Топ модель Э.Сэлэнгэ: Би заримдаа ааваасаа ч их иддэг

2011/01/16
Share |
Хүмүүс:
Топ модель Э.Сэлэнгэ: Би заримдаа ааваасаа ч их иддэг

Талархал, шүүмжлэлийг эн тэнцүү дагуулсан “Гоёл-2011″ наадмын топ модель Э.Сэлэнгийг дугаарын зочноор урилаа. “Отгон топ” гэсэн тодотголыг нэрнийхээ өмнө дагуулаад байгаа зочин маань өөрөө ч айлын отгон охин. Гэсэн ч багаасаа бие дааж, хэрсүү ухаан суугаа юу гэсэн бодол ярилцаж суух зуур төрсөн юм. Тэрээр “Шилмэл загвар” моделийн агентлагийн гэрээт загвар өмсөгч, мөн загварын багш юм.

- Юуны өмнө топ модель болсонд баяр хүргэе?
- 2011 оны топ модель өргөмжлөл авсан сэтгэгдэл маш өндөр байгаа. Монголдоо хамгийн том тэмцээнээс авсан шагнал учир өндөр хариуцлагыг надад мэдрүүллээ. Энэ эрчээ алдахгүй, дайчин ажиллана.


- "Toп модель" гэсэн алдрыг хүртэхэд өөрийн чинь ямар амжилт нөлөөлсөн гэж бодож байна?
- Мэдээж, аливаа тэмцээн, уралдаанд өөртөө итгэлтэй ордог. “Би заавал түрүүлнэ” гэж улайрахгүйгээр хийж чадах бүхий л зүйлээ тайзан дээр харуулахыг хичээсэн. Миний бодлоор энэ шагналыг зөвхөн тухайн жил хийсэн ажлаар нь биш туршлага, хувийн зохион байгуулалт, зан чанарыг харж олгодог болов уу гэж боддог. “Гоёл” наадамд долоо дахь удаагаа оролцоод энэ шагналыг авлаа. Энэ бол багагүй хугацаа гэж бодож байна. Хөдөлмөрөөр минь бүтсэн шагнал учир их баяртай байгаа.

- Тайзан дээр нэрээ сонсоод хамгийн эхэнд юу бодогдсон бэ?
- "Сэлэнгэ" гэсэн нэрийг сонсоод тийм олон зүйл бодогдоогүй. Их л баярласан. Миний зогсож байсан тайзны урд талд ээж, эгч сууж байсан. Хамгийн түрүүнд тэр хоёр луугаа “Ура” гэсэн харцаар л харсан даа.

- Хэр удаан загвар өмсөж байна?
- 2003 оноос “Эра” төвд хичээллэж эхэлсэн. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчихдөг юм байна. Саяхан л анхан шатанд юугаа ч мэдэхгүй охин гүйж байсан бол нэг мэдэхэд том шагналын эзэн болчихлоо. Энэ хугацаанд тасралтгүй загварын ертөнцөд ажиллалаа. Аливаа зүйлд тууштай явах нь надад сайхан санагддаг. Үүндээ өөрөө аз жаргалтай болж, эрч хүчийг мэдэрч чаддаг.

- Загвараас гадна юу сонирхдог вэ. Ямар чиглэлээр суралцаж байна?
- Олон улс судлалын дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа. Сэтгүүлч гэхээсээ илүү телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч болох сонирхолтой. Цаашид аль нэг телевизэд нэвтрүүлэгч болох байх.

- Сэлэнгэ хэр завгүй хүн бэ. Ойрын үед юу хийхээр төлөвлөж байна?
- Би Ордос хот руу явж ирээд удаагүй байна. Нийтдээ 46 хүний бүрэлдэхүүнтэй баг яваад амжилтаар дүүрэн ирсэн. Нэг шагнал аваад завсарлана гэж байхгүй өөрийгөө юунд хүрч чадахыг харахыг хүсч байна. Одоогоор зав гайгүй байна. Чөлөөт цагаараа фитнессээр хичээллэнэ. Бүх зүйл хуваарийн дагуу байдаг учир түүртээд байдаггүй юм.

- Фото, тайзны загварын алинд илүү сонирхолтой вэ?
- Мэргэжлийн модель гэсэн нэрийг яагаад авдаг вэ гэхээр тайзан дээр ч, студид ч мэргэшсэн байх ёстой. Зөвхөн тайзанд загвар өмсөөд байвал тэр хүний тогоо жижигхэн байна гэсэн үг. Тиймээс жүжиглэх чадвар сайн байх ёстой. Өөрийгөө аль аль талд нь мэргэшүүлэхийг хүсдэг. Монголд л загвар өмсөгч зөвхөн загвараа өмсдөг. Гэтэл Солонгост бол модель хийж байна, дуулж байна, жүжиглэж байна. Харин манайд загвар өмсөгч дуулж, бүжиглээд эхэлбэл “саваагүй нохой саранд хуцна гэгчээр” гэж ирээд л шүүмжилдэг. Гэхдээ яагаад болохгүй гэж тийм ээ. Аль ч талдаа чадварлаг байхыг хүсдэг.

- Загвар өмсөгчид топ модель болоод л кино, клипэнд тоглоод эхэлдэг. Иймэрхүү санал ирж байна уу?
- Бага сага санал ирж байна. Toп модель болохоос өмнө санал авч байсан. Клип, реклам гэхээсээ илүү гэрэл зургийн санал ирж байсан.

- Загвар өмсөгчид сүүлийн үед царайгаар өрсөлдөх боллоо гэсэн шүүмжлэл бий. Чиний бодлоор загвар өмсөгч гэж хэн бэ?
- Би аливаа шүүмжлэлийг хүндээр хүлээж авдаггүй. Загвар өмсөгч гэдэг дизайнерийн уран бүтээлийг тайзан дээр амилуулж байгаа. Нэг ёсондоо үзэгчдэд тэр уран бүтээлийг хүргэж байгаа хүргэгч. Дизайнер юу харуулахыг хүснэ, түүнийг л харуулдаг. Манайхан загвар өмсөгчид хувцаснаас илүү өөрсдийгөө харуулах дуртай болсон гэж шүүмжилдэг. Хоёр талтай л даа. Учир нь загвар өмсөгч бол амьд өлгүүр биш. Нэгэнт гоо сайхныг мэдрүүлж байгаа учир тэр энергийг хувцастайгаа хослуулж хүргэх ёстой.

- ”Гоёл-2010” наадмыг загварын биш сайхан хүүхнүүдийн өрсөлдөөн болчихлоо гэж тодорхойлсон шүү дээ?
- Наадах чинь надад сайхан санагдаж байна. Гоёл наадамд хамгийн сайхан хүүхнүүд орох ёстой. Мэдээж улсын ганцхан том наадамд сайхан хүүхнүүд орж байж тэр наадам утга учиртай болно шүү дээ. Монгол хүүхнүүд улам сайхан болох болтугай.

- Гадна, дотны миссийн тэмцээнд оролцож байсан уу. Тийм сонирхолтой юу?
- Миний хувьд Монголдоо болон олон улсын чанартай тэмцээнд моделиор болон миссээр оролцож байсан. Гэхдээ хольж ойлгож болохгүй. Би модель болсноороо миссийн тэмцээнд ороогүй. Эмэгтэй хүн болж төрсөн учир орсон. Моделийн туршлагаа ашигласан гэж хэлж болно. “Азийн супер модель” тэмцээнд 2009 онд оролцоод Азийн супер арван загвар өмсөгчийн нэгд шалгараад ирсэн. Цаашдаа иймэрхүү тэмцээнд орохыг хүсч байгаа.

- Сэлэнгэ, гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
- Би айлын бага. Дээрээ нэг эгчтэй. Гэр бүлийнхэн маань намайг маш их дэмждэг. Багадаа ээжтэйгээ ярилцаад моделийн агентлагт орохоор шийдсэн. Гэрийнхэн маань миний хамгийн том шүүмжлэгч, бас фенүүд. Мэдээж, тийм байж би эрч хүчээр сэлбэгдэж байгаа. Сэтгэлээр унах тохиолдолд сэргээж өгөх, эсвэл хэтэрхий оодорсон үед намайг дарах алтан цензурыг ойлгуулж байгаа хүмүүс бол манай гэрийнхэн.

- Эрх үү?
- Багадаа эрх байсан. Одоо тийм биш. Багаасаа загварын агентлагт ороод биеэ даагаад сурчихсан гэхүү дээ.

- Эмэгтэй хүний гоо сайхны талаар загвар өмсөгчдөөс асуух дуртай. Чиний хувьд гоо сайхандаа яаж анхаардаг вэ?
- Бид байнга ачаалалтай ажиллана, арьс их ядарна. Илүү их арчилгаа шаарддаг юм. Үсээ байнга индүүднэ, сэнсдэнэ. Амтай, хэлтэй бол орилдог л байх хөөрхий. Эрүүл байх зорилгоор эмчилгээний бүтээгдэхүүн илүү хэрэглэдэг. Амьдралдаа мөрддөг дүрэм бол байнгын хөдөлгөөн. Хөдөлгөөн багасаад ирэхээр бие хүндрээд, юм хийхээс дургүй хүрээд байдаг юм. Өвөл фитнессээр, зундаа усан спортоор хичээллэнэ. Өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Хамгийн гол нь үнэтэй гэхээс илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг.

- Эмэгтэйчүүд загвар өмсөгчдөөс жингээ хэрхэн барих аргыг суралцахыг хүсдэг?
- Загварынхан өөрсдийн гэсэн арга барилтай. Таргалалт нь хүний физиологийн онцлогоос шалтгаалдаг. Зарим хүн хоолноос, зарим нь хөдөлгөөн дутагдсанаас таргалдаг. Тиймээс таргалалтын шалтгаанаа зөв тодорхойлох хэрэгтэй. Хоолоо хасаад л байдаг турахгүй байгаа бол юунаас болж таргалж байгаагаа мэдэхгүй байна гэсэн үг. Би хөдөлгөөнийг шүтдэг. Хүн бүх булчингаа ажиллуулж байж бие махбодь сэргэнэ шүү дээ. Нойр хүртэл сайхан болдог, царайны өнгө сайжирдаг. Заавал аэробек гэлгүй бүжгийн дугуйланд ч явж болно шүү дээ. Илүү сонирхолтой. Иогоор хичээллэсэн ч болно.

- Хоолонд хэрхэн ханддаг вэ?
- Би хоолонд сайн. Хийхдээ ч сайн. Багаасаа их иддэг байсан. Жин барих гэж хүмүүс ярьдаг. Би заримдаа ааваасаа их идчихдэг /инээв/. Хөдөлгөөн их хийдэг учир хоолноос болж таргална гэж санаа зовдоггүй. Тэр бүлээрээ амралт, зугаалгаар явахдаа хоолоо зохиож хийгээд идэх дуртай. Сэтгэл гаргаж хийсэн хоол маш амттай байдаг. Тийм хоолыг идэх дуртай.

- Загвар өмсөгчийн ажил хэцүү. Хүмүүс тэр бүр ойлгохгүй байх нь бий?
- Мэдээж, байгалиас заяасан гоо сайхан байна. Зөв салбартаа, хэрэгтэй мэргэжлээ эзэмшинэ гэдэг аз жаргал. Магадгүй би намхан, тарган байсан бол энэ салбар руу зүглэхгүй. Байгалиас заяасан бие организмыг сайхан авч явах ёстой. Өөртөө цаг, зав гаргаж, өөрөөсөө кайф авах ёстой. Загвар өмсөгч болоод би шантармаар хэцүү зүйлийг туулаагүй. Бүх зүйл урсгалаараа, хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийгээд явдаг байсан.

- Тайзан дээр эвгүй байдалд орж байсан уу?
- Үгүй ээ. Харин тайзан дээр бүжиглэх, элстэй, устай тайзан дээр алхах тохиолдол байдаг. Тэр болгоныг маш сайн мэдрэх ёстой. Бага байхад тайзанд гарахын өмнө их түгшдэг байлаа. Гэхдээ тэр айдас их амттай. Тайзан дээр гарахын өмнөх торгон агшин надад их гоё санагддаг. Гүнзгий амьсгаа аваад , өөртөө урам өгдөг.

- Бүжиглэдэг үү?
- Бүжиглэх дуртай. Хөдөлгөөний эвсэл хүн бүрт байдаг. Өөрийгөө эвсэлтэй гэж боддог. Үгүй бол тайзан дээр өдий амжилтыг гаргахгүй байсан байх. Зүгээр тайзан дээр алхаад байгаа юм шиг хэрнээ асар их техниктэй шүү дээ.

- Гоо сайхны мэс заслын талаар ямар бодолтой байдаг вэ?
- Миний хувьд гоо сайхны мэс засалд эрсдэлтэй л биш бол нээлттэй ханддаг. Яагаад гэвэл эмэгтэй хүн гоё сайхан байж, өөрөөсөө кайф авч амьдардаг. Ямар нэг зүйлдээ сэтгэл дундуур явдаг, түүнийгээ засахад гэм байхгүй. Хамгийн гол нь эрсдэлгүй байх ёстой. Maш хүнд ажилбарууд их хийлгэж байна л даа. Юугаа засуулах вэ гэдгээ л сайн бодох хэрэгтэй байх. Урлагийнхан бол хүмүүст эрч хүч, таашаал өгч байгаа гэдэг утгаар хийлгэхэд зүгээр гэж боддог.

- Чиний хувьд биенийхээ аль хэсэгт сэтгэл дундуур байдаг вэ?
- Одоохондоо сэтгэл дундуур зүйл алга. Нас ахиад ирэхээр гарч ирж магадгүй. Одоо бол өөртөө сэтгэл хангалуун байна.

- Тэгвэл сэтгэл дундуур зүйл гараад ирвэл гоо сайхны мэс засал хийлгэхээс татгалзахгүй байх нь ээ?
- Магадгүй. Асуудалгүй шүү дээ. /инээв/

- Гэр бүлийн амьдралаа хэзээ зохиох гэж байна?
- Бодож төлөвлөсөн зүйл байгаа. Болох байх аа /инээв/

- Манай загварын ертөнцийн тогоо хэр халуун, дулаан санагддаг вэ?
- Загварын ертөнц хурдацтай хөгжиж байна. Маш олон загварын агентлаг байна. Бүх модель, агентлагууд шилдэг нь болохын төлөө өөрсдийгөө дайчилж байна. Энэ нь давуу тал. Гэхдээ сайныг дагаад саар гэдэг шиг зарим залуу моделиуд бэлэн болоогүй мэргэшээгүй байхдаа их зан суух, энэ нарийн мэргэжлийг буруу ашиглах нь бий. Энэ нь нийгэмд буруу ойлголт төрүүлэх нь бий.

- Сүүлийн асуулт. Загварын ертөнцөд хэн нэгнийг үлгэрлэн дууриаж, бишрэн хүндэлдэг хүн байдаг байх. Энэ талаар ярихгүй юу?
- Мэдээж хүн өөрөөсөө илүү зүйлийг харж хүндэлж, үлгэр дууриал авдаг. Гадаадын болон дотоодын олон загвар өмсөгч бий. Манай топ моделиуд байна. Бүгд өөрийн тэсэн техниктэй, зан чанартай. Биеэ авч явж байгаа бүх зүйлээс нь үлгэр жишээ авдаг. Дэлхийн загварын алхаа ямар байна, Викториа Секретийн моделиуд яаж тайзан дээр жүжиглэж байна, халуухан байж чадаж байна гэдгийг үзэх дуртай. Энэ бүгдэд анализ хийж чадвараа ахиулахыг хичээдэг дээ.

Б.Солонго

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.