“Бид 10 мянгын үнэтэй ард түмэн юм байна”

2010/12/19
Share |
Хүмүүс:
“Бид 10 мянгын үнэтэй ард түмэн юм байна”

"Өглөөний 06:00 цаг болж байлаа. Гэвч үүр цайх яагаа ч үгүй. Гадаа хав харанхуй, гудамж, талбай эл хуль. Дарь-Эхийн "Хаан" банкны гадна олон хүн дараалалд зогсчихож. Сонин юм".

Солонгос улс руу ажил хийхээр явж буй хүүгээ үдэхээр "Чингис хаан" нисэх буудлыг зорьсон хөрш минь ийн ярьлаа. Тэр өнгөрсөн хоёрдугаар сарын эгээ л адил өнөөх 70 мянгад дугаарласан дүр зургийг санах сөхөөгүй ярьж байхдаа маргааш нь банкны дараалалд зогсоно гэдгээ мартжээ.

Эртлэн босч, эх орны хишгээ авах гэж дараалалд зогссон иргэд хахир өвлийн жаварт даарч хацар нүүрээ хайруулна. Өдөр дунд хөл нь чилсэн тэд аргаа барахдаа ар гэрийнхээ хэн нэгнийхээ ажлыг
тасалдуулан байж энэ дараалалд зогсооно. Өвлийн богино өдөр төрийн хүнд суртлыг хүлээсэн нар 17 цаг гээд л "буцна". Төдөлгүй тэднээс салж яс амрахын хүслэн болсон банкныхан "Ажлын цаг дууслаа. Хаалгаа барина. Гар гэнэ. 10 мянган төгрөгийн дараалалд өдөржин зогсоод ч үр дүнгээ өгсөнгүй.

Уг нь ард түмнийхээ амьдралыг "цэцэглүүлнэ" гэж 10 мянган төгрөгийн хувь тараагаад буй. Даанч ажлаа таслаад ч мөнгөө авахгүй буцаж байгаа иргэдийн амьдралд тэд нэмэр биш доромжлол болж байна гэхээс өөр юу гэх билээ.

Дараалалд зогч буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн М.Наранцэцэг: Ажлаа хийсэн бол 10 мянгаас илүү орлоготой харих байсан
-10 мянган төгрөгийн төлөө өнөөдөр ажлаа тасаллаа. Үүрээр ирж дараалалд зогссон болохоор мөнгөө аваад буцах санаатай. Гэвч өдөр дунд болоход 10 мянгаа аваагүй л байна. Бэлэн мөнгөний урсгалаас болоод инфляци нэг оронтой тооноос хоёр оронтой тоонд шилжсэн гэх шалтгаанаар өнгөрсөн жилийн 70 мянга 10 мянга болж хувирсан.

Бидний сонгосон гишүүд эх орны хишгээр иргэдийн ядуурлыг бууруулна гэсэн сайхан амлалт өгсөн. Энд өглөөнөөс орой хүртэл зогсохдоо бидэнд сар бүр өгөх 10 мянган төгрөг үнэхээр амьдралд нэмэр болж ядуурлыг бууруулах болов уу, 10 мянган төгрөгөөр юу авах боломжтой вэ гээд олон зүйл бодсон. 10 мянгаа аваад ажил руугаа хөлсний тэрэг барих эсвэл ажил тараад харихдаа хоногийн хоолны мах аваад л дуусна. Ийм л үнэ цэнийн төлөө энд ядарч туйлдаж, даарч хөрч, дарааллаа булаацалдаж, нэгнээ алах талахаар нь дуудаж байна.

Эндээс харахад сонгосон төрийн түшээд маань эргүүлээд биднийг доромжилж байгаа ч юм шиг санагддаг. Бид 10 мянган төгрөгийн үнэ цэнэтэй ард түмэн юм байна. Энд дараалалд зогсохгүй ажлаа хийсэн бол 10 мянган төгрөгөөс илүү орлоготой харих байсан юм.

Баянзүрх дүүргийн иргэн А.Батхүү: 10 мянга биднийг ядууруулж байна

Эрт ажлаа амжуулах гэсэн хүмүүс дарааллаас болж хоорондоо хэрэлдэж, хараал урсган, омогтой нь зодоон үүсгэж байна. Саяхан нэг залууг цагдаа нар аваад явсан. Юун 10 мянгаа аваад гарах. Нүүр амаа уралцаж, цус нөж болоод гараа гавлуулж цагдаад туулгаад гарч байна.

10 мянга ядуурлыг бууруулах манатай, хэрэг зөрчлийн эх үүсвэр болж байна. Энэ банкны жаахан зайд эрчүүд нь зодолдож, эмэгтэйчүүд рүүгээ хашгираад, хөгшчүүл түүнд ядарснаас болж ухаан алдан. Tөp ядуу иргэддээ сар болгон 10 мянган тарааж байгаа нь яг л золбин нохдын дунд яс хаяж өгсөн юм шиг дүр зураг дараалалд зогссон хүмүүсийн дунд болж байна. Ер нь 10 мянган төгрөгийн төлөөх "бяцхан”
дайн үүсээд байна гэв.

Э.Солонго

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.