Ж.Оюундарь: Хайр, хагацал, учрал бүхэн цаг хугацаандаа үнэтэй

2011/02/10
Share |
Хүмүүс: Оюундарь | 
Ж.Оюундарь: Хайр, хагацал, учрал бүхэн цаг хугацаандаа үнэтэй

- Мартын наймны баярыг бүсгүйчүүд хүсэн хүлээдэг. Та энэ өдрийг хэрхэн баярлаж өнгөрүүлдэг вэ?
- Бид ээжийгээ сайхан баярлуулдаг. Ах дүү, төрөл садан, гэр бүлээрээ цуглаж, энэ баярыг өргөн тэмдэглэдэг. Ээж минь концерт үзэх дуртай. Охины хувьд дуртай бэлгийг нь гардуулж, өөрийнхөө гараар дуртай хоолыг нь хийн, хүссэн бүгдийг нь биелүүлэхийг хичээдэг. Эх хүний хувьд үр хүүхэд нь эрүүл саруул, элэг бүтэн, өөдрөг амьдарч яваа нь хамгийн сайхан бэлэг болдог юм шиг санагддаг.

- Хань тань танд сюрприз барьдаг уу?
- Өнгөрсөн жил сарнай цэцгийн хамт, сэтгэлд минь таалагдсан сайхан бэлэг өгсөн. Бүсгүйчүүдийн дуртай баяр болохоор ханиасаа урам хайрласан үг сонсохыг хүсдэг. Чин сэтгэлээсээ хэлсэн халуун дотно үг нь надад хамгийн сайхан бэлэг болдог.

- Энэ жилийн баяраар тайзан дээр тоглоод Та завгүй байх нь ээ?
- Тийм ээ. Одоохондоо нөхөр маань гадаадад байгаа. Хэдий хол байгаа ч хань маань намайг баярлуулах байх аа гэж бодож байна. Би сэтгэлийн бэлгийг их эрхэмлэдэг.

- Ээж байхын жаргалыг ямар үед илүү мэдэрдэг вэ?
- Өмнө нь амьдрал зохиогоогүй, ганц бие байхдаа өөрийгөө их боддог аминчхан байжээ. Хүүтэй болсон цагаасаа эх хүний аз жаргалыг мэдэрч байна. Үр хүүхэд гэр бүлд ямар их аз жаргал хайрладаг юм бэ. Ажлаа тараад гэр рүүгээ яаран тэмүүлнэ. Завгүй үед ээж хүүг минь асардаг. Намайг оройтохоор хаалганаас харцаа салгахгүй ширтээд, эмээдээ “Би ээжийгээ санаад байна” гээд хэлдэг гэсэн. Завтай үедээ хүүдээ үлгэрийн ном уншиж өгөх дуртай. Нэг биш нижгээд ном уншуулах гэж зүтгэчихнэ. Уншуулсаар байгаад сүүлдээ үг үсэггүй цээжилчихсэн байна лээ. Амьдрал үүрэг, хариуцлага шүү дээ. Залж явахад ухаан, итгэл хэрэгтэй. Тэр дундаа эмэгтэй хүнд нарийн, торгон мэдрэмж чухал санагддаг. Ямар ч хүнийг өөдрөг сайхан явахад гэр бүлийнх нь ойлгодог сэтгэл их нөлөөлдөг.

- Ханьтай байхын жаргал юу вэ?
- Амьдралын зовлон, жаргалтай үед сэтгэл буруулдаггүй хүн бол ханилсан хань л байдаг. Эр хүний түшиг тулгуур, нөмөр нөөлөг эмэгтэй хүнд хэрэгтэй. Амьдралын утга учир ерөөсөө гэр бүл. Хайрлаж, хайрлуулж амьдрахын сайхныг өдөр бүр мэдэрнэ гэдэг ханийн жаргал шүү дээ. Намайг төрсний дараа хүүтэй болсноо сонсоод нөхөр минь баярын нулимс унагаж байсан. Тэр үед орчлонд “Ээж ээ, аав аа” гэж дуудах үртэй байхын жаргалыг их мэдэрсэн шүү.

- Нөхрийнхөө ямар зан чанараар бахархдаг вэ?
- Нөхрөө магтаж байна гэж битгий бодоорой. Бусдад их тусархуу, цайлган сэтгэлтэй, юманд их мэдрэмжтэй, ухаалаг ханддаг хүн дээ.

- Анх танилцаж байсан дурсамжаасаа хуваалцаач?
- Урлаг биднийг учруулсан. “Ромео Жульетта” жүжигт тоглож байхад тайзан дээрээс анх олж харсан гэдэг. Тэр үеэс их боддог болсон гээд ярьдаг юм.

- Та ханиа сайхан залуу гэж бардам хэлж чадах уу?
- Чадна. Ханиа сайн, сайхан залуу гэж хэлнэ ээ. Сэтгэлд минь нийцсэн учраас сонгосон. Магтаж хэлэхэд үг багадна. Би амьдралынхаа сонголтод сэтгэл хангалуун байдаг.

- Нөхөртөө “Би чамд хайртай” гэж өдөр бүр хэлдэг үү?
- Хэлдэг. Ханиа хайрлаж байгаа бол энэ үгийг харамлаж, сэтгэл дотроо хадгалах хэрэггүй.

- Залуу хүн байна. Хайрын тухай бодлыг чинь сонсъё?
- Энэ хорвоод хайр шиг гэгээн зүйл ховор байх аа. Хүнийг байгаагаас нь илүү өөрчилж, амьдрах итгэл, урам зоригийг төрүүлж чаддаг гайхамшигтай зүйл бол хайр. Нэг нэгнээ хайрлах сэтгэлийг итгэл, найдвар гагнадаг гэж боддог.

- Хайрыг зовлонтой, жаргалтай гэх юм. Юу нь зовлон, юу нь жаргал болчихдог юм бэ?
- Аливаа зүйл сайнтай, муутай. Түүнтэй адил хайр ч гэсэн зовлон, жаргал, үзэн ядалт, гомдол, бахархал аль алийг нь дагуулдаг. Далай лам Данзанжамц “Их хайр их эрсдлийг дагуулдаг” гэж хэлсэн байдаг. Аз жаргалыг харамгүй өгдөг болохоор хайр жаргал ч байж болох. Харин итгэл алдарч, бөхсөн үед зовлон болж хувирдаг байх. Хайр, хагацал, учрал бүхэн цаг хугацаандаа үнэтэй. Хүн сэтгэлээрээ хайрыг илүү мэдэрдэг ч гомдол тээсэн үедээ зүрхээрээ илүү шаналдаг юм шигээ. Хайр мөнх, харин хүмүүний амьдрал мандаад жаргах нар шиг богино.

- Хамгийн сүүлд ямар ном уншив?
- Саяхан “Бодь мөрийн зэрэг” ном худалдаж авсан. Заавал уншина. Надад шашин, бизнес, адал явдлын тухай өгүүлсэн ном сонирхолтой санагддаг.

- Хөгширнө гэж бодохоор айдас төрдөг үү?
- Яалаа гэж дээ. Хөгширнө гэдэг байгалийн жам, түүнийг хэн ч зогсоож чадахгүй. Харин хийж бүтээсэн зүйлээр гавихгүй, амьдрал, уран бүтээлдээ өөрийн гэсэн жим, зам гаргаж чадахгүй хоцрох вий дээ гэхээс айдаг.

- Танд хүмүүс итгээд нууцаа ярьдаг уу?
- Ярьдаг. Намайг манай найзууд цоожтой авдар гэдэг юм. Нэгэнд нь нөгөөгийнх нь нууцыг ярьдаггүй. Ам халаад задалсан тохиолдол ч байдаггүй. Ямар ч үед түлхүүр таардаггүй цоож гэсэн үг.

- Хүсэл мөрөөдлийнхөө аль хавьд явна вэ?
- Хийж бүтээх зүйл их бий. Мөрөөдлийнхөө оргил өөд мацаж л явна. Харин хаана явааг минь цаг хугацаа үнэнээр нь харуулах байх аа.

- Өөрийгөө олны хайртай жүжигчин гэдэгтэй санал нийлэх үү?
- Энд тэнд тааралдахаар хүмүүс таньдаг хүн шигээ дотно мэндэлдэг. “Та авьяастай, чадварлаг уран бүтээлч шүү. Тоглосон дүр болгон чинь таалагддаг” гээд урам хайрлана. Хаана ч явсан хүндэлж, сайхан харилцдаг олны хайрыг дааж явах юмсан гэж хичээдэг.

- Саяхан тайзнаа тавигдсан “Би эр хүнд хайртай” жүжигт үзэгчид ам сайтай байна билээ?
- Энэ жүжгийн зохиолыг С. Жаргалсайхан бичсэн. Эмэгтэй, эх хүний дотоод сэтгэлийг хөндөж гаргасан бүтээл. Өнөө цагт эрчүүдийн хийх ёстой үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэж, амьдралын олон хүнд ачааг нуруун дээрээ үүрч яваа. Бүсгүйчүүд хүнд хэцүүг сэтгэлийнхээ тэнхээгээр даван туулж байгааг үнэн бодитоор нь жүжигт тусгасан. Ингэлээ гээд эрчүүдийг огт үгүйсгэж байгаа юм биш шүү. Эрчүүд бүхэн муу биш ээ. Гэр бүл, амьдралаа өөдрөг авч яваа олон залуу бий.

- Таны бүтээсэн Чимгээгийн дүр арай л өвөрмөц санагдсан шүү?
- Чимгээ амьдралын ээдрээтэй асуудалд аль болох эвээр хандахыг хичээдэг. Бусдын төлөө өөрөөсөө ч илүү санаа тавьж чаддаг хүн чанартай ухаалаг бүсгүй. Арилжаа наймаанд хөл тавьж, амьдралынхаа төлөө зүтгэж яваа бүсгүйчүүдийн төлөөлөл. Ийм бүсгүйчүүдийг амьдралд ухаалаг, тооцоотой ханддаг, дайчин, зорилго,тэмүүлэлтэй байдаг гэж боддог. Зохиолыг нь уншиж байхад надад Ундармаагийн дүр их таалагдсан.

- Хүмүүс үзчихээд сэтгэгдлээ хэрхэн илэрхийлж байх юм?
- Энэ жүжгийг үзчихээд эрчүүд “Ухаарал хайрлах амьдралын олон чухал асуудлыг хөнджээ. Энэ мөчөөс эхлээд эхнэрээ хайрлая, харин бүсгүйчүүд ”Нөхрөө хүндэлж явъя” гээд бидэнд хэлж байсан. Тэдний сэтгэлийн үгийг сонсоод их баярласан. Үзэгчид энэ жүжгийг сэтгэл зүрхээ чагнаж, өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож, үзэж байх шиг санагдсан. Азийнханд эмэгтэй хүний тухай нээлттэй ярьж болохгүй гэсэн явцуу ойлголт одоо ч байдаг. Гэхдээ бид “Эр хүнд хайртай” гэж бүтээлээрээ зоригтой хэлж чадсан. Дөрвөн бүсгүйн сэтгэлдээ хайрласан хан хүү өөр өөр. Хайрынхаа төлөө бүсгүйчүүд “жинхэнэ эр хүн чамд би хайртай” гэж харамгүй хэлж чаддаг юм шүү.

- Таныг жүжигчин болоход аав тань дуртай хүлээж аваагүй гэдэг үнэн үү?
- Тийм ээ. Урлагийн гэр бүлд өссөн минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Хүүхэд байхдаа театрт тавигдсан жүжгүүдийг их үздэг байлаа. Урлагийн ажил хэцүү гэдгийг аав минь өөрийн биеэр туулсан болохоор тийм ч таатай хүлээж аваагүй л дээ. Намайг эмч болгох сонирхолтой байсан. Анагаахын сургуульд өрсөлдөж, хуваарь авчихаад суралцалгүй орхиж байлаа. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө их тэмцсэн. Надад “Эмэгтэй хүнд жүжигчний мэргэжил амаргүй. Авьяас, ур дүй, тэсвэр тэвчээр их шаардана. Ямарваа жүжигт тоглолоо гэхэд ихэнх нь эрэгтэй хүний дүр байдаг юм шүү дээ” гэж хэлж байсан. Дараа нь аав ээжид “Би охиноо жүжигчин болно гээд зүтгэхэд баярласан шүү” гэж хэлсэн байсан. Магадгүй аав минь намайг өөрийнхөө зорьсон зорилгод хэр үнэнч вэ гэдгийг хатуу үгээрээ шалгасан ч байж болох. Аавынхаа мэргэжлийг өвлөж, өөдрөг яваадаа баярладаг. Би чинь нэртэй хүний зүстэй охин шүү дээ. Муу явах эрх байхгүй. Нэр хүндийг нь өндөрт өргөж явах үүрэг, хариуцлага надад оногдсон.

- Ааваасаа жүжигчин болжээ гэдэг урмын үгийг ямар дүрд тоглочихоод сонсож байв?
- Аав бидэнд урмын үг ховор хайрладаг байлаа. Чимээгүй хараад л сууна. “Хүйтэн сэнтий” жүжгийн хатны дүрд тоглосны дараа “Миний охин одоо жүжигчин болжээ. Баяр хүргэe. Шинжихэд их чимхлүүр, сайн уран бүтээлч болох нь байна шүү. Чиний ханцуй хаялтыг харахад их зүйл хэлж байна. Хүн болгонд тэр бүр заяагаад байдаггүй нарийн мэдрэмж чамд бий“ гэж хэлэхэд нь үнэхээр их баярлаж билээ. Харин ааваасаа хатуу үг, шүүмжийг цөөн сонссон. Багадаа буруу зүйл хийчихээд, аавдаа хоёр удаа алгадуулж байснаа мартдаггүй юм. Алгадалт нь надад хожим ухаарал хайрлаж чадсан гэж боддог. Аавынхаа тоглосон кино, жүжгийн бүх дүрээр би бахархдаг. Гол дүр гэж баярладаггүй, туслах дүр гэж голдоггүй даруу зантай хүн байсан даа. Одоо ч аавын минь сайхан чанар, орон зай хамт олныхоо дунд их үгүйлэгддэг юм.

Ярилцсан Б.Батцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jerybync cialis order genuine brand name cialis cialis high blood pressure medicationbuy cheap levitra canadian healthcare mall levitra levitra medicationlevitra oral buying levitra in mexico levitra stuffy nosepill cutter cialis generic cialis pills cialis 1 a daypiercings while on accutane acutane 10 mg online purchase california accutane attorneys
IP:31.184.238.249  2015-05-04 16:45:16
sbeqmcxkw fIKtoqlbstyxrnxloh, [url=http://iodxewnfwtvt.com/] iodxewnfwtvt[/url], [link=http://eykgonnfjubk.com/ ]eykgonnfjubk[/link], http://qdeidxaahujv.com/
IP:46.161.9.48  2017-05-18 12:04:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.