АН-д түгшүүрийн харанга дэлдэж, дарга нар нь нуувчинд хоргодсон жил

2011/01/05
Share |
Хүмүүс:
АН-д түгшүүрийн харанга дэлдэж, дарга нар нь нуувчинд хоргодсон жил

АН-ын дарга нар 2010 оныг тун хүндхэн туулж гарлаа. Ц.Элбэгдоржийг түлхэж, намын дарга болсон Но.Алтанхуягийн сандлын хөл хэдийнээ хугарч, мань эр нам ч үгүй, засаг ч үгүй болох шахаж, бүтэн жил сандрав. З.Энхболд, Н.Батбаяр, С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд  2010 оны хоёрдугаар сард Ардчилсан хүчний холбоо нэртэй төрийн бус байгууллага байгуулж, Их хурлаа хийсэн нь нийгэмд багагүй дуулиан тарьж чадлаа. Ардчилсан хүчний холбоо байгуулагдангуутаа ҮЗХ-ны ротацид өөрсдийнхөө хүнийг гаргаж ирэх тэмцэлд босч, угаасаа түнжин муутай байсан АН-ын гишүүд хоёр хуваагдан баахан хэрэлдэцгээсэн. Энэ ажлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ удирдаж, Д.Батзандан, О.Магнай гэх мэт өөрсдийнхөө хүнийг ҮЗХ-д татаж гаргаж ирэн, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг унагаачихсан л бас л хэрүүлийн эх суурийг тавьлаа.  З.Энхболдоор толгойлуулсан Ардчилсан хүчнийг холбоо гарч ирснээр тус намын дарга нар удирдлагаа аажим аажмаар алдаж, АН хоёр хуваагдахад бэлэн болж, намын эв нэгдэл дээсэн дөрөөн дээр л дэнжигнэн байлаа. Үүнийг дурьдахад олон зүйл ч нурших шаардлагагүй. Өнгөрсөн долдугаар сард АН-ынхан бүсийн чуулга уулзалтаа зарлаж, чамлахааргүй хөрөнгө хүч хаян хөдөө орон нутагт гишүүд, дэмжигчтэйгээ уулзах шийдвэр гаргасан. Гэвч тэдний энэ уулзалт   Ардчилсан хүчний холбооны бүсийн уулзалтуудтай давхардаж, нэг намын гишүүд хоёр талцан хурал зөвлөгөөн хийсээр ямар ч үр дүнд хүрч чадаагүй өнгөрцгөөсөн. Энэ хурлын дараа АН-ын дотоод уур амьсгал улам ширүүсч эхлэв. Энэ хэрүүлийн эхлэлийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тавьж, АН, Ардчилсан хүчний холбооныхон хэвлэлээр бүтэн сар хэрэлдсэн юм. “Салхи хаашаа Үүл тийшээ...” гэсэн үг АН-ынхан дотор бий.
Энэ бол Э.Бат-Үүл гишүүнд намынх нь нөхдөөс хайрласан нэг онигоо. Энэ удаа салхи Алтангадасчуудын зүгээс Ардчилсан хүчний холбоо руу шуурч, мань эрийг С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёртой дахиад л хонь чоно болон хувиргалаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй дээ гомдож, туньж суусан Э.Бат-Үүлийг тайвшруулахын  тулд Улсын баатар цол өгч, нэг хэсэг түнжин хагараад байсан хуучны найзууд эвлэрч ядаж байсан. Гэтэл наймдугаар сард Э.Бат-Үүл “АХХ-ныхон Хувьсгалт намтай нийлсэн урвагчид. Алтангадасчуудыг Засгийн газраас шахаж гаргачихаад өөрсдөө сайд дарга нар болох гэж байна” хэмээн мэдэгдэл хийлээ. Түүний энэ үг ёстой  нөгөө дүрэлзэж байгаа галыг унтраах гэж ус хайж яваад андуураад тос асгахын үлгэр болж хувиргав. Э.Бат-Үүлийн энэ үг АН-ынханг хоёр талцуулж чадлаа. Э.Бат-Үүлтэй талцаж хэрэлдээд С.Эрдэнэ ч  сайныг олсонгүй. АН-ын Нийслэлийн хороог найман жил удирдсан С.Эрдэнийг Но.Алтанхуяг суудлаас нь буулгаж дөнгөлөө.  
Хөрөнгө мөнгөтэй, нударга чангатай, бас хэрүүлд дуртай С.Эрдэнийн оронд   Ш.Түвдэндоржийг томилсон юм. Нийслэлийн АН-ыг яг л өөрийнхөө хувийн компани шиг удирдаж чаддаг байсан С.Эрдэнэ “Нийслэлийн АН-ын даргыг сонгох хуралдааны явц дүрмийн дагуу яваагүй. Тиймээс бүрэн эрхээ, тамга тэмдгээ өгөхгүй” хэмээн мэдэгдсэн нь бас л дуулиан тарьж чадав. Ардчилсан хүчний холбоо нэрээр босч ирсэн хэсэг нөхөд “Алтангадас”-ынхныг гэнэдүүлж байгаад намынхаа эрх мэдлийг гартаа атгах гэж бүхэл бүтэн арван сар зүтгэж байна. Гэвч тус намын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан хамтарсан Засгийн газрыг унагахаас сэргийлж, Хувьсгалт намтай хүч хавсран тэмцэлдсээр бас л арван сарыг элээв. Үнэндээ Но.Алтанхуягийн хувьд 2010 он харш жил нь байсан бололтой.  Ардчилсан хүчний холбооныхон арай гэж дарагдаж, хэл ам татлах нь багасаж эхэлсэн ч гэсэн Д.Хашбатаар толгойлуулсан хэсэг залуус шинээр өндийж эхэллээ. Тэд  намын Их хурлыг яаралтай хуралдуулах, Н.Алтанхуягтай хариуцлага тооцох, хамтарсан Засгийн газраас АН-ыг салгахыг шаардаж байгаа. Тэднийг тайвшруулахын тулд Но.Алтанхуяг  Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулахаас өөр аргагүй болж, энэ оны арваннэгэн сард Төрийн ордонд хурал зарлалаа. Но.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг хуралдуулахгүй арван сар гүрийсэн. Тийм ч учраас Гүйцэтгэх зөвлөлийн хурлын сценарийг урьдаас тун сайн бэлтгэж, намын Их хурал, хамтарсан Засгийн газар, дарга нарын тухай асуудлыг хэлэлцэхгүй хэмээн тохирч байж энэ хурлыг эхлүүлж чадлаа. Энэ хурал дээр С.Эрдэнэ “Өнөөдрийн энэ нийгмийн үнэнийг Ардчилсан нам хэлдэггүй юм бол өөр хэлэх улстөрийн хүчин байхгүй. Хамтарсан нэрийн дор биедээ найр тавьж, хуйвалдах эрх байхгүй.  Яахаараа МАН-ын дарга Ардчилсан намын даргыг дуудаж, үүрэг өгөх ёстой юм бэ. Та нэг бол намын даргаараа үлд, эс бөгөөс стандарт бус Засгийн газартаа Тэргүүн шадар сайдаараа үлд. Сонголтоо хий. Та авгай, хүүхнүүдийн хов ярьдгаа боль” хэмээн хашгирсан. С.Эрдэнийн хэлсэн эл үг  Н.Алтанхуяг даргыг барьц алдуулж дөнгөв.Олны дунд муугаа дуудуулсан Но.Алтанхуяг Ёсзүйн байнгын хороонд гомдол гаргачихаад байгаа. Бас Их хурал яаралтай хуралдуулах гэж зүтгэж байсан залуучуудыг Но.Алтанхуяг хүлээж авч уулзан, нэг хэсэгтээ л гал намжаав. Гэсэн ч залуучууд дахиад л босч ирээд байна. Тэдний ард С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй мөнгөтэй, бас хэл амтай нөхөд бий. Та нарыг дэмжиж, тэтгэнэ гэж амласан эрх мэдэлнүүд ч бий. АН-ыг та нар л аварна хэмээн хөөрөгдөж, Но.Алтанхуягаас салахыг хүсэгчид тэднийг турхирч суугаа.  Ийнхүү Ардчилсан намынхан дотроо тэмцэлдсээр шинэ оныг угтаж байна. Үнэндээ албан тушаал эрх мэдлийн төлөө улайран хэрэлдэж суугаа АН-ын нөхдүүд бүхий л зүйлээ ардчилал гэсэн нэрийн дор нуухыг хичээдэг. Саяхан нохой гахай, алуурчин дээрэмчнээрээ дуудалцан  хэрэлдсэн Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар хүртэл “Энэ чинь ардчилал шүү дээ. Манай намынхан ийм л сайхан ардчилалтай улс шүү дээ” хэмээн хөмхийгөө зуучихаад нүүрээ ч улайлгахгүй  ярьцгааж байх юм. Тэр ч бүү хэл хагарч бутарч, эв зүйгээ олж чадахаа больчихоод байгаа намаа захирч чадахаа байсан дарга нь өнөөдөр “Ардчилсан нам эрүүл байгаа учраас ийм асуудал үүсч байгаа юм” хэмээн өөрийгөө хамгаалж сууна. Ирж байгаа 2011 он Ан-ын хувьд тун чухал жил. Сонгуулийн өмнө тэднийг эвдрэлцэл биш, эвлэрэл л аварна. Гэвч АН өнөөдөр АХХ, МоАХ,  “Нэг ардчилал”, “Зүүн хойд Азийн нийгэмлэг” , “Кроун”,  “Алтан гадас” гэх мэт хүчтэй, хүчтэй том бүлэглэлүүдэд хуваагдчихсан, бие биенийхээ алдаа бүрийг нарийн тооцоод сууцгааж байна. Хэрхэхийг тэнгэр биш дарга нь л мэдэх байх даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jczoao fs5mqBtliocqvsnaiz, [url=http://ibgzmbwmqjml.com/] ibgzmbwmqjml[/url], [link=http://ynmrmsyortno.com/ ]ynmrmsyortno[/link], http://nxwzhtgnyuft.com/
IP:31.184.238.180  2017-06-19 18:34:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.