"Ажнай" Д.Бат-Эрдэнэ иргэдийг нь дээрэмдчихээд нутгаас нь хишиг горьдож байна

2010/12/05
Share |
Хүмүүс:

Өмнөговь аймагт төрсөн бид ямар азтай улс вэ гэж нутгийнхан баярлаж бахдаж байсан цаг саяхан л болов уу. Гэтэл "Таван толгой" ХК-ийн хувьцаа эзэмшсэн нутгийн иргэд голдуу хүмүүс өнөөдөр хохирогч болж, шүүхийн хаалгыг олон сар, жилээр сахиж байна.

УИХ-ын гишүүн байсан "Ажнай" Д.Бат-Эрдэнийн “Таван толгой Транс” компани Монгол Улсын уул уурхайн томоохон компаниудын нэг. Тэрбээр энэхүү нэр хүндээрээ "Оюутолгой" уурхайд Монголын талыг төлөөлөх үндэсний компаниудын "Монгол-999" консерциумыг толгойлдог. Монголын иргэн бүр Оюутолгойгоос хишиг хүртэнэ гэж итгэж, хүлээдэг.

Олны энэ их итгэлийг Д.Бат-Эрдэнээр удирдуулсан "Монгол-999" дааж, биелүүлж чадах болов уу гэдэгт эргэлзмээр асуудал сүүлийн үед үүсчээ. Таван толгойн уурхайн 50 мянга гаруй хувьцаа эзэмшдэг 60 гаруй хүнээс дээрх үнэт цаасыг нь хууль бусаар авсан нь илэрсэн байна. Түүний "Ажнай инвест" брокерийн пүүсээр дамжин хувьцаануудын талаарх мэдээллийг хууль бусаар цуглуулсан байдаг.

Хувьцаан дээрх хүний гарын үсгийг нь хуурамчаар зурж, хэлцэл хийж аваад өөрийн ажилтнуудынхаа нэр дээр шилжүүлэн авсан. Ингэхдээ 3-4 удаа дамжсан хэлцэл үйлдэж, өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байдаг аж. Жишээ нь, 1999 оны гуравдугаар сарын 15-нд “Таван толгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Н.Баярт-Одын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд иргэн Д.Бат-Эрдэнийн 14-506 тоот данснаас 300 мянган төгрөг шилжсэн байдаг.

Энэ өдөр уг мөнгөөр 7979 ширхэг хувьцааг худалдан авч, Д.Бат-Эрдэнийн дансанд буцаан шилжүүлжээ. ДБат-Эрдэнэ нь “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Н.Баярт-Од нь ажилтан нь байсан. Дээрх 7979 хувьцааны 100 нь иргэн С.Мөнхжаргалынх, 2919 нь иргэн Д.Отгонбаяр, Ж.Ганхүү нарынх, 892 хувьцаа иргэн М.Аварга-Нэргүйн эзэмшлийнх аж. Дээрх иргэд өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хувьцааг нь худалдсныг мэдээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж улмаар шүүхэд гомдол мэдүүлжээ.

Н.Баярт-Одын дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, УМБГ-ын хэлтсийн дарга Д.Цогтбаярын 2009 оны тавдугаар сарын 12-ны өдрийн "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал"-ын дагуу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр прокурор хүчингүй болгосон байна. Энэ мэт олон удаагийн хууль бус үйлдлээр Д.Бат-Эрдэнийн 1999-2003 оны хооронд үүсгэн байгуулсан брокер диллерийн "Ажнай инвест", "Мөнхөд" зэрэг компанийн нэр бүхий диллерүүд “Таван толгой” ХК-ийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн 50 мянга гаруй хувьцааг эздийнх нь зөвшөөрөлгүй, захиалгын гэрээгүй, хууль бусаар арилжаалжээ.

Хохирсон иргэд харьяаллын дагуу шүүхэд гомдол гаргасны дагуу өмчлөх эрхийг нь сэргээсэн тогтоолууд гардаг боловч шүүхээр дахин задарч, хэрэгсэхгүй болгодог байна. Д.Бат-Эрдэнэ хуулийн цоорхойг ашиглан хэрэгт татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр олон хүнийг хоолноос нь салгаад байна. Уурхайн ашиглалт эхэлж, үйл ажиллагаа нь жигдэрч буй энэ үед 800 хувьцаатай иргэн жилд 10 гаруй сая төгрөгийг хувьцааны ашгаас хүртдэг. Хувьцааны ногдол ашиг жил ирэх бүр нэмэгдэж, тухайн гэр бүлийн үе удмаараа эзэмших үл хөдлөх хөрөнгө нь болон баталгаажих ёстой.

Гэтэл иргэдийн хувьцааг манаж, арилжаанд оруулж байх үүрэгтэй брокерийн компани Д.Бат-Эрдэнэ гэдэг арван таван толгойтой мангас хоёр хуваагаад залгичихаж. Одоо иргэдийн хувьцаа эзэмших эрхийг сэргээсэн шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан хүчингүй болгож байгаа аж. Д.Бат-Эрдэнэнийн хувьцаа эзэмшигчидтэй хийсэн хууль бус үйлдлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн тогтоолыг Ц.Амарсайхан "Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй" гэж тайлбарласан байдаг.

Ц.Амарсайхан өмнө нь энэ хэрэг дээр шүүх хурал удирдан оролцож байсан бөгөөд өөрийнхөө гаргасан шийдвэрийг ч мөн адил хүчингүй гэж үзжээ. Иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дээр өнгөрсөн сарын 10-ны өдөр захидал илгээжээ. Захидалд "Монгол Улсад шударга шүүх гэж байна уу. Хэргийн оролцогч биш гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж гүйгээд үүнийг нь Улсын дээд шүүх нь дэмжээд байвал иргэд бид хэндээ хандаж эрхээ хамгаалуулах вэ.

Ц.Амарсайхан шүүгч бидний эрхийг хамгаалсан шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй байгуулахаар доод шатны шүүхүүддээ чиглэл заавар өгсөн. Эрхэм Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч, хуулийн хүрээнд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талд зогсоно гэдэгт найдаж байна" гэжээ. Үндэсний нэртэй компаниуд бусдын хөрөнгийг хулгайлан хөлжсөний нэг нь “Таван толгой транс” ХХК юм. Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгаас парламентад сонгогдож байсан. Тэрбээр улс төрийн карьераа дуусгавар болгох уу, дахин сонгогдох уу гэдгийг цаг хугацаа харуулах үлдэж.

М.Мөнхцэцэг http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Nuursnii khulgaich Naad nuursnii Khulgaichaa duujil. Capiton bank avchikhsan shah yavna
IP:202.126.89.189  2019-04-16 08:14:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.