан. Энэ нь жилийн өмнө нэгж хувьцааны 18 хувь буурсан буюу 69.8 сая доллар алдсанаас харьцангуй сайн үзүүлэлт бололтой. Тэдний орлого 11.9 саяас 6.6 сая ам.доллар болсон байна. Хайгуулын зарлага 40.9 саяас 48.1 сая ам.доллар болж. Компанийн нийт зарлага 63.4 саяас 80.1 сая ам.долларт хүрч.

Айвенхоу Майнз бол Азийн Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаагаа төвлөрүүлдэг Канадын Ванкувер хотод төвтэй уул уурхайн компани. Харин Рио Тинто бол Лондон хотод төвтэй уул уурхайн компани билээ.

Чухам Рио Тинто Айвенхоу Майнзийг булааж авах сонирхол өвөрлөсөн үү? Эсвэл Айвенхоу Майнз хэт хамгаалсан бодлого хэрэгжүүлсэн үү? гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байх шиг байна. Энэ хоёрын зөрчил хэрхэн өрнөхийг бүгд л ажиглаж, дүгнэлт хийхээс зайлсхийж байна. Айдгаа авдрандаа хийлээ гэдэг шиг Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныхаа дараа энэ хоёрын ашиг сонирхолын зөрчил ил гарч буй нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татлаа. Гэхдээ ямартаа ч энэ хоёр зөрчлөөс болж Оюу Толгойн төслийн үйл ажиллагаа доголдохгүй нь баталгаатай бөгөөд хоёр тал асуудлыг хурцатгалгүй шийдэх эрмэлзэлтэй байгаа бололтой.

Х.Эрдэмбилэг

Эх сурвалж: “Монцамэ”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.