Гишүүд сонгуулийн “туг”-аа төслөөр тахьчихав уу даа

2010/12/01
Share |
Хүмүүс:
Гишүүд сонгуулийн “туг”-аа төслөөр тахьчихав уу даа

Ер нь бодоод байх нь ээ, манай Сангийн сайд их буянтай, өглөгч, энэрэнгүй хүн юм аа. Хүний өөрийн, ар өврийн гэхгүй улсын хөрөнгийг тараавал тараасан шиг тараах юм. Тэгж хүн амьтантай адилхан татвар төлөгчдийн хөлс хүч, энэ тэр гэж бодон үс зүсээ гундаах ч үгүй. Зүгээр л хүний юм өргүй шүү дээ.

Наанадаж л, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гээчээр харийнханд хэчнээн их буян үйлдэв. Бас болоогүй ээ, танхимын хэддээ яаж зүгээр байхав. Гэрээний завсар зайнаас хэд гурван бор юм олоод атгуулчихсан гэж байгаа.

Харин энэ удаа ирэх оны төсвийн төслөөр парламентын хэдээ хагартал нь баярлуулж, сонгуулийн зам мөрийг нь засаж дахин нэг буян үйлдсэн юм байх аа. Өөрөөр хэлбэл, ирэх оны улсын төсөвт
эрх баригч хоёр намын сонгуулийн амлалт буюу энэ удаагийн иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийг хугасалж өгнө хэмээн тусгасан нь эрхэм гишүүдийн магнайг тэнийлгэсэн явдал болсон.

Тэгээд ч эрхэм гишүүдийн сонгуулийн амлалтаа биелүүлэх сүүлчийн жил таарч байгааг ч хэлэх үү, ёстой л жинхэнэ утгаараа буян гээч нь болсоон болсон.

Гэхдээ эрхэм сайдтан гуай энэ мөнгийг байгалийн баялгаас олж, олон түмэнд тараах гэнэ. Нөгөөтэйгүүр, таны өмч хөрөнгөний чинь хэлбэр дүрсийг төр өөрийн гараар хувирган буцааж олгоно гэсэн уг. Учир нь газар доорх байгалийн баялаг бол татвар төлөгч та бидний хуулиар олгогдсон өмч билээ.

Түүнчлэн энд нэг зүйлийг тодруулахад, төрхөмдөө хоёр ч удаа буцаагдан байж батлагдсан төсвийн төслийн алдагдал нь 690.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 8.6 хувьд хүрчихээд байгаа нь ирэх онд манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэхгүй юм гэхэд өр ширнээсээ өөдлөхгүй гэдэг нь тодорхой болох шив.

Харин энэ зуур эрхэм гишүүд нөгөө л сонгууль гээч "улаан туг"-наас болж жалга довны бодлого барин тойрог руугаа ихээхэн хөрөнгө татахаар улайран зүтгэж, ёстой л "Би үхэхээр чи үх" гээч юм болцгооно. Хамгийн гол нь төсөвт тусгуулсан асуудлууд нь инээдтэй. Нөгөө л сургууль, цэцэрлэгийн дээвэр засах, сумын клубт хөгжим, Засаг даргын Тамгын газарт "хонда" мотор авч өгөх гэх мэт аар саархан ажилд шүү.

Уг нь улсын төсвөөс буюу бас л татвар төлөгчдийн халааснаас жил бүр "Энэ асуудлаа шийдээрэй" хэмээн гишүүдийн багцад тэрбум, тэрбумаар нь тусгаж өгдөг. Гэвч төсөв хэлэлцэх бүрийд л энэ асуудал ёс юм шиг хөндөгддөг нь жишиг болчихжээ.

Тухайлбал, өнгөрөгч онд төсөвт хийсэн дүгнэлтээр орлогыг 10,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагаас 28.2 тэрбумыг хасах санал гаргасан ч гишүүд дуу дуугаа авалцан ихэнхийг нь хүлээж аваагүй билээ. Энэ бүгдээс тооцоолоход, уг нь 40-өөд тэрбум төгрөг хэмнэчих боломж байсан. Гэхдээ үүнийг ажил хэрэг болоогүйд гайхах зүйлгүй. Учир нь гишүүд илүү дутуу зардлаа тануулахыг хүсээгүй нь ойлгомжтой.

Мөн Үндэсний аудитын газрынхан өнгөрч буй оны улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн аж. Шалгалтаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэж байх үед гишүүд ямар ч зураг төсөлгүй, барилга байшинд 15.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч нэмж 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийлгэсэн нь ямар ч үр ашиггүй салхинд хийссэн гэж байгаа. Харин энэ удаагийн урсгал зардал тэрбумд хүрэх дөхжээ.

Түүнчлэн хөрөнгө оруулалтад 452.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байх юм. Тодруулбал, 254.4 тэрбум төгрөгийг урьд оноос барьж эхэлсэн барилгад, 145.9 тэрбумыг шинээр эхлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээнд, 20.5 тэрбум төгрөгийг их засварын ажилд, 31.7 тэрбумыг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар ногдуулсан байна. Хамгийн хачирхалтай нь Засгийн газар өөрийнхөө хувийн хэрэгцээнд төсвийн 50 хувийг зарцуулахаар төсөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, татварын мөнгийг ямар ч баялаг бүтээдэггүй хүмүүсийн цалин, шатахууны зардал болон гадаад, дотоод томилолт, "хүлээн авалтад зарцуулах нь байна шүү дээ. Энэ нь үнэхээр харамсмаар зүйл биш гэж үү.

Мөн энэ оны төсвийн төсөлд Сангийн яамныхан шөнө дөлөөр 76 тэрбум төгрөг сэмхэн суулгасан бай-сан. Өөрөөр хэлбэл, 2010 оны төсөвт огт тусгагдаагүй байсан асар их хэмжээний мөнгө буюу гишүүн тус бүрт нэг тэрбум төгрөгийг гэнэт тус яамнаас хэрхэн зарцуулахыг нь "хальт" цаасан дээр бичүүлж, гишүүд түүнийг нь мөн л шөнө дөл хүртэл сууж баталсан юмдаг.

Харин хамгийн эмгэнэлтэй нь улсын төсвийг хэлэлцэх зуур ядарсан, зүдэрсэн тэтгэврийн хэдэн хөгшиддөө тав, арван мянган төгрөг нэмээд өгчихье гэхэд Сангийн сайд "Мөнгө байхгүй" гээд ширээ цохиод байсан. Тэгсэн мөртлөө ганцхан шөнийн дотор 76 тэрбум төгрөг хаанаас ч юм гаргаад л ирсэн. Тэгэхээр энэ удаад ч мөн адил төсвийн алдагдал хэрээс хэтэрчихээд байхад гишүүдийн ханш улам өсөж байгаа нь ирэх оны сонгуульд энэ удаагийн төсөв зориулагдсан гэдэг нь батлагдаж байх шив.

Гэхдээ ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үе үеийн Засгийн газар сонгуулийн чимээ ойртох сургаар төсвийн төслийг УИХ-аар батлуулах гол арга нь энэ мөнгөний хэмжээгээр тодорхойлогддог болсон нь нууц биш. Учир нь жил бүр Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж мэдэх төсвийн төсөл оруулж ирдэг ч, нөгөө 76 эрхэм нь толгой өндийх завгүй мунгинаж гүйгээд эцэст нь баталсан дүр үзүүлдэг болж, үүнд нь ч бид дасч дээ.

О.Сүлд http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.