Хууль зөрчсөн ИТХ-ын даргыг газрын наймааны хэрэгт сэжиглэж байна

2011/01/05
Share |
Хүмүүс:
Хууль зөрчсөн ИТХ-ын даргыг газрын наймааны хэрэгт сэжиглэж байна

Энэ өвөл дүүргийн Засаг дарга нар “зуд”-анд өртөөд тун хүндхэн өвөлжиж байна.  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга огцорч, Сүхбаатар дүүргийн Засаг ноён халагдах өргөдлөө өргөн барьсан. Тэгвэл Налайх дүүргийн Засаг дарга хамаатан садандаа их хэмжээний газар олгосон хэрэгт орооцолдож,  ИТХ-ын дарга нь хууль бус шийдвэр гаргасныхаа төлөө огцрох дээрээ туллаа. Налайх дүүргийн хувьд 68,7 мянган га нутагтай, 8009 өрхийн 28862 хүн амтай, Засаг захиргааны 6 хороо. 63615 малтай. Нийслэл хоттой авто болон төмөр замаар холбогдсон. Нийслэлийг цэвэр усаар хангаж буй дээд эх үүсвэртэй холбогдсон. Дулааны одоогийн хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэхэд хангах дулааны станцтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд нийслэлтэй холбогдож байгаа. Гэвч энэ дүүрэг ядуурал ихтэй, ажлын байр хомс. Тиймээс Налайхчууд  хаагдсан уурхайн газар ухаж, амь дүйн хэдэн тонн нүүрс малтаж, амь амьжиргаагаа залгуулдаг газар.2010 онд л гэхэд Налайхын уурхайд 17 хүн амь насаа алдаж, 44 хүн гэмтэж бэртсэн аж. Үнэндээ уурхай нурна, амь насандаа осолтой гэдгийг Налайхчууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч өдрийн хоолоо залгуулахын тулд амь насаа золиосонд гаргаж, нүх ухаж, нүүрс малтахаас өөр арга алга. Хамгийн харамсалтай нь дүүргийн засаг захиргаанаас ард иргэд рүү чиглэсэн доривтой ажил хийхээсээ илүүтэйгээр хувийн эрх ашгаа хамгаалж, ах дүү, хамаатан садандаа л илүү үйлчилдэг хэмээн иргэд гомдол гаргаж байна. Тэдний энэ гомдол ор хоосон зүйл биш бололтой.

Жирийн иргэд 0.7 га газраа ч олж авч чадахгүй байхад дүүргийн Засаг дарга ах дүү нартаа 1607 га газар хувааж өгчээ

Налайх дүүрэг газрын хосдолд ороод удаж байна. Дүүрэг 8009 өрхтэй гэсэн тооцоо бий. Гэвч иргэд хашааныхаа газрыг ч хувьчилж авахад хүндрэлтэй болж, Газар өмчлөлийн тухай хуулийн дагуу 0.7 га газраа авах гэсэн иргэд “Газар байхгүй” гэсэн чихэнд чимэггүй үг сонсоод хоосон буцдаг болчихоод байгаа. Тэр ч бүү хэл “Монгол улсын иргэнд 0.7 га газар хувьчилна” гэсэн хуулийн заалтыг дүүргийн Засаг дарга дур мэдэн өөрчилж, нэг хүнд 0.5 га газар олгон төрийн хуулийг уландаа гишгэж суугаа. “Яагаад хууль зөрчиж, газрын хэмжээг дур мэдэн өөрчилж байгаа юм” гэсэн асуултанд дүүргийн удирдлагууд “Газар алга. Олон хүнд хуваахын тулд хэмжээг нь багасгахаас өөр арга алга” хэмээн хээв нэг хариулдаг юм гэсэн. Гэвч үнэн хэрэгтээ Налайх дүүрэгт газар байхгүй биш байгаа. Харин Засаг дарга болон Иргэдийн хурлын дарга нарт нөлөөтэй хүмүүс, тэдний ах дүүс л энэ газраас хуь хүртэх эрхтэй байдаг бололтой.
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2010 оны гуравдугаар сарын 17-ны өдөр 629 тоот тогтоол гаргажээ. Энэ тогтоолд “Налайх дүүргийн тусгай хэрэгцээнээс гаргах газрыг нэг дүгээр, тусгай хэрэгцээнд авах газрыг хоёрдугаар, Газар зохион байгуулалтанд нэмэлтээр оруулах газрыг гуравдугаар хавсралтаар тус тус батлаж, байршил хэмжээг тогтоосугай” гэсэн үг үсэг зурайж байх юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Батдорж тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж 16 газарт 1229 га талбайг дүүргийн тусгай хэрэгцээнээс гаргах шийдвэр гаргажээ. Хамгийн сонирхолтой нь энэ тогтоол батлагдсны дараа С.Батдорж 629 тоот тогтоолыг дөрвөн хавсралттай болгож өөрчилсөн байх юм. Тэрээр Зургадугаар хуралдааны тоот хавсралт гэсэн нэр зүүж, дөрөв дэхь хуудсыг дур зоргоороо нэмжээ. Иргэдийн хурлын дарга С.Батдоржийн нэмсэн энэ хуудсан дээр Налайх дүүргийн тусгай хэрэгцээнээс гаргаж ашиглуулах газрын байршилыг кадастрийнх нь зургийн солбилцолтой нь, бүр эзэмших компанийнх нь нэртэй батлаж өгсөн байх юм. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр тусгай хэрэгцээнээс гаргасан газрыг хэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай асуудал огтхон ч яригдаагүй байхад их хэмжээний газар нь эзэнтэй болчихсон, бүр 629 тоот тогтоолын хавсралтаар баталгаажчихсан байсанд бүгд л гайхаж. Хамгийн сонирхолтой нь тусгай хэрэгцээнээс 1229 га газар гаргасан. Гэвч 1227 га газар эзэмшүүлэхээр уг хавсралтанд тусгасан байж. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгч нар тэдний дур мэдэн бусдад бэлэглэж байгаа газарт хувийн компаниар дахин хэмжилт хийлгэж үзээд мэл гайхаж хоцорсон аж. Дүүргийн Иргэдийн хурлын дарга тусгай хэрэгцээний газрын хэмжээг буруу тогтоож, 1607 га газрыг бусдад эзэмшүүлэхээр хууль бус тогтоол гаргасан нь илэрчээ.  Уг газрын ихэнхи хэсэг нь буюу 1227 га газар нь тавхан компанид оногдож байгаа аж. Тусгай хэрэгцээний газраас хамгийн их хувь хүртсэн “Хангай сервис” компани гэхэд л дүүргийн Засаг дарга Б.Буяндэлгэрийн ах дүү нарын мэдэлд байдаг хувийн компани гэнэ. Тусгай хэрэгцээнээс гаргасан эдгээр газар нь нүүрс, элсний ордтой, тоосгоны шавартай учраас эрх мэдэлтнүүдийн хорхойг хүргэж, хууль зөрчихөд хүргэсэн бололтой. Налайх дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг тусгай хэрэгцээний газрыг чөлөөлж, бусдад наймаалсан байж болзошгүй гэж хардаж байгаагаа ч зарим хүн нуусангүй.

Иргэдийн төлөөлөгчид даргаа огцруулах шийдвэр гаргажээ
Хууль зөрчин, их хэмжээний газар хууль бусдаар бусдад олгосон ИТХ-ын даргатай хариуцлага тооцохоор шийдэж, 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулсан аж. Уг хурлаар 12 төлөөлөгч Иргэдийн хурлын дарга С.Батдоржийг огцруулах шийдвэр гаргаж. Энэ үед Иргэдийн хурлын дарга С.Батдорж “Би буруу зүйл хийсэн. Хууль зөрчсөн” хэмээн ярьж, төлөөлөгчид түүнээс 629 тоот тогтоолоо хүчингүй болгохыг шаардсан аж. Гэвч дүүргийн Засаг дарга Б.Буяндэлгэр хуралд хөндлөнгөөс оролцож, “С.Батдорж чи тогтоолоо хүчингүй болгож болохгүй” хэмээн шахалт үзүүлж эхэлсэн аж. Налайх дүүргийн Иргэдийн хурлын дарга огцорчихсон хэрнээ өнөөдөр ажлаа өгөхгүй хэмээн гүрийж, бас хууль зөрчсөн тогтоолоо ч хүчингүй болгохгүй хэмээн зүтгэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал уг нь бие даасан байгууллага.  Гэтэл өнөөдөр Налайх дүүргийн Засаг дарга Иргэдийн хурлаа удирдаж, хурал дээр нь орж ирж суучихаад өөрийнхөө талд асуудлыг шийдүүлж байгаад төлөөлөгчид тун бухимдуу байна.
Өнгөрсөн жил С.Батдорж даргыг огцруулах тухай асуудал яригдсан ч төлөөлөгчид түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, итгэл хүлээлгэж байсан гэнэ. Жил гаруйн өмнө С.Батдорж даргын бие  хурал дээр муудаж, харвалт өгсөн аж. Тиймээс төлөөлөгчид С.Батболд даргыг бухимдуулахгүй байх, дахин харавчихаж магдгүй хэмээн болгоомжилж, шүүмжилж ч чаддаггүй хэмээн ярьцгааж байсан юм. Ямартай ч Налайх дүүргийн огцорсон Иргэдийн хурлын дарга ажлаа өгөхгүй хэмээн зүтгэж, багагүй дуулиан тарих бололтой.

Замаа хуулж хаяад зам тавих Засаг ноёны  шийдвэр

“Засаг даргын замбараагүй шийдвэр хөгжилд биш, хоцрогдолруу л чирж байна” хэмээн олон хүн бухимдаж байх юм. Тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр өнгөрсөн намар тун сонин шийдвэр гаргажээ. Тэрбээр Налайхын уурхайруу явсан бетонон замыг хуулж авч, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, оронд нь хатуу хучилттай зам тавихаар болсон юм байх. Уг бетонон замыг 1957 онд барьсан, ямар ч эвдрэл гэмтэлгүй 40 гаруй жил ашиглагдаж байгаа гэнэ. Гэвч энэ замыг хуулж аваад оронд нь өөр зам барина гэдэгт Налайхчууд өнөөдөр ч итгэж чадахгүй байна. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн бетонон замыг хуу татаж, энд тэн овоолоод хаячихсан байх юм.  Хатуу хучилттай нэг км зам барихад хагас тэрбум төгрөг зарцуулдаг юм гэнэлээ. Дүүрэг ийм их хэмжээний мөнгийг ойрын хэдэн жилдээ л гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой. Гэвч Засаг ноён хойд хормойгоо тасдаж урд хормойгоо нөхөх шийдвэр гаргасан болохоор яаж ч чадахгүй суужгааж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.