Тэрбумтнуудын өвөрмөгц хобби

2010/11/26
Share |
Хүмүүс:
Тэрбумтнуудын өвөрмөгц хобби

Тэрбумтнуудын хобби зөвхөн дарвуулт завь, хурдан морь, хуучны ховор эдлэл, супер зам, автомашин биш бололтой. Заримдаа тэд хачин жигтэй зүйл сонирхдог байна. Баячуудад орлого авчирдаггүй харин ердөө чөлөөт цагаа таатай өнгөрүүлэхэд зориулсан ажил байдаг ажээ. Ингээд тэднийг чухам юу сатааруулдаг болохыг сонирхцгооё.
Газрын тосны магнат Жон Рокфеллерын өв залгамжлагч, түүний ач Дэвид Рокфеллер цох хорхой цуглуулдаг гэнэ. Тэр бүр 7 настай байхдаа энэ хатуу далавчит амьтныг цуглуулж эхэлжээ. Дэвид аялалд гарах бүртээ ер бусын шавьжтай тааралдаж магадгүй хэмээн үргэлж хайрцаг халаасалдаг байна. Түүний цуглуулгад Антарктикаас бусад бүх тивээс авчирсан цох байдаг гэнэ. Тэрбумтан цуглуулгаа Нью-Йорк хот дахь гэртээ тодорхой хэмтэй ваакуумжулсан саванд хадгалдаг бөгөөд түүний цуглуулгад энэ амьтны гайхалтай ховор төрөл болох скарабей гэдэг Египетийн Фараоны шүтдэг байсан цох байдаг ажээ. Тэр ч бүү хэл энэ ховор төрлийн цохоо тэрбээр өөрийнхөө нэрээр «Diplotaxis rockefelleri» гэж нэрлэсэн байна. Рокфеллер бүх цуглуулгаа Харвардын амьтан судлалын музейд өгөхөөр хэдийнэ гэрээслэжээ.
Америкийн «Bank of America» банкны хувь эзэмшигч, банкны тэрбумтан Клемми Дайксон Спенглер хуучин цагтай ноцолдож цагийг өнгөрөөх дуртай нэгэн гэнэ. Тэр Рокфеллерын адил бүр хүүхэд байхаасаа ийм хоббитой болжээ. 45 жилийн өмнө Спенглер ээжийнхээ бэлэглэсэн, 1700-гаад оны үед зогссон цагийг задалж үзэхээр шийдсэн байна. Түүнээс хойш тэр олон арван цаг засжээ. Спенглер оффисийнхоо хажууд зориуд барьсан засварын газартаа цаг засдаг байна.
«Би амьдралынхаа ихэнх хэсгийг хүмүүстэй өнгөрөөдөг, тэд маш тогтворгүй, урьдчилан тааварлахын аргагүй байдаг. Харин цаг бол тогтвортой урьдчилан хэлэх боломжтой байдаг нь надад сайхан байдаг юм» гэж банкны эзэн тайлбарлажээ.
Бас нэгэн тэрбумтан Гордон Гетти чөлөөт цагаа дуурь зохиоход төвлөрүүлэхийн тулд нефтийн бизнесээ орхижээ. Тэр өөрийн хамгийн алдартай бүтээлийг Шекспирийн зохиолын баатрын нэрээр «Фальстаф» гэж нэрлэсэн байна. Хэвлэлд гарсан мэдээнээс үзвэл, тэрбумтан Оросын үндэсний найрал хөгжимтэй хамт дууриа найруулан тавьжээ.
 Хөл бөмбөгийн клубын эзэн, тэрбумтан Жеймс Айрсигийн хөгжмийн сонирхол нь түүнийг хөгжмийн зэмсэг цуглуулахад хүргэсэн байна. Түүний цуглуулгад Жорж Харрисон, Жерри Гарсиа нарын тоглож байсан гитар байдаг ажээ. Жеймс Айрси алдартнуудын тоглож байсан гитаруудыг үнэлж баршгүй зүйл гэж үзэн тэдгээрийг цугуулахад мөнгө хайрладаггүй байна.
Америкийн бас нэгэн тэрбумтан Алан Кейсден эртний Европын 1500 гаруй зоос цуглуулжээ. Шинжээчдийн дүгнэснээр түүний цуглуулга 40 сая орчим долларын үнэтэй гэнэ. Цуглуулгад Европын анхны бослогын дурсгалд зориулсан хүрэл зоос байдаг байна.
Харин тэрбумтан Гэри Магнесс өнгөрсөн зууны 50-70 оны хуучны гоёмсог автомашин цуглуулдаг. Одоо түүний цуглуулгад 40 тийм машин байдаг. Түүнээс гадна Гэри жилд хэд хэдэн удаа Мексик, Лас-Вегасын бартаат замд болдог мэргэжлийн уралдаан болох «Манго» уралдааны манлайлагч юм.
Дэвид Грин шашны сэдэвтэй ном судар цуглуулдаг. Түүний цуглуулгад эртний Тора судраас МЭ-ний хоёрдугаар зуунаас Шинэ гэрээг муутуу цаасан дээр бичиж эхлэх хүртэлх үеийн шашны 30 мянга гаруй ном байдаг ажээ. Одоо Грин Библийн музей байгуулах байр хайж байгаа гэнэ. Үүнээс гадна тэрбумтан буяны үйлс болгон 100 орны хүүхдүүдэд евангел судрыг 420 сая гаруй хувилан тараасан байна.
Дэлхийн шилдэг дилерүүдийн нэг Билл Грос шуудангийн ховор марк цуглуулдаг. Марк цуглуулахыг түүнд ээж нь зөвлөжээ. Одоо Гроссын цуглуулга манай гарагийн хамгийн баялаг цуглуулгын нэг болсон байна. Тэрбумтны хамгийн дуртай маркийн нэг нь 1869 онд гаргасан АНУ-ын «Z-Grill» гэдэг нэг центийн үнэтэй марк юм. Сүүлийн хэдэн жилд Гросс маркаа үнэ хаялцуулах худалдаагаар хэд хэдэн удаа худалдаж, түүнээс олсон мөнгөө «Хил хязгааргүй эмч нар» байгууллагад хандивлажээ.
Иймэрхүү гайхмаар хачирхмаар үйл ажиллагаагаараа өөрсдөө ямар ч ашиг олдоггүй Өрнөдийн баячуудыг бодвол Оросын саятнууд аливаа хоббиг арилжааны төсөл болгон хувиргадаг байна.
Английн мастиф гэдэг үнэт үүлдрийн нохой голдуу үржүүлдэг хөрөнгө оруулалтын «Пилгрим Эссет Менеджмент» компанийн ерөнхийлөгч Роман Гольниковын хобби хамгийн ер бусынх нь биз ээ. Тэрбээр мэргэжлийн бус бизнесээ эхнэрийнхээ хамт эртнээс хийж эхэлжээ. Гэхдээ нохой үржүүлгийн газар нь аж үйлдвэрийн хэмжээнд хүрч, тэд «Mastiffhills» гэдэг нохой үржүүлгийн газар нээсэн бөгөөд тэнд үржүүлсэн шилдэг үүлдрийн нохдоо дэлхийн үзэсгэлэн оролцуулдаг гэнэ.
«Олимпстрой» компанийн тэргүүйн Таймураз Боллоев эрчүүдийн хувцасны зах зээлд нэрээ бататгаж авахыг удтал оролджээ. Ингээд тэрбээр таван жилийн өмнө эрэгтэй хүний хувцас үйлдвэрлэдэг томоохон «ФОС-П» компанийн хувь нийлүүлэгч болжээ. Энэ компани сүүлд «БТК групп» гэж нэрээ өөрчисөн байна. Гэвч бизнес нь бүтэхгүй болохоор Таймураз чиглэлээ өөрчилж тусгай хувцас үйлдвэрлэх болжээ. Ийнхүү түүний «БТК групп» компани цэргийн парадад оролцогч цэргийн албан хаагчид болон цэргийн дээд сургууль төгсөгчдийн дүрэмт хувцсыг нийлүүлдэг цорын ганц компаниар батлагдсан байна. Түүнээс гадна тус компани Оросын төмөр замын РЖД, «Сапсана» компанийн тусгай галт тэрэг болон «Аэрофлот»-ын үйлчлэгчдийн хувцсыг оёдог болжээ.
Оросын мэдээлэл технологийн үйлдвэр худалдаа эрхлэгч, «ABBYY» компанийг үндэслэгч, түүний захирлуудын зөвлөлийн дарга Давид Ян зургаан жилийн өмнө нэгэн кафе нээснээр рестораны бизнест гялалзтал орж иржээ. Эхэндээ тэрбээр кафегаа найзуудтайгаа уулздаг газар байхаар нээсэн аж. Гэвч кафе нь төд удалгүй оюутнуудын ирэх дуртай газар болж, орлого олж эхлэсэн байна. Одоо Давид Ян Москвад тийм 5 дахь кафе нээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Оросын баячууд дотроос Роман Абрамович ганцаараа тэднээс өөр байдаг байна. Тэр зүгээр л сонирхлынхоо дагуу, Английн хөлбөмбөгийн алдарт «Челси» багийг санхүүжүүлдэг ажээ.
Дашрамд дурдахад, дэлхийн 10 тэрбумтны нэг нь Швейцарт амьдардаг бөгөөд тус орны хүн амын 3 хувийн хөрөнгө нь үлдсэн 97 хувийнх нь хураасан хөрөнгөтэй тэнцдэг байна.
Д.Жаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.