Д. Кёкүшюзан Батбаяр: Аварга энэ хэрэгт холбоогүй, гэхдээ асуудал хаашаа ч эргэж мэднэ

2011/02/09
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Д. Кёкүшюзан Батбаяр: Аварга энэ хэрэгт холбоогүй, гэхдээ асуудал хаашаа ч эргэж мэднэ

Сумочид үзэгчид, сонирхогчдоо хууран мэхэлж, давааны найраа хийдэг байсан талаар баримт дэлгэгдэж, шуугиан тарих болов. Гэтэл энэхүү хэргийн гол буруутан нъ монголчууд гэх мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болжээ.

Тэр дундаа давааны найрааны загалмайлсан эцэг нь монголын анхны сумочид гэнэ. Монголын үндэсний бөх хэзээний найраатай нъ ийн хардах гол шалтгаан болсон аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяртай уулзаж ярилцсан юм.

- Сүмо бөхийн давааны найрааны загалмайлсан эцэг нь монголчууд хэмээн шуугиж байна. Тэр дундаа та тэдний нэг нь бололтой. Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд ямар нэгэн тайлбар хиихгүй юу?

- Давааны найраа байдаг, байдаггүй гэх асуудал эртний л яригддаг байсан. Хачирхалтай нь, 1990 оны эхээр Монголын үндэсний бөхөөс гаралтай гэх байдлаар Японы зарим хэвлэл мэдээлэл нийтэлсэн байна лээ. Би 1990 оны эхээр Японд очиж, сүмо барилдаж байлаа. Намайг анх тэнд очиход л үнэн худал нь мэдэгдэхгүй ийм яриа байсан.

- Магадгүй таныг үндэсний бөхөөр барилддаг байсан болохоор тань хамгийн их сэжиглэж байгаа юм болов уу?
- Би үндэсний бөхөөр барилддаг байсан нь үнэн. Гэхдээ би хэзээ ч найраа хийж яваагүй. Иймээс Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд ч давааны найрааг монголчууд оруулаагүй гэдгийг хэлчихье. Олон жил ийм яриа байсан ч ямар ч холбоо, бөх үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Сүмо бөхийн холбоо хүртэл хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин өнөөдөр хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй боллоо. Бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд эхэлчихлээ шүү дээ.

- Танд давааны найрааны санал ирж байсан уу?
- Үгүй ээ, ирж байгаагүй. Хэрэв би найраа хийж байсан бол хэргээ хүлээхэд бэлэн байна. Би дээд зиндаанд олон жил барилдсан хүн.

- Японоос хамгийн сүүлд ямар мэдээлэл авсан бэ?
- Японы цагдаагийн хэлтсийнхэн өнөөдөр (өчигдөр) хурлаа хийж байгаа. Шинээр олон мэдээлэл гарч ирж байгаа сурагтай. Энэ хурлаар их асуудал шийдэгдэх байх.

- Монголын хоёр сүмоч дээрх асуудалд нэр холбогдлоо…?
- Монголын хоёр бөхийн нэр шалгалтын явцад байгаа. Тэр хоёр энэ хэрэгт холбогдоогүй гэж бодож байна. Өөрсдөө “Би худлаа мөнгө авч барилдсан эсвэл өгсөн” гэдгээ мэдэгдсэн цагт л үүнд итгэж, хүлээн зөвшөөрнө. Түүнээс биш Монголын бөхчүүдийг хардаж болохгүй. Хэрэв монголын бөхчүүд оролцсон нь тогтоогдвол том асуудал үүснэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр монголын үе үеийн сүмочдын асуудал хөндөгдөнө. Цаашлаад их аваргын асуудалч яригдах магадлалтай.

Мөн Японд байгаа Монголын 40 гаруй сүмочны асуудал ч бүрхэг болно. Нарийн яривал хөөгдөж эх орондоо ирэх болно.

- Дээрх нөхцөл байдлаас болж ганц японы сүмо сонирхогчид төдийгүй монголынхонд ч гэсэн таагүй сэтгэгдэл төрж байгаа болов уу?
- Монголчуудын хувьд айхтар асуудал биш л дээ. Үндэсний бөхөд найраа байдгийг мэддэг, ойлгодог. Тэр битгий хэл, тавын даваанд улсын цолтой бөх нь цолгүйгээ хаячихвал нутгийнхан нь уурладаг. “Энэ одоо өгчихгүй, яасан өөдгүй амьтан бэ” гаж ирээд л. Энэ үүднээсээ дээрх асуудалд ноцтой байдлаар хандахгүй байгаа юм шиг хэрнээ сүмочид үзэгчдээ хууран мэхэлж байсан гэхээр сэтгэл эмзэглэх юм.

- Гуравдугаар сарын башё цуцлагдлаа. Тэр ч бүү хэл, цаашлаад Сүмо бөхийн холбоо татан буугдах саналыг ч удирдлагууд нь гаргасан. Таны хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?
- Өнөөдрийн байдлаар гуравдугаар сарын тэмцээн хойшлогдлоо. Гэхдээ ганц удаа л хойшилсон нь энэ байгаасай. Сүмо бөхийн холбооны зарим албан тушаалтан сүмог бүр мөсөн болиулж, холбоог нь татан буулгах санал гаргаж байсныг сонссон. Ингэснээр Монголын бөхчүүд онгоцонд суугаад эх орондоо ирэх болно.Харамсалтай байгаа биз. Монголчууд сүмогийн дэмжээг хэрхэн эзэгнэсэн билээ дээ.

Тэдгээр албан тушаалтнуудын үзэж буйгаар 10 хүн зөвхөн хоорондоо барилдаагүй нь мэдээж. Иймээс нэр холбогдсон хүн бүрийг нягталж шалгах юм билээ. Цаашлаад дэвжээнээс хөөнө. Үүнээс Монголын үндэсний бөхийн холбоо ч гэсэн сургамж авч цаашид бодолтой баих хэрэгтэй. Мөн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй болов уу. Хуурамчаар нэгнээ баясгаж, ард түмнээ хуурдаг байдлаа зогсоох цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, аварга, начны найраа гэдгийг халья гэж уриалмаар байна.

- Давааны найраа хийсэн нь нотлогдсон бөхчүүдэд ямар хариуцлага хүлээлгэх бол?
- Японы хууль дүрмийн дагуу л асуудал шийдэгдэнэ. Миний мэдэхээр зодгоо тайлсны дараа урт хугацааны тэтгэвэр, тэтгэмж авдаг байсныг өгөхгүйгээр бүр мөсөн хөөх шийдвэр гаргасан байна лээ. Одоогийн байдлаар 10 гаруй бөхөд шийтгэл оногдуулаад байна.

- Гар утсан дээрх мессеж нотлох баримт болж байгаа гэл үү?
- Гар утсан дээр байсан мессежүүдийг нягталж байгаа юм билээ. Бид гар утсан дээрх мессежээ уншчихаад устгадаг даа. Гэтэл цагдаагийн газрынхан төвөөс нь өмнөх хэдэн сарын мессежийг баримттай нь гаргаж ирсэн гэнэ. Хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөгөөр найраа хийж байсныг нь тэрхүү мессеж нотлож байгаа юм билээ.

- Нэр холбогдсон хоёр бөхтэй холбогдсон уу. Танд юу гэж байх юм?
- Мөнх-Оргил, Нямсүрэн хоёртой холбогдоогүй байгаа. Гэхдээ надтай утсаар олон бөх холбогдсон.

- Монголын хоёр бөхийг дарамталсан юм биш үү. Энэ талаар мэдээлэл ирсэн үү. Магадгүй тэднийг дарамталж хэргийг хүлээлгээд манай сүмочдыг шахах гэсэн бодлого байгаа юм биш биз хэмээн сүмо сонирхогчид хардаж байгаа?
- Энэ талаар мэдээлэл гээд байх юм алга. Угаасаа ойлгомжтой асуудал. Гэхдээ тэр хоёрыг дарамталж дийлэхгүй ээ. Тэр хоёр хэргийг хүлээн зөвшөөрсөн үед л асуудал   шийдэгдэнэ шүү дээ. Одоогоор хүлээн зөвшөөрөөгүй. Мэдээж, монголчууд сүмогийн дэвжээг үнэхээр эзэгнэгсэд. Иймээс наанаа инээж байгаа ч цаанаа дургүй байгаа нь тодорхой. Энэ байдлаа ил гаргаж ирэхгүй нь мэдээж. Цаагуураа элдэв зүйл хийж байхыг үгүйсгэхгүй.

- Хакүхо эх орондоо өчигдөр (уржигдар) ирэх байсан. Гэтэл Японы Сүмо бөхийн холбооноос нислэгийг нь тодорхой хугацаагаар хойшлуулсан байсан. Энэ нь Мөнх-Оргил, Нямсүрэн хоёртой холбоотой юу?
- Хакүхо эцэг эхдээ ирж золгох байсан юм. Харамсалтай нь дээрх нөхцөл байдлаас болоод хойшлогдсон. Сүмо бөхийн холбооноос түүний нислэгийг хойшлуулсан юм. Аварга энэ хэрэгт холбоогүй. Гэхдээ асуудал хаашаа ч эргэж мэдэх учир Японд байж, хуралд суух шаардлагатай гэж үзсэн юм билээ. Хэрэв тэр хоёрын нэр мессежээр гарч ирвэл, цаашлаад хэргээ хүлээн зөвшөөрвөл монголын үе үеийн сүмочдын асуудал хөндөгдөх болно.

Энэ хоёр зөвхөн япончуудтай юу, эсвэл монголчуудтайгаа найраа хийсэн үү гэхчлэн. Энэ мэтчилэн хөөгөөд ирвэл Хакухо ч хөөгдөх магадлалтай. Энэ байдал улам л хүндрэх бололтой. Кая хүртэл сэтгэл зовниж байна. Энэ олон жил дээд зиндаад барилдчихаад зодог тайлах гэж байхад нь ийм хэрэг боллоо. Хэрэв түүний нэр хэрэгт холбогдвол хөөгдөнө.

- Япончууд монголын хоёр бөхийг дарамталж хэрэг хүлээлгэх нь гэх мэдээлэл цацагдаж байсан. Энэ талаар та мэдсэн үү?
- Бодитой байдалд орсон тохиолдолд л дарамтална уу гэхээс хэзээ ч ямар нэгэн дарамт үзүүлж байгаагүй. Тэр дундаа цагдаагийн байгууллага нь хэзээ ч хуулийн гадуур үйлдэл хийдэггүй.

- Тэгвэл хэрэг шударгаар шиидвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа юм уу?
- Япон бол өөр улс. Ямар нэгэн байдлаар авлигад идэгдэж худал шийдвэр гаргахгүй. Дарамт шахалтаар хэрэгт хандах тохиолдол байхгүй. Ямар Монголд байгаа биш дээ. Япон маш шударга улс. Хууль нь ч, бөх нь ч маш шударга явагддаг. Тэгэхээр тэр хоёрыг хэлмэгдүүлэх асуудал огт байхгүй. Тэр хоёр хүлээн зөвшөөрвөл үнэн л гэсэн үг.

- Тэр хоёр давааны найраа хийж байснаа хүлээн зөвшөөрвөл бүх зүйл эсрэгээрээ эргэнэ. Цаашлаад Монголын сүмочдын нэр хүнд шалдаа бууж, тэнд байгаа бөхчүүд маань ч эх орон руугаа хөөгдөхөд хүрнэ. Энэ үед ахмад сүмочны хувьд юу гэж хэлэх вэ?
- Японы хэвлэл мэдээллийнхэн надтай ярилцлага хийх гээд ирчихсэн байна. Тэд найраа Монголын үндэсний бөхөөс угшилтай, дээр нь 1990 оны эхээр гарч ирсэн талаар сүмочдын хамгийн өндөр албан тушаал хашиж байгаа надаас асуух гэж ирсэн юм. Гэхдээ би тэдэнтэй одоогоор уулзахгүй.

Монголынхоо бөхчүүдийн байр суурийг харчихаад уулзана. Тэгэхгүй бол тэд маань оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрвөл би буруу мэдэгдэл хийсэн болж таарна. Цагдаагийн байгууллагын хурлын дараа л тэдэнтэй уулзах бодолтой байна.

Харин Монголынхоо хэвлэл мэдээлэлд хандаж хэлэхэд, одоогоор Монголын бөхчүүдээс хөөгдсөн хүн байхгүй. Мөнх-Оргил, Нямсүрэн хоёрын нэр шалгалтад орчихсон байгаа. Гэхдээ энэ хоёр хөөгдөөгүй шүү гэдгийг тодотгоё.

Л. Нинжсэмжид "Нийгмийн толь"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin купить Герик Оха стаф в Сарове Спайс в Сураж Москва ТропарёР²Ð¾-НикулÐ
IP:93.179.90.14  2018-09-21 03:12:28
Jjevrhrk , https://vibilsforthe.bandcamp. com/album/how-to-inspire-someo ne-to-lose-weight how_to_inspire_someone_to_lose _weight, https://ciagrazdempber.bandcam p.com/album/catchy-tinder-bios -for-guys catchy_tinder_bios_for_guys, https://adhotconscons.bandcamp .com/album/nextdoor-chateau-el an nextdoor_chateau_elan,
IP:79.133.106.25  2018-12-17 02:39:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.