Улс төрийн бүлэглэлүүд ТЕГ-ыг онилов

2010/12/07
Share |
Хүмүүс:
Улс төрийн бүлэглэлүүд ТЕГ-ыг онилов

Сонгууль ойртож улс төрийн фракцуудыг хөдөлгөөнд оруулах нь тэр. Улс төрч сэтэртэй болгон дор дороо хөдөлгөөнд орж намын бүлэглэлүүдээс хэн нь илүү давуу эрх мэдэлтэй гэдгээрээ ялгарах цаг болжээ. Улс төрийн , бүлэглэлүүд 2012 оны сонгуульд хаанаас мөнгө татах вэ гэдгээ ч зэхэж байгаа сурагтай.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж эхнээсээ занга тавив. Өнгөрсөн долоо хоногт "Юмны эзэн сумны занги" болох ТЕГ-ын даргыг өөрчиллөө хэмээн сенсааци дэгдсэн. Чих тавин сонсвол Ц.Оюунбаатар нэр цэвэр, шударга алба хашихыг хүссэн гэх юм. Энэ нь дээд дарга нарынх нь таалалд нийцээгүй бололтой. Нэг алхаад өөгөө эргэж хардаг Ц.Оюунбаатарын хувьд түүнээс өө хайна гэдэг өвсөнд хаясан зүү мэт гэж хэлж болно.

Хуулийн хүрээнд асуудлыг шийдэх гэж мэрийдэг түүнээс үнэндээ хүмүүс жийрхдэг. Тэрээр авлига хээл хахуулиас татварын албыг ангид байлгах гэж нийслэл, дүүрэггүй "бай"-гаа онилсноос болж хүч тэнцвэргүй тулаанд ганцаараа зогссоныг сонгуульд бэлтгэж эхэлсэн улс төрийн бүлэглэлүүд анзаарч, суудлаас нь унагахдаа тулав. Энд УВС-ын фракцынхан хүч түрэн орсон нь илт харагдаж байгаа. Ямар ч байсан "Татварын Ерөнхий газар шинэ даргатай болов" гэсэн сенсааци Ц.Оюунбаатарын зөрүүд, хэнхэг зангаас улбаатай байж болох талтай.

Татварын даргыг өөрчлөх, солих тухай яриа бол шинэ юм биш. Ц.Оюунбаатар татварын албыг аваад хэд хэдэн удаагийн довтолгоонд өртсөн ч түүний хөдлөшгүй хуульч, заргач чанар нь аварч чадсан. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн С.Батболд түүний суудлыг нэг ч удаа хөндөөгүй нь бас сонин. Улс орныг авч яваа энэ байгууллагын удирдлагад санаархагчид олон бий. Гэхдээ улсын мөнгөн орлогыг бүрдүүлдэг Татварын ерөнхий газрын даргаар хэн, ямар зорилгоор томилогдох вэ гэдэг нь олны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ удаагийн сенсаацийн гаргалгааг 2012 оны сонгуультай холбоотой гэж үзэх хүн ч байна.

Ц.Оюунбаатар энэ ажлыг аваад юу хийв гээд сөхвөл, хамгийн түрүүнд авлигад өртсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцож цочроо өгчээ. Мөн татвараас мөнгө сааж, намдаа хандив оруулаад суух биш салбарын шинэчлэл, хууль эрх зүй, шударга байдлыг эрхэмлэнэ гэсэн хэнхэг зангаасаа болж намын бүлэглэлүүдийн хараанд орсон байж болзошгүй. Юутай ч "Татварын ерөнхий газрын дарга өөрчлөгдлөө" гэсэн "бор шувуу" худал байсан ч, энэ суудалд санаархагчдын бүлэглэлийг ил тодоор харууллаа.

Тиймээс улс төрийн бүлэглэлийн сонирхлыг дээдэлж сонгуулийн хөшүүрэг болгох уу, төрийн албыг хүнд суртлаас ангижруулж татвар төлөгчдөд үйлчлэх үү гэдэг хоёр замаас сонголт хийхийг цаг хугацаа харуулах л үлдлээ.

Г.Оюун-Эрдэнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.