Б.Ганбат арслан түрүүлэх ёстой болоод л түрүүлсэн

2011/02/01
Share |
Хүмүүс:
Б.Ганбат арслан түрүүлэх ёстой болоод л түрүүлсэн

Монгол Улсын залуу заан Мөнхсайханы Өсөхбаяр сар шинийн босгон дээр манай сонины уншигчидтай уулзаж байна.

-М.Өсөхбаяр заан хэдхэн хоногийн өмнө болсон Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ. Сар шинийн өмнөх улсын цолтнуудын сүүлийн барилдаан байсан болохоор таныг битүүний барилдаанд өнгөтэй наадах байх гэж бодож байна?
-Баярлалаа. Тэр өдөр бие хөнгөн, өөрийнхөөрөө, сайхан барилдсан. Сар шинийн барилдааны бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангалаа. Хэд хоног “Тэрэлж”-д бэлтгэл хийсэн. Монгол хүн бүр битүүний өдөр бөхөө харах гэж хүлээж байдаг. Тэр утгаараа энэ барилдаанд илүү сайн бэлтгэлтэй, хүндэтгэлтэй оролцохыг хичээдэг.

-Ямар дээлээр гоёх гэж байна?
-Бөх хүн байна, сар шинэдээ зориулж дээл хувцсаа бэлдэж, зэхсэн байгаа. Тэр өдөр эхнэртэйгээ ярилцаж байгаад өмсөх дээлээ сонгоно доо.

-Ер нь дээл хийхдээ ямар өнгө сонгодог вэ?
-Янз бүр дээ. Дээлийн торго, дурдан их өргөн сонголттой ч болчихсон байна. Ер нь нэг их олон юм бодож, өнгө тааруулдаггүй. Биед эвтэйхэн материалтай байвал зүгээр юм уу гэж боддог. Гэхдээ бас билэг дэмбэрэлийн шинжтэй сонголтууд хааяа байна аа. Заан болдог жил их сонин. Надад барилдааны байнд ирсэн шаргал өнгийн даавуугаар би тэр жил дээл хийлгэж өмссөн юм. Алтан шаргал, нүдэнд дулаахан, сайхан өнгөтэй болохоор нь билгэшээгээд наадмын дээлээ оёултал надад заан цолны тэмдэг зүүлгэсэн. Тэгэхэд аливаа юмны билгэшээл гэдэг өөрөө сэтгэлд зөв мэдрэмж өгч байдаг юм уу гэж дараа нь бодогдож байсан.

-Та цагаан сарын барилдаанд яаж барилдаж байсан бэ?
-Үнэнийг хэлэхэд, сар шинийн барилдаанд дөрвөөс дээш давж үзээгүй юм байна шүү /инээв/.

-Өнгөрсөн жилийн наадмаас хойш заалны барилдаанд хэд түрүүлсэн байна?
-Хоёр барилдаан шиг санаж байна. МАХН-ын 26-р их хуралд зорилсан барилдаан, сая сүүлд болсон Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлсэн. Нийслэлийн өдрийн болон МҮБХ-ны намрын улирлын нээлтийн барилдаанд үзүүрлэлээ. Өөр бас хоёр барилдааны их шөвөгт үлдсэн байна. Иймэрхүү л амжилттай барилдлаа. Гэхдээ өмнөх жилүүдээ бодвол энэ жил хөлөндөө бэртэл аваад нэг их олон барилдаагүй. Уг нь би болж өгвөл заал, танхимын барилдаан алгасахгүй байхыг хичээдэг. Бөхчүүдийн хувьд заалны барилдаан л бэлтгэлээ хянах, байнгын барилдаанч байх, хөдөлмөрч байх гээд хамгийн гол суурь болж өгдөг. Бие биенээсээ суралцана. Хэн яаж барилдаанаа сайжруулж, бэлтгэл сургуулилт хийж байгааг судална. Өөрийгөө байнгын бэлтгэлтэй байлгана гэсэн үг л дээ. Тийм болохоор өөрөө барилдахгүй юм аа гэхэд байнга “Бөхийн өргөө”-нд болж байгаа барилдааныг үзэхийг хичээдэг. Бэртлээ гайгүй эмчлүүлсэн болохоор одоо наадам хүртэл байнга барилдана л гэж бодож байна

-Наадам гэснээс өнгөрсөн жилийн наадмаар та ахтайгаа зургаагийн даваанд тунаж барилдаад давсан. Тухайн үед харцага Д.Баасандоржийг заан цолны төлөө долоогийн даваанд гарч ирэх байх гэж бодож байлаа. Энэ барилдааны тухай ярьж болох уу?
-Зургаагийн даваа юу...Зургаагийн даваа ах, бид хоёрын хувьд жаахан харамсалтай зүйл болсон. Гэхдээ тунасан бол тунасан, дүрэм бол дүрэм шүү дээ. Ардын төрийн их баяр наадамд ах, дүү хоёр таарч барилдана гэдэг ховор л тохиолдол байх. Д.Баасандорж ах бол миний ээжийн төрсөн дүү нь, намайг бөхийн энэ сайхан хүрээлэлд ёстой жинхэнэ хөтөлж авчирч оруулсан хүн. Бөхөд хайртай ард түмэн ойлгож байгаа байх аа. Ах маань намайг тэр барилдаанд дэмжсэн. Уг нь өөрөө цаашаа барилдсан бол харцага цолоо батлах, заан цолонд зүтгэх хүн шүү дээ. Бэлтгэл ч сайн байсан. Ер нь л Д.Баасандорж ах өнгөрсөн наадмын өмнө их өнгөтэй, бэлтгэл урьд өмнөхөөс сайн байгаа санагдаад байсан. Гэтэл ах тийм чухал даваанд намайг дэмжихээр шийдсэн. Уг нь бид хоёр зургаагийн даваанд зөрөөд барилдсан бол... гэж тэр үед ч, одоо ч бодогддог л юм. Гэхдээ түрүүн хэлсэн дээ, Төрийн наадамд бол төрийн наадам шүү дээ.

-Долоогийн даваанд та өнгөрсөн жилийн түрүү бөх Б.Ганбат арсланд өвдөг шороодсон. Магадгүй өмнөх даваанд ахтайгаа таарсан болохоор долоо дээр биеэ барьсан тал байсан уу?
-Яг тухайн үед сэтгэлзүйн нэг тийм ээдрээтэй байдал байх нь байсан. Ахынхаа итгэлийг алдчихгүй юмсан гэсэн бодол биеэ барихад нөлөөлсөн байх талтай. Гэхдээ барьц сонгуулаад би унасан уу, унасан. Наадмын дэвжээ хатуу шүү дээ. Тэр хатуу даваа, шалгуурыг наадамд зодоглож байгаа бөх хүн өөр өөрийнхөөрөө л даван туулдаг. Наадмын түрүү гэдэг тийм ч амархан олддог алдар хүнд биш шүү. Б.Ганбат арслан хэчнээн жил энэ цолны төлөө хөдөлмөрлөлөө. Тэр сайхан бөх түрүүлэх ёстой хүн байсан болоод л түрүүлсэн. Тэгэхээр................................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.