Тагнуулын хурандаа эх орноосоо урвасан хэргээр ганц худагт хоригджээ

2011/02/16
Share |
Хүмүүс:
Тагнуулын хурандаа эх орноосоо урвасан хэргээр ганц худагт хоригджээ

- Тэрбээр Сөрөх тагнуулын газрын дарга асан Б.Хурцын орлогч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн хамгаалагчаар ажиллаж байжээ -

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц 2010 оны есдүгээр сарын 17-нд  Их Британийн нисэх  онгоцны буудлаас  тусгай албанынханд нь баригдан Европын холбооны нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдан  Лондонд хоригдож,  долоон удаа шүүхээр  ороод байгаа. Тэгвэл Б.Хурцыг Англид баривчлагдсны дараахан түүнтэй холбоотой ажиллаж байсан тагнуулын нэгэн хурандааг Ганц худагт хорьсноо хуулийнхан өнөөдрийг хүртэл нууцалж байна. Б.Хурцыг Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байх үед түүний орлогчоор ажиллаж байсан хурандаа Н гэгч энэ эр сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн хамгаалагчаар ажиллаж  байсан аж. Хурандаа Н-ын хэргийг Тагнуулын Ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйл ангиар эрүү үүсгэн “Эх орноосоо уравсан” хэмээн буруутгаж байгаа аж. Гэвч  тагнуулынхан эх орноосоо урвагчийн тухай мэдээллийг  хэвлэлийнхнээс чандлан нууцалж байгаа аж. Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байсан, тэр ч бүү хэл Сөрөх тагнуулын газрын орлогчоор ажиллаж байсан хүн яагаад “эх орноосоо урвасан” хэрэгт холбогдох болсон нь бүрхэг байна. Зарим эх сурвалж түүнийг ТЕГ-ын томоохон дарга нар,  Англид хоригдож байгаа Б.Хурцтай салшгүй холбоотой байсан гэж ярьцгааж байна.

Тагнуулынхны тасардаггүй нарийн холбоо
Монгол төрийн нүд, чих байх учиртай Тагнуулын байгууллагын ажилтнууд хоорондоо найз нөхөд, ах дүү хамаатан садан, арилжаа наймааны асуудлаар тун нарийн холбоо хэлхээтэй байдаг юм гэнэ лээ. Өнөөдөр ардын баатар гэж цоллуулах дээрээ тулаад байгаа Б.Хурц хэмээх энэ залуу уг нь барилгын техникум төгссөн нэгэн аж. Тэрбээр сүүлд “ФСБ”-ийн академид Чунтын Чулуунбаатартай хамт суралцахаар явж байжээ. Түүнийг академи төгсч ирээд байхад нь ТЕГ-ын даргаар томилогдсон Д.Батсайхан ажилд авч байж. Д.Батсайхан даргын тушаалаар Б.Хурц Францаас Д.Энхбатыг хулгайлах ажлыг зохион байгуулж байсан юм гэнэ билээ. Д.Батсайханы дараа Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилогдсон Билэгт түүнийг Сөрөх тагнуулын газрын даргаар томилж, тэрбээр өөрийнхөө найз Н-ыг орлогчоор нь авсан аж. Билэгт дарга хошууч цолтой байсан Б.Хурцад цэргийн байгууллагад дор хаяж 11 жил ажиллаж авдаг хурандаа цолыг хэдхэн сарын дотор олгоод ч амжсан гэнэ. Б.Хурц, хурандаа Н нар  тухайн үед Гаалийн даргаар ажиллаж байсан Б.Баатар, Байгаль орчны сайд У.Барсболд, хотын дарга  нарыг тагнаж чагнаж байсан гэдэг. Х.Баатар ч яахав ялаа авсан. Харин У.Барсболдыг тагнаж байсан учраас л түүнийг дархан цаазат Богдхан ууланд газар авч, хотын төвд том том байшин барих эх үүсвэрээ босгож авсан гэж ярьцгаадаг. Б.Хурц, хурандаа Н нар Сөрөх тагнуулын газрыг толгойлж байсан том тагнуулчид, бас тусгай албанаас төрсөн хамгийн том баячууд гэж мэргэжил нэгтнүүд нь ярьцгаадаг юм билээ. Хамгийн сонирхолтой нь Б.Хурцыг МИАТ-ын дарга нараас 50 мянган долларын авлига авсан нь тогтоогдож, ажлаасаа халагдсны дараа МИАТ-ын удирдлага түүнийг Сөүл дэхь ерөнхий төлөөлөгчөөрөө томилж байжээ. Харин түүний орлогч хурандаа Н нь ажлаасаа халагдсан байна.

Эх орноосоо уравсан хэргээр шалгагдаж байгаа хурандаа Н нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн хамгаалагчаар ажиллаж байжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийг солонгосчуудаас хандив авсан хэрэг мандаж байлаа. Тэр үед Сөүл дэхь МИАТ-ын Ерөнхий төлөөлөгч Б.Хурц солонгост сурдаг оюутнуудаас яриа авч, уг уулзалтын талаархи мэдээллийг нэр дэвшигчийн штабт бэлтгэж өгч байсан юм гэнэ лээ. Тийм ч учраас Б.Хурцыг Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны даргаар томилогдсон гэж ярьцгаадаг. Харин сонгуулийн үеэр хурандаа Н нь нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувийн бие хамгаалагчаар ажиллаж байсан гэнэ.

Улстөрчдийн хэрүүл улсын нууц задалж байна
Хамгийн сонирхолтой нь мэргэжлийн тагнуулчид улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, хүн хулгайлсан гэх мэт дуулиант хэргүүдийг улстөрчдийн оролцоотой, бизнесийн бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж  байгаа юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Тэр хүн хоёр цүнхтэй, хоёр морьтой, хоёр намд танил талтай нэгэн байна билээ” хэмээн нэгэн удаа ам алдсан удаатай. Тэрбээр Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаатай ил тод үзэлцэж, түүнийг огцруулахын төлөө хүчин зүтгэж байсан нэгэн. Авлигалын даргаар өөрийнхөө найз ТЕГ-ын дарга Д.Батсайханыг зүтгүүлж байсан гэдэг. Мэдээж Ч.Сангарагчаа ч зүгээр суусангүй. Б.Хурцад гурван удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шүүх прокурорынхон энэ хэргийг нам дарж байлаа. Улстөрчдийн энэ хэрүүл тэмцэл сүүлдээ улсын нууцаа задруулахад хүрсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна.  Б.Хурцыг баривчлагдахаас өмнөхөн ТЕГ-ын дарга Р.Болд Их Британи руу ажлаар явсан. Түүнийг  ирсний дараахан Б.Хурцыг Их Британи явуулсан. Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга дотоод асуудлаа л зохицуулах учиртай. Гэтэл яагаад энэ хүнийг Олон улсын хуралд ганцааранг нь явуулах болов. Түүнийг баривчлагдсны дараахан Сөрөх тагнуулын газарт хамт ажиллаж байсан хурандаа Н-ыг Ганц худагт хорьж, “эх орноосоо урвасан” гэдэг хүнд ял тулгав гэсэн олон асуулт урган гарч ирж байна. Б.Хурцыг баривчлагдсны дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрөөндөө Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ҮАБЗ-ын дарга Энхтүвшин, ТЕГ-ын дарга Р.Болд нарыг дуудаж Англиас хүнээ яаралтай авчих гэдэг үүрэг өгсөн аж. Гадаад харилцааны яам хөрөнгө мөнгө гаргаж, шүүх хурал болгонд Төрийн нарийн бичгийн даргаа нисгэж, тусгай үүргийн элчингээр ахлуулсан ажлын хэсэг хүртэл байгуулсан. Харин энэ хэрэгт ТЕГ-ынхан чимээгүйхэн сууж байгаад ч гайхах хүмүүс цөөнгүй байна. Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр дотно ажиллаж байсан хүмүүс дуулиант хэрэгт нэр холбогдож, хоригдож, баригдаж байгаа нь бүр ч гайхалтай.

Талийгаач Д.Энхбатын ар гэрийнхнээс Германы тагнуулынхан мэдүүлэг авчээ
Б.Хурц Д.Энхбатыг баривчилж ирэхдээ Герман дахь ЭСЯ-нд нэг хонуулж, бас Германаас онгоцонд суусан. Нэг хүнийг гуван улс дамжуулан хулгайлж байхад харахгүй хамар дороосоо алдчихсан Германы БНД-гийнхэн тун ууртай байгаа. Тиймээс тэд  талийгаач Д.Энхбатын эхнэр, хоёр хүүхдээс  мэдүүлэг авчээ. Д.Энхбат шоронгоос гарахад 70 хоноод нас барсан. Энэ хугацаанд  түүнийг ямар дарамт шахалт амссан, мөн хэрхэн хулгайлагдаж, хилс хэргээр хоригдсныг яриулж авснаа Германы тагнуулынханд ярьж өгсөн аж. Түүнээс гадна талийгаачийн эхнэр Герман улсын талаас Хурцыг ирүүлж нөхрийг нь ямар зорилгоор хулгайлж Монголд аваачиж яаж тамлан зовоож  амь насыг нь егүүтгэснийг байцаалгах хүсэлтэй байгаа бөгөөд чухам хэн гэдэг албан тушаалтнууд  баривчилж , хулгайлах үүрэг даалгавар өгсөн бэ гэдгийг тодруулж өгөх, нөхрийн минь нэрийг энэ зохиомол хэргээсээ салгаж нэрийг нь цагаатгахыг  хүсч байгаа гэж ярьсан.  Мөн зарим нэг холбогдох баримт материалыг ч гаргаж өгсөн. Германы тал талийгаач Д.Энхбатын гэр бүлийнхэнд иргэншил олгохоос татгалзахгүй гэж мэдэгджээ. Үүнээс гадна Германы нэгэн бизнесмен “Б.Хурц хамтарч бизнес хийхээр тохиролцож, их хэмжээний мөнгө авсан. Гомдолтой” гэж өргөдөл гаргасан гэдэг яриа цөөн хэдхэн хүний хүрээнд яригдаж байна. Ямартай ч дэлхийд нэртэй Германы тагнуулынхан Б.Хурцыг амархан тавьж явуулахыг хүсэхгүй байгаа бололтой. Хэрвээ Английн шүүх  Б.Хурцыг Германы талд шилжүүлж өгөх шаардлагагүй гэж үзэх юм бол түүнийг Монголд авчрах бүрэн боломжтой. Гэвч “эх орноосоо урвасан” хэмээн сэжиглэгдэж, Ганц худагт хоригдож байгаа тагнуулын хурандаа Н-ын хэрэгт түүнээс гэрчийн мэдүүлэг авах байх хэмээн зарим эх сурвалж ярьж байна.  Б.Хурц Англи явахаасаа өмнө Солонгосын Элчин сайдын яаманд ажиллахаар гурван сарын хэлний сургалтад сууж байсан юм гэнэ лээ. Түүнийг Монгол Улс баатрын дүрээр хүлээж авах уу? Эсвэл эх орноосоо урвасан хэрэгт хардаж сэрдэх үү гэдгийг ёстой л цаг хугацаа харуулах нь үлдлээ.

Б.Цоож

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kbtiwzzh ivkKF2gldwsvobqvsr, [url=http://ejwbtduxjrcr.com/] ejwbtduxjrcr[/url], [link=http://phcddzikzhrq.com/ ]phcddzikzhrq[/link], http://ulnyqeosfnqr.com/
IP:31.184.238.87  2019-03-24 18:49:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.