WikiLeaks-ийн дуулиан дэлхийг талцуулж ч болзошгүй

2010/12/14
Share |
Хүмүүс:
WikiLeaks-ийн дуулиан дэлхийг талцуулж ч болзошгүй

Сүүлийн үед олныг шуугиулаад байгаа WikiLeaks сайттай холбоотой дуулиан нь дэлхий нийтийг талцуулахад хүргэж ч магадгүй байдлыг бий болголоо. Зөрчил зөвхөн виртуаль орчинд төдийгүй бодит амьдрал дээр хурцаар илэрч эхлэв. Хэрвээ тус сайтыг үндэслэгч Ж. Ассанжийг баривчлах аваас дахин 250 мянга гаруй дипломат нууц баримт бичгийг дэлгэн тавина хэмээн түүнийг дэмжигчид болох хакерууд заналхийлсэн билээ.

Нэг талаас дүгнэхэд, дипломат нууц баримт бичгүүд задарсан явдал нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал орчин үед улс орон бүрийн өмнө тулгамдаж буй амин чухал зорилт болж буйг харуулсан төдийгүй бас ирээдүйд дэгдэж болзошгүй мэдээллийн дайн нь эдийн засагт асар их хор хохирол учруулж болзошгүйг анхааруулж байна. Мөн улс орнуудыг эвдрэлцүүлэн талцуулснаар бүс нутаг болоод дэлхий дахины аюулгүй байдалд сайн зүйл авчрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр, ирээдүйд дэгдэж болзошгүй дайн нь зэр зэвсгийн хүчээр бус, харин мэдээллийг хамгийн дээд хэмжээгээр ашиглан виртуаль орчинд өрнөх кибердайн байж магадгүй гэдгийг дээрх сайттай холбоотой шуугиан харуулж байна.

Нөгөө талаас, зарим тоймчдын үзэж буйгаар, WikiLeaks-т эдгээр материалууд дэлгэгдсэнээр улс төрийн бодлого хэр цэвэр тунгалаг байдгийг жирийн иргэд мэдэж авах боломжтой болсон ажээ.

Уг сайтын хийсэн үйлдлийн талаарх нөлөө бүхий улс төрчдийн үзэл бодол ч хоорондоо зөрчилтэй байна. Тухайлбал АНУ-ын Бүгд Найрамдах намын нөлөө бүхий зарим улс төрчид Ассанжийг террорист хэмээн үзэж түүнийг шүүлгүйгээр шууд устгахыг уриалсан байна. Википедийг үндэслэгч Л. Санжер Ж. Ассанжийг Америкийн ард түмний дайсан гэж нэрлэжээ.

Гэтэл Бразилийн Ерөнхийлөгч да Сильва сайтыг үндэслэгч Ж. Ассанжийг бэлгийн хүчирхийлэлд буруутган баривчилсан явдлыг “алдаа” хэмээн түүнийг өмөөрсөн аястай үг хэлжээ. Мөн НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссар Наванетхэм Пиллей тус сайттай хамтран ажилладаг компаниудад шахалт дарамт үзүүлж буйг буруушаасан байна. WikiLeaks-ийг дарамталсаар байгаа явдал нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй явдал гэж үзэх нэгэн ч бас байна.

Уг сайтад нийтлэгдсэн мэдээллийг уншсан жирийн иргэн хэнд ч болов дипломатч хүн гэдэг хов жив хутгаж, суугаа орныхоо удирдагчдын нэр хүндийг гутаасан цахилгаан мэдээг төв рүүгээ илгээсэн шиг цагийг нөхцөөж цалин авдаг юм байна гэсэн сэтгэгдэл шууд төрнө. Үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Орчин үед тагнуулчид болон дипломат албаныхны гүйцэтгэх үүргийн ялгаа улам бүр багассаар байна. Ийм дүгнэлтийг Их Британийн “Гардиан” сонин хийсэн байна.Хар бүрх малгай, урт хүрэм өмсөж, гар буу ташаандаа зүүсэн Жеймс Бондоор тагнуулчдыг төсөөлж байсан тэр үе ард хоцорчээ. Оросын нэгэн тоймч WikiLeaks-т нууц дэлгэгдсэн баримтуудын талаар хэлэхдээ, энэ бол Америкийн тагнуулынхны зориудын явуулга бөгөөд эхлээд WikiLeaks-ээр АНУ-ыг бага зэрэг муулсан мэдээлэл цацахад тус сайтын хэрэглэгчдийн тоо огцом өсөх бөгөөд үүнийг ашиглан дараагийн ээлжинд Орос, Хятад болон Арабын ертөнцийн орнуудын, тэр дундаа Ираны талаар тун ноцтой баримтуудыг дэлгэхээр зэхэж байгаа бөгөөд WikiLeaks-ийн дуулиан үүний өмнөх “бие халаалт” нь юм хэмээн дурджээ.

Америкийн дипломатчид “Доверяй, но проверяй” /Итгэх ч хэрэгтэй, бас шалгах ч хэрэгтэй/ хэмээн оросуудын хэлэлцдэг үгийн утга учрыг амьдрал дээр жинхэнэ ёсоор хэрэгжүүлж байгаа хүмүүс бөгөөд тэд хамгийн үнэнч холбоотнуудынхаа талаар хүртэл таагүй мэдээлэл цуглуулж, төвдөө илгээж байсан нь илэрхий болсон байна.

WikiLeaks-ийн дэлхий даяар дэлбэлсэн “дипломат бөмбөгөнд” хамгийн хүндээр өртсөн хүн бол юуны түрүүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х. Клинтон юм. Тэрбээр НҮБ-д суугаа өөрийн дипломатуудад Пан Ги Мун болоод НҮБ-ийн бусад дээд тушаалын хүмүүс, түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн гишүүд болох Орос, Хятад, Франц, Их Британийн байнгын төлөөлөгчдийг тандан мөшгиж байх удирдамжийг өгчээ. “НҮБ-ын удирдах тушаалтнуудын ашиглаж буй холбооны нууц код ба нууц үгнүүдийг тайлан уншиж” байх тушаалыг Х. Клинтон өнгөрсөн оны 6-р сард дипломатууддаа өгч байсныг Бан Ги Мун мэдвэл сэтгэл тайван ажлаа хийж чадахгүй нь мэдээж. “Ерөнхий нарийн бичгийн даргын удирдах болон шийдвэр гаргадаг арга барил ба тамгын газрынхандаа хэрхэн нөлөөлж буйг” судлахыг Клинтон даалгасан ажээ. Тэр ч байтугай, Конго, Уганд, Руанда, Бурунди зэрэг орнуудад суух Америкийн дипломатуудад тэдгээр орны удирдагчдын генийн код/ДНК/, хурууны хээ, нүднийх нь салстлаг бүрхэвчийн зургийг нь сканердаж явуулахыг тушаасан байна.

Ер нь бол АНУ НҮБ-ыг авилгад идэгдэн ялзарч үеэ өнгөрөөсөн тогтолцоо хэмээн нэлээд хэдэн жилийн өмнөөс өөнтөглөсөөр ирсэн бөгөөд Жон Болтон гэдэг тус байгууллагыг байнга шүүмжилдэг, шударгаараа алдартай дипломатчыг өөрийн байнгын төлөөлөгчөөр НҮБ-д суулгаж байсан билээ. Тэрбээр саяхан WikiLeaks-ийн дуулиантай холбоотойгоор ярилцлага өгөхдөө, “Обама энэ бүхэнд хариу өгөхгүй байгаа нь мэдээлэл алдагдсанаас илүү аюултай бөгөөд ингэснээрээ улс орны эрх ашигт хохирол учруулж байна” гэж хэлжээ. Түүний үзэж буйгаар Вашингтон кибердайн явуулах бэлтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд харин мэдээлэл алдагдсанд буруутай тэр хүмүүсийг Америкийн хуулиар хатуу шийтгэх хэрэгтэй ажээ. Зарим хүмүүсийн бодлоор, Ассанжтай холбоотой дуулианыг ашиглан АНУ-ын бүгд найрамдахчууд Обамаг унагах гэж байгаа гэнэ.

Дашрамд тэмдэглэхэд, Викилист манай төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, парламентын спикер Д.Дэмбэрэл болон Ерөнхий сайд С.Батболд нарын талаар Улаанбаатарт суугаа АНУ-ын элчин сайд юу гэж бичсэн байсан бол гэж олон хүн мэдэхийг хүсэж байсан байх. Харин аз болоход Викилист Монголын талаар ганц хоёр материал гарсан ч тэдгээр нь манай орон болоод түүний удирдагчдын нэр хүндийг гутаасан зүйл биш, дипломат шугамаар байнга л яригдаж байдаг, төдийлөн анхаарал татахааргүй, огт гэм хоргүй, тодруулбал Монгол–Умард Солонгосын асуудлыг хөндсөн сэдэв байлаа. Энэ нь нэг талаас, Монгол улс дэлхийн улс төрийн тавцанд нөлөө бүхий орон биш гэдэгтэй мэдээж холбоотой байж болох юм. Гэхдээ удахгүй дэлгэгдэх 250 мянган баримт бичиг дотор Монголын талаар өөр бусад материал байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь манай улс дэлхийд нөлөөлөх хэмжээний гүрэн биш боловч сүүлийн үед ашигт малтмалын асар том ордууд илэрч, тэдгээрийг ашиглаж эхэлснийг харгалзан үзвээс түүхий эдээр баян орны талаар өөр ямар ч мэдээлэл уг сайтад байхгүй байна гэдэг нь эргэлзээтэй.

Б.Адъяахүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
btxosmix 1f3qc0ipwrcfgfrlsb, [url=http://eihjoupztyhl.com/] eihjoupztyhl[/url], [link=http://ahhqtcketece.com/ ]ahhqtcketece[/link], http://alloxagnfsnh.com/
IP:46.161.9.32  2017-03-30 05:51:20
CharlesTar wh0cd554123 buy amoxicillin buy seroquel valtrex generic celebrex seroquel augmentin xr 1000
IP:46.161.9.51  2017-06-02 01:46:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.