Ж.Дашдорж: Б.Хурцын эрхийг зөрчсөн бол нөхөн төлбөр гаргуулж болно

2011/02/15
Share |
Хүмүүс:
Ж.Дашдорж: Б.Хурцын эрхийг зөрчсөн бол нөхөн төлбөр гаргуулж болно

Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Ж.Дашдоржтой ярилцлаа.
 
- Өсвөр насныхны эрх зөрчигдөж, тэнэмэл, орон гэргүй хүүхдийн тоо буурахгүй байна. Одоо танай байгууллага 10 жил болсон байна? 
- Хүний эрхийн зөрчлийг аль ч улс орон бүрэн таслан зогсоож чадаагүй. Хүний эрх зөрчихөө байсан улс ч гэж байдаггүй. Гэхдээ улс орон үүнд анхаарлаа хандуулж, аль болох боломждоо тааруулж шийдсээр ирсэн. Манай оронд хүүхдүүд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах, орон гэргүй, асрамжид хүмүүжих зэрэг байдал байсаар л байна. Мөн хүүхдийн хүчирхийлэлийн асуудал байгаа. Одоо манай улсын асрамж, халамжийн байгууллагад 1500 гаруй хүүхэд байдаг. Уг нь хүүхэд гэдэг эцэг эхтэйгээ хамт гэр бүлдээ хүмүүжих ёстой юм. Мэдээж бидний зүгээс үүнд нэн тэргүүнд анхаарал хандуулж, зарим тодорхой үр дүнг гаргасан байгаа. Та өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн байгууллага юу хийсэн бэ гэж асууж байна. Бидний сайн мэдэх тодорхой цөөн жишээг дурьдахад хорих анги, зэвсэгт хүчний байгууллагад хүний эрх ямар байх зэргийг ойлгуулахаас гадна хүний наймааны асуудлыг цэцэлж чадсан. Одоо гудамжнаас хулгайлаад аваад явчихдаг үе өнгөрсөн. Мөн үндэсний цөөнх буюу бидний хэлж заншсан цаатан, казах үндэстнийг нийгэмд тодорхой байр суурьтай болгохоос гадна эх хэлээ эзэмшүүлэх, тэдний хүүхдэд боловсрол олгох зэргээс эхлээд олон зүйл ярьж болох юм.
 
- Манай улсад хүүхэд рүү үйл ажиллагаагаа чиглүүлсэн байгууллага хэд байдаг юм бэ?
- Одоогоор манайд 100 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бүрэн бус тоо байдаг юм.
 
- Та зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрхийн тухай ярьлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ салбараас цэрэг нь даргаа барьцаалах, буудалцах гэх мэт маш олон зөрчил гарч байгааг та мэднэ. Ер нь тэдний эрхийг яаж хамгаалах юм бэ?
- Бидний зүгээс цэргийн анги нэгтгэлүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж ажиллах санал хүсэлт авах, судалгаа хийж ажиллах үүрэгтэй юм. Ер нь амьдралаас харахад дээд албан тушаалтны дарамт шахалт удахаар тэсэрдэг байж болох юм. Анх бид хорих анги, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд санал зөвлөгөө өгөх, хүний эрхийн тухай ерөнхий ойлголт олгох гэхэд маш хаалттай байлаа. Зарим нь юун хүний эрх, яах гэж яваа юм гэх үе ч байсан. Харин хэдэн жилийн өмнөөс энэ байдал өөр болж бүгд эрх үүргээ ухамсарладаг биднийг яваад очиход маш сайхнаар хүлээж авдаг болсон.
 
- Тэгвэл одоо долдугаар сарын 1-ний үймээний үеэр болсон цагдаа нарын хэргийг дахин сэргээх тухай ярьж байгаа. Танайхаас үүнд ямар байр суурьтай байна вэ?
- Бид энэ хэрэгт хөндлөнгөөс оролцох боломж байхгүй. Гэхдээ энэ үймээний үеэр таван хүний амьд явах эрхийг нь хассан ноцтой зөрчил байгаа шүү дээ. Энэ тухай манай байгууллагаас илтгэл бичиж, Засгийн газарт хүргүүлсэн юм. Тэгээд ч цагдаагийн байгууллагаас буудсан нь үндсэндээ нотлогдсон. Харин хэн үүрэг даалгавар өгсөн гэдгээс шалтгаалан энэ байдал хурцаар яригдах байх.
 
- Мөн сүүлийн үед анхаарал татсан асуудал бол Б.Хурцын хэрэг. Үүнд ямар хариулт өгөх вэ?
- Б.Хурцын буруу гэж хэлэх эрх байхгүй. Гадаад оронд болсон асуудал. Тухайн үедээ Д.Энхбат гэдэг хүнийг хууль бусаар баривчилж ирсэн, мөрдөн мөшгисөн, эрх чөлөөг нь хязгаарласан, хэрэг тулган хүлээлгэхийг оролдсон гэсэн өргөдөл манай комисст ирж байсан. Бид шалгаад холбогдох байгууллага болон УИХ-д энэ асуудлыг тавьж байсан юм. ТЕГ, Улсын прокурор, УМБГ-ууд энэ тухай мэдээллийг манайд өгөхөөс татгалзсан. Яагаад гэхээр улсын нууцтай холбоотой гэдэг байдлаар бидэнд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж хэлсэн байгаа. Бидэнд ямар мэдээлэл байгаа вэ гэхээр, Д.Энхбат болон түүний өмгөөлөгч Санжаасүрэнгээс тайлбар тодорхойлолт авч байсан.
 
- Д.Энхбатын дүү халдлагад өртсөн тухай мэдээлэл гарсан. Танай байгууллагад хандсан уу?
- Хандаагүй. Халдлагад өртсөн бол цагдаагийн байгууллагад хандаад асуудлаа эрүүгийн журмаар шийдүүлэх ёстой.
 
- Англи улс Б.Хурцыг хууль бусаар эрхийг нь зөрчиж баривчилсан гээд байгаа. Хуулийг нь судалж үзвэл тийм бололцоо нь бүрдсэн болов уу?
- Бидэнд мэдээлэл байхгүй учраас тийм гэж хэлэх боломжгүй. Дүгнэлт ч хийх учиргүй. Тухайн улсынхаа хуулийн дагуу л шийдэх учиртай.
 
- Хэрэв түүний эрхэнд халдсан бол танайхтай холбоотой байх?
- Эрх ашгийг нь зөрчсөн бол Хурц болон түүний өмгөөлөгч холбогдох байгууллагад хандаж нөхөн төлбөр гаргуулж болно л доо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.