Хөгжил гэдгийг үзэцгээе, монголчуудаа

2010/11/30
Share |
Хүмүүс:
Хөгжил гэдгийг үзэцгээе, монголчуудаа

Монголчууд үл хүрэх газар эрт дээр эзэн Чингисийн үед ч байгаагүй, эдүгээ ч мөн адил. Нэгэн цагт дэлхий ертөнцийг өлмий дороо бөмбөрүүлж явсан манай дайчин эрс хүлэг морьдынхоо эрч, хурдан нумынхаа хүчээр харь оронд аянга мэт бууж дайны талбарт ялахаас өөрийг үзэлгүй давшиж олзолсон эд юмс, эмс хатадыг нь эзэмдэх гэж чөлөө завгүй хөшилдөж байхад тэдний эхнэрүүд ар талд нь эзэнт гүрнээ эрхлэн удирдаж үр хүүхдээ өсгөж байлаа. Эдүгээ ч ялгаагүй энэ тогтолцоо амь бөхтөй оршсоор л байна. Гэхдээ орчин цагын элгэнд бид элэнц уланцынхаа тэр түрэмгий явдлаас татгалзаж өөр замаар явж байгаа л даа.
Доороо залуус  нь дээд сургууль дөнгөж төгсөөд л ажилгүйчүүдийн эгнээнд орж эх орноосоо эрээд олоогүйг гадаадаас олохоор ар гэрээ барьцаанд тавьж, ард нь үлдсэн хэдийгээ Гандан хийдэдээ даатгаж орхиод одож байна. Дээрээ ч мөн адил, өндөр албаны томчуул маань гадаад орноор олз хайж явсаар зүгээр авчихмаар юм, авчраад хөгжчихөөр аятайхан наймаа, илтгэл яриандаа байнга хэлж байгаад дэвшчихээр шинэ санаа юу байна гээд л эх орноо хөгжүүлье хэмээн зүтгээд байхад хөгжиж өгдөггүй улс орон, түшээд байхад л өөрөө унахчих гээд байдаг төр засгаа яаж төлөвшүүлье, бэлэн мөнгө өгөөд, бүх татвараас чөлөөлөөд байхад амьдрал нь дээшилдэггүй малчид, өсгөе гээд байхад л үхээд байдаг мал сүргээ яажшүүхэн авч үлдэе дээ гээд л шар махтайгаа хатаж явна шүү дээ. Нөгөө нэг хэсэг нь улс орны маань нүүр царай болсон манай бизнесийнхэн. Тэд нар маань л энэ монгол орныг авч явна шүү дээ. Хаана хандив тусламж, хаана үнэгүй халуун ус барьж, хэнд халамжийн хандив өхөв, залуу бүсгүйчүүд цаашид сурч боловсрох зардалгүй бол эхнэрээ болгоод ч гэсэн авч байгаад л арыг нь дааж, цагаан сараар ард иргэд маань хоол шүүсээ амталчих юмгүй ядаж байхад нь эрсээр яваад  арай гэж кетчуп олоод явуултал цаад мангарууд нь андуураад виски ачуулчихсан байгаам даа. Гэхдээ яахав ээ, яахав виски-гээр ч гэсэн болгоно доо, болгоно, монголчууд. Заавал кетчуп гээд яахав дээ тиймээ. Биднийхээ төлөө зүтгэж  байгаа санаа нь байнштээ зайлуул. Үүнээс илүү яах юм тэд.
Та хардаа маршалын гүүрийг бид нар гуравхан жил засаад л хүнд танигдахааргүй сайхан болгочихсон байна шүү дээ.  Хотынхоо зарим замыг дэлгэрхэн зуныхаа гурванхан сараар хааж байгаад л засаад өглөө. Харин бусад оронд бол замыг хөл татарсан шөнийн цагаар засч өглөө нь онгойлгодог юм билээ. Нэг шөнө хуучин асфальтыг хуулж ачаад дараагийн шөнө нь асфальт тавчихсан, дараа шөнө нь тэнхлэг зурвас татчихсан байдаг. Хөгжил гэдэг энэ шүү дээ. Гэхдээ ч бид хөгжөөгүй бус хөгжиж л байгаа биздээ бас чиг гэж. Хуучин Богд хааныхаа сунтгаас  олж атгаад л боллоо гэж байсан монголчууд одоо бодит амьдралын сайхныг биеэр эдлэхийг хүсцгээж  байна. Хөдөө айл болгоны гадаа нэг суудлын тэрэг эсвэл мотоцикл юмуу бүр дор хаяж л "пад пад" хэмээх трактор байна шүү дээ. Хэдэн зуун мориных нь хүчийг ганц дан өвч биедээ агуулсан өөрийн гэсэн машин унаатай боллоо. Энэ хөгжил биш юм уу, аан?
Ингээд байхад л үгүй ер нь яажшүүхэн хүн шиг амьдрая даа байз, сонгууль ч ойрдоо болохгүй, энэ засаг төр ч нөгөө амалсан эх орны хишгээ өхгүй, хэцүүхэн байна даа гээд л уруу царайлаад байх юм тэд нар. Хотод бол машин нь хүнээсээ олон болоод явах газар байтугай, тавих газар ч олдохгүй амьдаараа оршуулгын газарт нутаглаж буй иргэдээ яая гэж байхад бас хажуугаар нь энэ олон машин гараад ирлээшдээ. Гэсэнч аливаад авхаалжтай хотын удирдлагууд маань хүүхдүүдээ байрныхаа хонгилд тоглуулах арга ухаан сэдэж олоод талбайд нь гарааж барьж энэ бэрхшээлээс амархаан гарч байсан шүү дээ.
Гэтэл энэ гадаадад гарсан нөхдүүд "юм үзэж нүд тайлсан" гэхээр бүр даврах гэж. Хөгжил гэдэг эд баялгийн цуглуулгыг зөвхөн улс төр, эдийн засгийн өгөгдхүүнээр хэмжихийн нэр биш гээд байх юм. Энэ үйлийн үрт монгол хүний амьдралыг бүхий л талын мэдлэг чадвар, ёс суртахуун, өв соёл, эрүүл мэнд, зан заншил, мөс жудаг, хүмүүжил боловсрол гэх мэтийн есөн шидийн юм хамруулан ойлгох хэрэгтэй гэнээ. Ийм хачин юм ямар золиг нь хэлчихсэн бүү мэд. Тэгсэн одоо энэ бүхнийг нөгөө бидний мөрөөдөөд байгаа нээлттэй нийгэм маань шаардаад байдаг. Зам нь там, хот нь хог, уугуул нутаг нь ухсан нүхэнд талхлагдан, ой мод нь ойрдоо сэргэхгүй болчихсон, банк нь байсхийгээд л дампуурдаг, нисэх онгоц нь найдваргүй, төрийн түшээд нь худал амладаг, шүүх цагдаа нь иргэдийнхээ эрхийг  зөрчдөг, иргэд нь цаг баримталдаггүй бол хүмүүс бидэнд яаж хандаж, бид  яаж цаашаа хөгжих юм гээд л байх юм. Тэгээд энэ бүхний эхлэл нь хүний ухамсар сэтгэхүйд ургах ёстой юм гэнээ. Бид арвин их баялагтай ч түүнийгээ зөв эзэмших туршлага, арга ухамсар, туулсан амьдралд маань ч, тархи толгойд маань ч дутаад байгаа юм байх. Харин тэр арга ухамсар гээч нь хүний сэтгэхүйд ургадаг болохоор газар ухаад л гаргаад ирдэг бус ой ухаандаа  л бүрэлдүүлэх ёстой зүйл гээд л  ...  нэг юм хэлэх гээд л байна даа тэд .
Гэхдээ аливаа юманд чанар гэж бас бий. Мөн үү. Хөгжилд ч мөн адил. Улс орны хөгжилд эдийн засаг нь нөлөөлдөг ч гол үндэс нь нөгөө л хоёр хөлтөй хохьмой толгойтой  хүн л гээд байгаа юм. Үндэсгүй бол үхэшгүй мөнхийн цэцэг ч, халгай шарилж ч ургахгүй. Тийм үү. Иймээс алтанд нь хичнээн шижир, агаарт нь  хичээн хүчилтөрөгч бий вэ? гэх мэтээр хүнд нь ямар чадвар, тархинд нь ямар мэдлэг бий вэ? гэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Тэхлээр хөгжлийн түлхүүр нь арвин их баялаг ч бус, алт эрдэнэс ч бус бүрэн боловсролтой, бүтээх чадвартай хөгжингүй хүн болох нь. Хөгжлийн түлхүүр болох хүмүүсээ  хөгжүүлж байж л хөгжилд хүрнэ гээд байгаа юм.  Ингэж л ядуурлаас гарах нь. Энэ гарц нь яах ч аргагүй хөгжил болж таарах нээ. Болтугай, болтугай. Хөгжилд дөрөөлөхийн тулд мэдлэг боловсролтой иргэнтэй болох нь. Гэхдээ хичнээн мэдлэгтэй ч  бүтээх чадваргүй, орчин цагын  мэдээлэлгүй бол бас л хэцүү байгааг бид одоо л үзэж байна даа. Ингээд арай гэж нэг юм хөгжих гэхээр л энэ олон саад бэрхшээл борооны дараах мөөг шиг гарч ирэх юм даа. Ядуурлын анхдагч эх сурвалж нь ерөөс энэ мэдээллийн хомсдолд л байгаа ч юм уу?  Хөгжил гэдэг хөгжие гэж хэлээд л хүрээд ирдэг зүйл биш байгаа биз. Түүний тулд бид хөгжлийн өнөөгийн болон хэтийн чиг хандлагаа тууштай тодорхойлж хоёр нарны хооронд гурван гараар ажиллах хэрэгтэй болж байна. Тиймүү. Тэгвэл хоёр суурь машин дээр зэрэг ажилдаг байсан хөдөлмөрийн баатар, оёдолчин Амгалан шиг бай гэсэн санаа мөнөөдөө. Харин та бид нар тэгж ажиллаж чадах юм уу? Гурван гар байхгүй гэж үү? Гуравдахь гар нь юм хийе, бүтээе гэсэн эрмэлзлэл, зүтгэл нь. Тэгээд л хөгжинө дөө хөгжинө энэ Монгол Улс.
Бидэнд хэрэглээнийхээс гадна тууштай хөгжлийн хэтийн бодлого, менежмент түүнийг нь хэрэгжүүлэх байгууллага, банк санхүү бүгд л дутаад байгаа юмуу? Үгүй шүү дээ. Хөгжлийн мэргэн гарц, оновч программ, түүнийг хэргэжүүлдэг чадварлаг боловсон хүчин, шинэлэг технологи, судалгаа, туршлага, эрдэм шинжилгээний алхам бүрийг олж дэмжиж хэтийн бодлогыг дагнан боловсруулдаг төрийн агентлаг, үндэсний эрх ашиг бүхий томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулдаг  чадавхтай банк бүгд л бай...  Юу билээ, нөгөө Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банк, Сэргээн босголтын банкаа бид чинь яачихлаа даа байз. Эдгээр банкууд үндэсний хөгжил, шинэчлэлийн зээлийг сохор улаан мөнгөгүй болтлоо олгосоор эцэст нь тодорхой хэдэн газар, хувь хүнд хэрэглээний зээл тараасан ч юмгүй дампуурчихсан билүү. Дампууруулсан ч билүү. Улсын хөрөнгөөр боссон тэднийг  дампуурах гээд байхаар нь нөгөө л төр засаг маань харж үзээд хувийн өмчийн банкуудтай нэгтгэсэн билүү. Одоо арилжааны банкууд хөгжөөд яаж байна та хардаа, олигархуудын гараар хөөрөг мэт зүлгүүлсээр өнгө ороод бүр жавхайж  байна шүү дээ. Дээрх хоёр жавхайгаагүй гэж үү? Сайн гараар ороогүй байж яаж жавхайдаг  юм тэд. Заяа нь л  тэр байхгүй юу.
Шинийг сэдэж нэвтрүүлэх иргэдийн идэвхийг дэмжих бодлого өнгөрсөн төр засагт ерөөс байсангүй. Цаг хугацаа хийх бүтээхдээ шахагдсан өнөөгийн манай засагт ийм нөхцөлд давамгайлах хүчин зүйл гэвэл хөрсөн доорхи баялаг, түүнээсээ ядуурч үхэх гээд байгаа ард түмэндээ нэн түрүүнд хишиг хүртээх явдал гэхэд та надтай маргахгүй байхаа. Тиймүү. Тэхээр ард түмэн маань баялаг бүтээх гэж үйлээ үзэхгүй бас зовохгүй бэлнээр аваад л, аваад л… байх нь.
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ нэмэгдэж, газрын баялаг сайтай Монгол орон өнөөдөр геополитикийн хувьд урьд өмнө хэзээ ч, хаана ч хүрч байгаагүй асар өндөр ханшин дээр олимпийн аврага болохоор биеийн жингээ шалгуулж буй тамирчин мэт дэнслүүлж байна. Энэ бол бидний хувьд урьд өмнө олдоогүй, цөөн тохиолдох боломж бөгөөд цаашид хөгжихөд хөл тавих гол тулгуур нь гээд байна даа, цаана чинь юм мэддэг хүн.
Эзэн Чингисийн үед морины хурдаар дэлхийн талыг эзэлснээс хойш мах иддэг ам, малд барьдаг шилбүүртэйгээ үлдээгүй шүү дээ бид чинь бас чиг гэж ах нарынхаа буянаар, нэгэн цагт гадаад мэргэжилтнээр бүх ажлаа хийлгээд санаа амар явж, сайхан жаргаж байлаа шүү дээ. Харин өнөөдөр  морины хурдаар ч бус, гадаад мэргэжилтний гараар ч бус өөрсдөө баруун тархиныхаа багтаамжаар өөсдрийнхөө амжиргааг дээшлүүлэн үр хүүхдүүдийнхээ ирээдүйг баталгаажуулах хөгжлийн амаргүй  цаг нэгэнт  тулж ирлээ. Энэ цагыг монголчууд олон зуун жил мөрөөдөн хүлээсэн билээ. Ийм үед л төрийн толгойд мэдээлэл, мэдлэгтэй, наймаанд найгүй сайн, тамдаггүй гүйлгээ ухаантай бас аягүй шудрага хүн байг. Эх орныхоо хөгжил, үндэсний эрх ашгийн төлөө шүү дээ. Эзэн Чингисээ өнгөрөөсөн, их Богдуудаа дуусгасан, С.Зоригоо  алуулсан бид чинь одоо яадаг билээ гэж үү? Юу юуны туханд хүрэлгүй санаагаар бүү уна л даа. Цаана чинь үндэсний эрх ашиг ургалч үзэл бодол, олон ашиг сонирхолыг нэгэн дор нэгтгэж чадсаныг өнөөдрийн Батбодлын... бишээ Батболдын хамтарсан засгийн газар харуулж эхэллээ. Бид эв эвийг хичээвээс мэдэхгүй чадахгүй зүйлгүй... гээд бидний удирдлага аль дээр хэлж  байсныг ойлгох ч үгүй, ойшоож хэрэгжүүлэх ч үгүй явсаар л өдий хүрсэн байна шүү дээ бид чинь. Төр засаг маань өнөөдөр чухам юу хийж, цаашдаа юу хийх гээд байгаагаа олон түмэнд мэдээлэл өгч эхэллээ. Юу?  Үгүй дээ, бүр яг үнэнээр нь.  Одоо бид чинь үйл ажилгаа нь нөлөөгүй толь шиг, үүд хаалга нь үргэлж нээлттэй, мөнгө амалвал бүхнээ нээдэг, өөрийнхөө тагнуулаа хүртэл гадаадад өөрсдөө илчилж чаддаг найгүй үнэнч шудрагаараа дэлхийд дээгүүр ордог засаглалтай орон болчихоод байна шүү дээ. Та нар яагаад үүгээрээ бахархаж болдоггүй юм гэж сайд нар маань мөн ч их хэлж байна даа бидэнд. Үүнийг нь бас л ойлгох ч үгүй ойшоох ч үгүй ингэж ядарлаа, тэгж ч зүдэрлээ гээд л орилолдоод байдаг. Хуучин засгийн үед голдуу л дан магтаал ерөөл болж амин чухал зүйлийн тухайд амандаа ус балгасан мэт ганц үг ган хийхгүй байж байснаа л олон  түмнийг сэрт хийлгэсэн нэг маапаантай асуудал гэнэт босч ирдэг байлаа. Гэтэл тэр нь аль хэдийнээ болоод өнгөрчихсэн түүнд нь манай төрийн томчуул мөн аль хэдийнээ л хутгалдчихсан байдагсан. Төрийн түшээд маань ил тод байхаас гадна ам ажил нь зөрдөггүй, авилга хахуулд өртдөггүй, ажилдаа зарчимч, аливаад шудрага,  мэдлэг чадвартай хүмүүс байх төдийхөн л үлдлээ дээ бусад арга ухаан нь ч бүгд л байна даа байна. Байсхийгээд л хэлсэн ярьснаа,  хэлэлцэж тохирсноо өөрчлөөд байвал хэн бидэнд итгэх бол. Хөрш ч бай гуравдагч орон ч бай манай баялагийг аль болох хямдаар авахыг л бодох нь мэдээж, гэхдээ бусад орон бас авна гээд өрсөлдвөл үнээ тэд хэдэн зуу дахин ч өсгөж чадна. Тэр сонирхолд л дөрөөлж байгаад цаадуулаасаа олигтойхон юм салгах юм шүү ноёдуудаа. Бид хөрсөн доорхи баялагаараа гаднынханд монголд ирэх ашиг сонирхолыг нь дүрэлзүүлж, шүлсийг залгиулж  байгаад энэ хэргийг чулуу болгоё. Хэрэв тэгээд болдог бол ардууд бид амьдадаа энэ хөгжил гэдгийг үзье л дээ.
Зах хязгаар нутаг эзгүйрч тэнд эзэн суухаар харийн хүмүүс аль хэзээний бэлэн анаж байна ард чинь. Өөрийн газар нутгаа алдсан улс үндэстэн яаж зовж, түүнийхээ төлөө үе дамжин тэмцэж байгааг бид өдөр тутам үзэж харсаар л багаа биздээ. Тийм үү. Тэд эх орон, өсч төрсөн газар нутгаа алдах ямар хэцүү байдгийг бие сэтгэлээрээ амсч халуун амь, бүлээн цусаа зориулж байна шүү дээ. Газар нутгийн үнэ цэнэ гэж энэ. Монголчууд үүнийг мөн л  ойлгодог ч үгүй,  ойшоодог ч үгүй.  Гадаад орнууд өргөн уужим ч бай өчүүхэн бага ч бай өөрийн нутагтаа тархан сууршдаг юм билээ. Манайхтай адил хөдөөгөөс хотруу чиглэсэн их нүүдлээр хахаж дөрвөн уулынхаа дунд бүх ам нь төвлөрлөн сууршдаггүй. Иймэрхүүг гадаад орнуудад яаж тогтоодог гээч. Хүчээр тогтоодоггүй. Хаа нэгтээ хүн суурьшуулах шаардлага гарвал тэнд хөрөнгө оруулж ажлын байр бий болгож, амьдрах нөхцлийг нь сайжруулж, бүхий л боломжийн хөнгөлөлт үзүүлдэг тул хүмүүс тийшээ өөрсдөө л хуйлраад байх нь тэр. Тэхээр үүнийг тогтоох гол арга бол хөдөө нутгийг хөгжүүлэх. Мөн үү. Айраг хөгжихөд хөрөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Улс хөгжихөд  хөдөө нутаг хөрөнгө нь болно шүү, та нар харж л байгаарай. Харин тэнд дутагдаж буй эрх мэдэл, итгэлцлэл, сэтгэхүйн эрх чөлөөг зоригтой бий болгох л үлдэж. Эрх мэдлийг өргөжүүлж төсвийн тогтолцоог өөрчлөхгүйгээр орон нутгийг хөгжүүлэх гэвэл хиймэл цэцгээс бал горьдохын адил. Дотацийн зэрэгцээ өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эрх олгохоор л идэж уугаад дуусгах байх гээд л төрийн түшээдийн маань санаа зовоод байгаа нь зөв шүү дээ зайлуул. Тэр мөнгийг яаж үрдэг ...бишээ олдог билээ тэд. Ямарч эрх мэдэлгүй зөвхөн хэдхэн хүний цалин, тэтгэвэрийг тараахын тулд бол заавал засаг захиргаа энэ тэр гэж үйлээ үзээд ч яах юм. Томчуул маань өөрсдөө мөнгөө өвөртөлж ирээд тараагаад байвал төр ард түмний холбоос жинхэнэ  бэхжих бусуу.
Орон нутгийн засаг захиргаанд байтугай хувь хүнд ч өөрийн гэсэн хумсийн чинээхэн ч атугай эрх мэдэл байх л хэрэгтэй болдог доо. Дутууг нь гүйцээгээд дутагдлыг нь арилгаад байвал чиг хөгжинө дөө хөгжинө, бидний Монгол Улс.
Ингэж л бид хөгжингүй улсын эн зэрэгт хүрч тэдний гарын үзүүрт гүйдэг баньд ч бус, үйлдвэрлэлийнх нь хямд түүхий эдийн бааз ч бус, энэ тэнцүү эрхтэй түнш, итгэл даах нөхөр нь болчихоод мэлмий рүүгээ чичүүлэх бус мөр мөрөө алгадалцаж явья л даа. Манай Ерөнхийлөгч Амеркид ирээд
-Hi Barak, How are you, my frend?  гээд л дал  мөрийг нь алгадаж байх нь байна шүү дээ. Ямарав? Хүн болж төрсний эцэст хүний зэрэгтэй явж хөгжил гэдгийг  одоо л нэг  үзэцгээе, монголчууд аа.

Н.Бадарч /Арлингтон, Виржиния. АНУ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НаволокР¸ экстази где купить в харьковРµ Экстази в НелидовРµ спайс мытищи закладкР¸ АмфетамР¸Ð½ фен порох ЗакладкР¸ россыпь в Ливны Реагент в БалашовРµ Купить Кокаин в Белая ХолуницР° ЗакладкР¸ MDMA в НелидовРµ Купить Кокаин в Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ Ðº Купить закладкР¸ экстази в КраснокР°Ð¼ÑÐºÐµ Купить Гашиш в Ð¢ÑŽÐºÐ°Ð»Ð¸Ð½Ñ Ðº Купить Марки в ПикалёвР¾ Купить закладкР¸ LSD в Спас-дем
IP:141.101.132.222  2018-05-18 05:45:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.