Ууцны ханш рекорд эвдлээ

2011/01/10
Share |
Хүмүүс:
Ууцны ханш рекорд эвдлээ

Цагаан сар дөхөх тусам махны ханш нэмэгдэж иргэдийн сэтгэлийг зовоох болов. "Хүчит шонхор" зах дээр ууцны ханш 130-250 мянган төгрөгт хүрч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тэргүүлж байгаа бол үхрийн өвчүү 80-150 мянган төгрөгт тулж манай улсын түүхэнд байгаагүй рекордыг эвдлээ.

Өнгөрсөн жил ууцны ханш 50-190 мянган төгрөгт хэлбэлзэж байв. Ханшийн огцом өсөлт нь цагаан сарынхаа ширээний зоог шүүсээр жилийнхээ ажил амьдралын өнгийг тодорхойлох гэж зүтгэдэг ард түмний эдийн засагт хүнд цохилт болох нь гарцаагүй юм.

Ууц, өвчүүний үнийн өсөлтийг дагаад жижиглэнгийн махны ханш ч чамгүй чангарчээ. Хонины ястай мах кг нь дунджаар 4206 төгрөгт хүрч, оны өмнөхөөс 400 гаруй төгрөгөөр өсөөд байна. Үхрийн ястай. мах 4763 төгрөгийн ханштай байгаа нь оны өмнөхтэй харьцуулбал 400 орчим төгрөгөөр өсчээ. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.2 хувиар буюу 245 төгрөгөөр, хонины цул махны үнэ 6.1 хувиар буюу 257 төгрөгөөр өссөн байна.

Өнгөрсөн хавар махны ханш мөн л 8000 төгрөгт хүрч, инфляцийг хоёр оронтой тоо руу чирснийг иргэд санаж байгаа биз. Тухайн үед Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам зэрэг төрийн байгууллагаас ажлын хэсэг гарч, махны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, ханшийг нь дахиж галзууруулахгүй байхад анхаарах тухай хэлж байв. Тэгвэл махны үнэ дахин галзуурч эхэллээ, эрхэм үү дээ.

Махны үнийг ченж нар хөөрөгдөж байгааг захын айл ч андахгүй болсон. Тэдэнтэй яагаад тэмцэж, ард иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахгүй байна вэ. Шударга өрсөлдөөний тухай хууль хүртэл шинэчлэгдэн батлагдаж, ченж нартай хариуцлага тооцох боломж бүрдсэн гээгүй бил үү.

Махны үнийн өсөлт дээр цагаан сараар айл бүрийн тавгийн идээг зайлшгүй чимэх хүнсний үнэ дагаж өссөн нь байдлыг улам хүндрүүлж байна. Говийн бор ааруулаас эхлээд чихэртэй хорхой ааруул 9000-15000 төгрөгийн үнэтэй байгаа бол шар тос 4000-9000, зөөхий 7500, өрөм 9000 төгрөгийн үнээр "Хүчит шонхор" зах дээр зарагдаж байна. Хэвийн боовны ширхгийн үнэ 1000-2000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ билээ. Тавгийн суурь еэвэн том жижгээсээ хамаарч 1000-5500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 6.8, хүнсний ногооны үнэ 3.1 хувиар тус тус өссөн аж. Мөн өмнөх сараас үнэ нь нэмэгдсэн барааны тоонд өрмөнцөр, шар будаа, адуу болон хонины мах, хиам, айраг, сүү, тараг, бяслаг, зөөхий, ааруул, ургамлын тос, үзэм, гадил жимс, лууван, сонгино, улаан лооль, өргөст хэмх, сармис, манжин, байцаа, компот, шоколад, кетчуп, ногоон цай, байхуу цай, кофе, ундаа, оргилуун дарс, янжуур тамхи зэрэг бараа бүтээгдэхүүн багтжээ.

Цаашид цагаан сарын сургаар цагаан будаа, элсэн чихэр, үхрийн мах зэрэг хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ дахин өсөх магадлалтай байгааг анхааруулж байсан.

Дээрх үнийн өсөлтийн нөлөөгөөр цагаан сарын хүнсээ бэлдэхэд нэг өрх дор хаяж хагас сая гаруй төгрөгийн зардал гарах бололтой.

М.Мөнхтунгалаг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.