Улсын арслан Х.Мөнхбаатар : Өсөхбаяр зааныг өндөр цолонд хүрэх болов уу гэж боддог.

2011/02/14
Share |
Хүмүүс:
Улсын арслан Х.Мөнхбаатар : Өсөхбаяр зааныг өндөр цолонд хүрэх болов уу гэж боддог.

Монгол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатартай ярилцлаа.

-    Аав тань барилддаг уу. Бөхийн удам гэвэл юу байна?
Аав маань бөхөд дуртай л даа. Гэхдээ барилдаж ноцолдон бусдын анхааралд тэр бүр өртөөгүй юм билээ. Харин дээд үед минь бөх барилддаггүй ч гэсэн бяр тэнхээтэй хүмүүс олон байсан гэдэг. Тухайлбал, манай удамд даншгийн заан Шажинтөр гэж хүн байсан талаар дуулсан. Мөн өсч төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Нарийн хэмээс гэдэг газраас аймгийн арслан Түмэн-Өлзий, цэргийн заан Сэрээтэр тэргүүтэй бөхчүүд төрснийг хэлэх байна.

-    Таныг Б.Бат-Эрдэнэ аварга анх хотод авчирч бөхийн зам мөрийг тань эхэлсэн гэдэг?
Үнэн л дээ. 1997 онд багшийг “Говь”  компаний захирал, одоогийн их хурлын гишүүн Ц.Сэдваанчигтай Хөвсгөл нутгаар явж байх үед нь таарч уулзаж байлаа. Жаргалант суманд барилдаан болохгүй юу. Би арван зургаан нас хүрч байгаа банди аавыгаа даган тус суманд очлоо. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн бөхийн барилдаанд нь барилдлаа. Хоёр давчихдаг юм байна. Тэгж л Б.Бат-Эрдэнэ багшийнхаа хараанд өртсөн хүн дээ, би. Багш утас шөрмөсөө өглөө. “Хотод очиж бэлтгэл хий, их спортын болон үндэсний бөхийн тамирчин бол. Надтай уулзаарай” гэж захисан юм. Уг гэрээс захиасын дагуу хотод ирсэн гэхэд болно.

-    Шууд л Б.Бат-Эрдэнэ багштайгаа уулзав уу?
Тэгсэн. Спортын төв ордны үүдэнд уулзсан юм. Би гэдэг хүн хотыг мэдэх биш. Хүн амьтнаас асууж байж л Спортын төв ордны үүдэнд ирсэн. Уулзсан даруйд л багш жүдо бөхийн бэлтгэл хийдэг зааланд дагуулж орон Эрдэнэбилэгт багшид тушааж байсан. Зүгээр ч нэг үлдээгээгүй. Төдөн хоногийн дотор төдөн мэх сурна шүү гэсэн амаргүйхэн үүрэг өгч байлаа. Тэр цагаас хойш багшийгаа дагаж спортын заал танхимаар явж байгаад өөрийнх нь үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын сургууль руу одоогийн улсын начин Ж.Гансүх, аймгийн арслан  Ш.Жаргалсайхан бид шилжиж байлаа даа. Сонирхуулахад, хотод ирчихээд эхний жил Улаанхуаранд ах эгч нартайгаа байр хөлсөлж амьдардаг байв. Дараа жил нь одоогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны байранд амьдарч байв. Ардын хүүхдүүд яаж л аж төрдөг байв, тэр жишгээр амьдарч байсан даа.

-    Начин цолыг 2001 онд хүртсэн. Үндсэндээ хорин насандаа нутгийн ахаараа тав давсан байдаг?
      Хөвсгөл нутгаас минь гарсан хүчтэй бөхчүүдийн нэг Б.Бадрал начингаар тав давж начин болж байлаа. Нээрээ хорин настай байлаа шүү. Зургаагийн даваанд Б.Гантогтох гарьдад унаж байсан санагдана. Тэр жилийн наадмын дөрвийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат аймгийн арслан Л.Үйтүмэнтэй тунаж барилдаад давсан юм. Үйтүмэн сайн бөх байсан. Дөрвийн давааны сүүлд Б.Одхүү начин ам авлаа. Цогтжаргал, Үйтүмэн бид гурваас ам авч байгаа юм. Одхүү ах ам авахынхаа өмнө надаас асуулаа. “Миний дүү хэнтэй нь барилдах вэ гэж” Би ч эргэлзэх зүйлгүй шууд л Үйтүмэн гэлээ. Учир нь Цогтжаргал /одоогийн улсын начин/ ахаас бэргэж байсан. Тэгтэл Одхүү ах Цогтжаргал арсланг авч, би Үйтүмэнтэй тунаж байгаа юм. Үндсэндээ тэр жилийн наадмын дөрвийн даваанд би л ам авчихсан хэрэг л дээ. Төрийн наадамд анх зодоглосон минь тэр.

-    Улсын цол авсныхаа дараахан та их спортоор хичээллэж байгаад хүнд гэмтэл авч, хэсэгтээ гэрийн хорионд байсан. Тухайн үед юу бодогддог байв?
Улсын цол авснаасаа хойш хамаа замбараагүй барилдсан болов уу гэж боддог юм. Ухаандаа төрийн наадамд анх зодоглоод цол авчихсан учир барилдаан сайн мэдэхгүй, айж эмээнэ гэсэн ойлголт байхгүй, бэртэж гэмтэхийг мэддэггүй тийм л байсан. Тухайн үед баруун хөлийнхөө шагайнд бэртэл авсан юм. Шагайгаар тогтохгүй нарийн шилбэ маань цуурсан байсан л даа. Уг бэртэл гэмтэл баруун хөлний өвдөгний хоёр шөрмөс тасрахад хүргэсэн болов уу. Одоо санахад тэгсэн бйх гэж бодогддог. Ингээд би чинь...........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.