"Тендер"-ээр тоглож, төсвийн мөнгө залгигчдад эрүүгийн хариуцлага тооцно

2011/01/17
Share |
Хүмүүс:

Улсын төсөв зузаарч, бүтээн байгуулалт өрнөх тусам тэдгээрийг барьж байгуулах гүйцэтгэгч компани, боловсон хүчнүүдийг өрсөлдүүлэхээр тендерийн ажиллагаа тасралтгүй явагдсаар байна. Энэ онд гэхэд л улсын төсвийн дийлэнх нь бүтээн байгуулалтад зарцуулагдахаар төсөвлөгдсөн байгаа. Мөн 2009 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр нийт 305 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсний 84 хувь буюу 256 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар явуулжээ. Харин 5.8 хувь буюу 17.6 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг харьцуулалтын, 2.6 хувь буюу 7.8 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хязгаарлагдмал тендер шалгаруулалтаар, 7.6 хувь буюу 23.6 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар хэрэгжүүлсэн байна.

Харин гүйцэтгэгч компанийн гараас гарч байгаа бүтээгдэхүүн хэр чанартай, цаг хугацаандаа хийгдсэн нь тэр бүр мэдээлэгдээд байдаггүй. Хугацаанаасаа хойшлогдох тохиолдол цөөнгүй давтагдаж харагддаг. Зарим гүйцэтгэгч компаниуд ямар нэг шалтгаан дурдан жил жилээр хойшлуулсаар байх нь ч бий. Улсаас тухайн бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компанийг тендерийн дагуу сонгон шалгаруулсан атал алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр төсвийн хөрөнгийг завшчихаад ажлыг нь уяад байдаг тал анзаарагддаг нь нууц биш. Тендерийн сонгон шалгаруулалтаар ялагч болчихоод яагаад хийх ажлаа хойш тавиад, улсын ажлыг цалгардуулаад байна вэ гэдэг дээр хариуцлага тооцдог эсэх нь тодорхойгүй. Үүнээс үүдээд олны хэл ам ч тасардаггүй билээ. Ерөнхийдөө тендерийг хэвлэл мэдээллээр нээлттэй зарлан, захиалагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ирсэн журам өнөөдөр ч хүчинтэй хэвээр үргэлжилж байгаа.

Мэдээж, тендер зарласан хугацаанд оролцогч байгууллагууд материалаа бүрдүүлэн өгч, цаашлаад ялагч компанийг оролцогчдыг байлцуулан нээлттэй явуулдаг. Ингээд бодохоор тендер ил тод, нээлттэй явагдаад байгаа мэт. Гэвч бодит байдал дээр энэ нь өнгөц, эндүүрсэн дүгнэлт болж таардаг. Учир нь тендер явагдаж хэвлэл, мэдээлэлд нийтлэн зарлахаас урьтаад гүйцэтгэгч компани нь тодорхой болчихсон байдаг гаж тогтолцоо Монголд үйлчилсээр байгаа билээ.

АТГ-т тендертэй холбоотой гомдол, өргөдөл ирэх нь нэмэгдэж, одоогийн байдлаар 68 хэргийг шалгасан төдийгүй заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэсэн. Ард иргэдийн дунд ийн шүүмжлэлтэй яригддаг байсан уг асуудал төрийн түшээдийн сонорт хүрч, тэд ч үүнийг батлан шүүмжлэлтэй хандлаа.

Хуулийг хэрэгжүүлсэн дүр эсгэж, төрийг хуурч, дундаас нь тэрбум тэрбум төгрөг унагахаар төрийн өндөр албан тушаалтнууд ур ухаанаа уралдуулдгийг эрхэм түшээд илээр шүүмжилж байсан юм. УИХ-ын гишүүн Н.Ганбямба "Тендерийн захиалагчийг төрийн өндөр албан тушаалтнууд зааварлан тодруулж, ажлаа гүйцээлгүй орхиж эсвэл чанаргүй гүйцэтгэн арилж оддогийг зогсоох цаг болсон" хэмээж байсан. Тиймдээ ч тендер будлиантуулсан нөхдөд хариуцлага тооцож, арга хэмжээ авдаг байхаар хуульд зааж өгөхөөр УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь, Г.Баярсайхан, Ж.Сүхбаатар нар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барьсан юм.

Өнөөдөр амьдрал дээр чанаргүй, стандартгүй, захиалагч нь хүлээн авсан, гүйцэтгэгч нь хийсэн нэр зүүж төсвийн хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарсан хөрөнгө оруулалтын ажлууд хөдөө орон нутаг, төв суурин газруудад ихээр хийгдэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ талын зөрчилд хариуцлага хүлээлгэх заалтууд байдаг ч хэрэгждэггүй, хэрэгжүүлэх субьект нь ч тодорхой бус. Ногдуулж байгаа торгуулийн хэмжээ нь хууль зөрчсөнөөс үүдэн гарах сөрөг үр дагавар, үр дүнтэй харьцуулахад дэндүү бага байна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Иймээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох үүднээс Эрүүгийн хуульд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчих" гэсэн зүйлийг нэмэлт болгож оруулах шаардлагатай гэж үзэж хуулийн төсөл санаачилжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас зургаан cap хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Үүнтэй зэрэгцээд тендерийн гүйцэтгэгчийг зааварлан тодруулдаг төрийн өндөр албан тушаалтанд ч хариуцлага тооцдог болгон хуульчлах нь зүйтэй болов уу. Тендерээр бизнес хийж, төсвийн мөнгийг залгигчдад тооцох хариуцлагыг чангатгаснаар бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, бүтээгдэхүүний чанар ч сайжирна биз ээ.

Н.Энхлэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.