Хятадууд ураны орд илрүүлж, гар аргаар ухаж эхэлжээ

2011/02/13
Share |
Хүмүүс:
Хятадууд ураны орд илрүүлж, гар аргаар ухаж эхэлжээ

Нийслэлээс 60 км-т орших Тамгын өндөр уулын оройгоос уран илэрчээ. Нийслэл хотын ойролцоо уран илэрч, түүнийг хятадууд ухаж эхэлжээ. Хар жийптэй хятадууд өдрийн цагаар харагддаггүй, дандаа шөнийн цагаар ирж очдог гэх мэдээллийн мөрөөр өнгөрөгч бямба гарагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийг зорилоо.

Цонжин болдгоос чанх урагш Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутаг Элстийн голыг уруудаж, төв замаас зургаан км хэртэй яваад замд тааралдсан эхний айлаас зорьж яваа хэрэг учраа хэлж, ойр хавьд нь уран илэрсэн гэдэг үнэн худлыг асуухаар түр амсхийв.

Бидний эхний уулзсан айлынхан манай энд уран илэрсэн, тэр бүү хэл хар жийптэй хятадууд шөнө дөлөөр урагш, хойш явдаг. Өдрийн цагаар бол хэн ч наашаа ирдэггүй талаар ам уралдан ярьцгаасан юм.

Нэр усаа хэлэхийг хүсээгүй энэ өрх айл хар тугалгын ордын манаач, энэ хавьд хоёр ч газар хар тугалга илэрч, хүмүүс олборлож эхэлсэн талаар цухас ярьсан юм. Уран илэрсэн гэх газрыг тойм төдий зааж өгснөөр бид Элстийн голын сайрыг даган Тамгын өндөр уулыг зүглэлээ.

Энэ уулын оройгоор хэд хэдэн газарт уран илэрсэн, хятадууд зундаа, ихэвчлэн шөнийн цагаар Монголчуудыг хөлслөн ухуулж, өөрсдөө аваад явдаг гэсэн сураг төдийхнөөр Тамгын өндөр уулыг зорилоо.

Энэ уул мөнөөх айлаас урагш арваад км-ийн зайтай ажээ. Уулын баруун сугаар хоёр, дөрвөн гэрээр хоёр ч хот айл өвөлжиж байна. Бид уулын энгэрийн өвөлжөөний айлаас эрж яваа зүйлээ сураглахаар зам муруйлаа. Баруун аймгаас ирж өвөлжиж байгаа гэх хижээл эр энгэрт нь өвөлжиж байгаа уулынхаа нэрийг хэлэхийг цээрлэсэн үү, аль эсхүл үнэнээ хэлсэн алин болох нь мэдэхгүй "Энэ уулын нэрийг мэдэхгүй. Манайх саяхнаас энүүгээр нутаглаж байгаа. Над шиг цагаач хүн уулын нэр усыг мэдэхгүй. Энэ зүүнтэй уулын оройд нэг антенн байдаг. Тэрний наад овгор дээр уран гарсан гээд хүмүүс ухаж тэмдэг тавьчихсан юм билээ" гэчихээд гэр рүүгээ эргэв.

Юутай ч эхний айлын зааж өгсөн уулын баруун урд суганд байх худгаас дээш өгсөн таван км хэртэй өгсч, хижээл эрийн заасан антенныг олохоор өөд мацав. Уулаараа цас ихтэй ч, саяхан орсон цас энгэр газрыг армаг тармаг болгожээ. Машин явах аргагүй болсон тул бид уул өөд явган мацлаа. Хоёр ч гүвээг явганаар давж уг антеннын зүүнтэй уулын орой дээрх нэгэн байшинг зүглэлээ.

Уран илэрсэн гэх орой нь энэ ажээ. Нутгийн хүний ярьснаар энэ байшинд хятадууд нэгэн казах айлыг хөлсөөр буулгаж, манаач хийлгэж байсан бөгөөд биднийг очиход байшинд хүн амьдарч байсан гэхээргүй ажээ. Уулын орой руу машин техникээр зассан зам бүдэгхэн зурайх. Байшингийн ойр орчимд хэд хэдэн ухсан нүх байх агаад нүхний амууд дээр тоо, цифр бүхий тэмдэглэгээ хийж тавьсан байв.

Хүн амьдрахааргүй өндөр газарт барьсан байшин, шинэхэн орсон бүү хэл хуучирч дагтаршсан цасан дээгүүр хүний мөр олонтаа байх нь сонирхол татсан юм. Уг ухаж өрөмдсөн нүхнүүдээс дээж авсан, олборлосныг бүү мэд. Магадгүй хятадуудын гэх "хаягтай" энэ нүхнүүдэд радиацийн хэмжээгээ бичиж тэмдэглэсэн байж болох юм. Нүх ухсан газрын эргэн тойрны модыг бүгдийг тайрч хаясан байв. Мөн ямар ч тэмдэг тэмдэглэгээгүй ухсан нүхнүүд энд маш олон ажээ.

Нутгийн иргэдийн ярьснаар Монгол залуус ч нэг хэсэг уран ухсан гэнэ. Уран бол цацраг идэвхт бодис. Ураны уурхайд ажиллахад тусгай хамгаалалтын хувцас ч нэмэр болдоггүй, тодорхой хэмжээнд хордлого авдаг гэдэг. Цацраг идэвхийг хэмждэг багаж нь өөрөө урантай байдгийг мэддэг ч хор нөлөөг нь дутуу үнэлсэн онцгой байдлын албанд ажилладаг залуу уг багажийг 2-3-хан цаг халаасалж явснаасаа болж үргүй болж, гуяны мах нь үхэжсэн гэсэн яриаг сонсч байсан юм. Энэ бодис хэчнээн хор нөлөөтэйг дээрх ухсан нүхнүүдийн ойролцоохь мод, өвс ургамлын тачир байдлаас анзаарч болохоор.

Монгол орны газрын хэвлий дор юу эс байгааг бид мэдэхгүй. Мэддэг мэргэжилтнүүд нь хаана, юу хийж суудаг нь ойлгомжгүй. Харийнхан багажаа бариад хайгуул судалгаа хийгээд, газрын ховор чухал элементээс эхлээд алт, эрдэнэсийг маань нэгд нэгэнгүй мэддэг байхыг үгүйсгэхгүй. Харийн доншуур наймаачид Монголын нутаг дэвсгэрт гэртээ байгаа юм шиг л дураараа дургиж байна. Аль эсвэл хэн нэгэн албан тушаалтан тэдний гар хөл болж эх нутгаа сэндийчиж байгаа ч юм бил үү. Юутай ч уран гэх цацраг идэвхт бодис нийслэлээс холгүйхэн илэрч, хятадууд гар аргаар олборлоод эхэлчихэж.

Мардайгаас өөр ураны орд гэж сонсоогүй бидэнд энэ мэдээлэл тийм ч сайнгүй байж мэднэ. Бид энэхүү уран илэрсэн газрын талаар цаашид эргэн сурвалжилж, албаны хүмүүсээс асууж тодруулах болно.

Б.Оюунгэрэл, Х.Батсайхан /Монголын мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.