Ш.Мөнгөнбаатар: Аав, ээж хоёр маань баярласандаа уйлж байгаа нь мэдэгдсэн

2011/02/20
Share |
Хүмүүс:
Ш.Мөнгөнбаатар: Аав, ээж хоёр маань баярласандаа уйлж байгаа нь мэдэгдсэн

Сар шинийн барилдаанд анх удаа улсын цолгүй бөх түрүүлсэн шинэ түүүхийг  өнгөрсөн жил цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нээсэн билээ. Тэгвэл өнөө жил энэ буухиаг Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул,“Алдар” спорт хороо, “Жавхлант” дэвжээ, “Энгүй тал”,“Монгол Трейдинг” компанийн бөх, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар үргэлжлүүлсэн. Ингэснээр Сүхбаатар нутаг цагаан сарын барилдаанд хоёр түрүү /Ч.Өвгөнхүү, Ш.Мөнгөнбаатар/, хоёр үзүүрийг /Л.Дашдаваа, Ц.Магалжав/ хүртээд байгаа юм. Ингээд өнөө жилийн сар шинийн барилдааны түрүү бөхтэй хөөрөлдсөнөө хүргэе.
 
-Өнгө шинждэг хэмээн бэлэгшээдэг энэ том барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ барилдаанд түрүүлсэндээ сэтгэл маш өндөр байгаа. Сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөх улсын өндөр цолонд хүрдэг гэж бөхчүүд ихэд бэлэгшээдэг юм.
 
-Энэ барилдааныхаа бэлтгэлийг хаана базаав?
-“Жавхлант” дэвжээнд нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэлд гарсан. Ер нь бэлтгэл тун сайн байсан шүү. Тийм болохоор хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ гэж бодож байна. Одоо улсын өндөр цолонд  хүрэхийн төлөө хичээнэ дээ.
 
-Таныг нутаг явсан гэж сонссон. Аав, ээждээ золгочихоод ирсэн үү. Нутаг усныхан болоод гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авч байна?
-Яг одоо нутгийн зүг хөлгийн жолоо залах гээд. Гэтэл та намайг хоргоогоод энд/БХЯ дээр/сууж байна. Өөртэй чинь ярилцаад л шууд хөдөллөө. Би энэ барилдаанд түрүүлээд л аав, ээж хоёртойгоо хамгийн түрүүнд ярьж баярын сэтгэгдлээ хуваалцсан. Аав, ээж хоёр маань утасны цаанаас баярласандаа уйлж байгаа нь мэдэгдсэн.
 
-Энэ барилдааны гурвын даваанд шинэ начин Ч.Баянмөнхөд амлуулсан. Өмнө нь улсын наадмаар таарч байсан билүү?
-Гурвын даваанд тэр, энэ намайг амлах байх гэж бодоогүй. Гэтэл Ч.Баянмөнх начин амласан байсан. Адилхан залуу хүмүүс харгүй сайхан барилдана гэж бодож гараад өехийлөх мэхээр давсан. Бид хоёр 2009 оны улсын наадмын гурвын даваанд учраа таарч, би барьц сонгуулаад унаж байсан юм.
 
-Дөрвийн даваанд Л.Пүрэвжав харцагатай барилдахад тун хүнд байдлаас гарч, түүнийгээ ялалт болгож чадсан?
-Харин тиймээ. Барилдааны үндсэн цаг дуусч, барьц сонгуулсан юм. Толгойгоо уургалуулсан байдлаас хөлийг нь авч, дэрэлж дараад давсан. Дараагийн даваанд Т.Өсөх-Ирээдүй начныг тохох мэхээр давж, зургаагийн даваанд Ө.Бат-Орших харцагатай таарсан. Өмнө нь би цөөнгүй удаа өвдөг шороодож байсан юм. Харин энэ удаад шийдсэн мэхээ хийж, давсан.
 
-Ж.Чулуунбат та хоёрыг сайн найз гэж сонссон. Барилдааны дараа найзтайгаа уулзахад юу ярьж байх юм дээ?
-Босго өндөртэй энэ том барилдааны их шөвөгт найзтайгаа учраа таарч би давсан. Харин үзүүр түрүүнд өнөө цагт сайн барилдаж байгаа Х.Мөнхбаатар арслантай үлдэж мөн л шийдсэн мэхээ хийж түрүүлсэн. Аймгийн арслан Ж.Чулуунбат бид хоёрын хувьд олон жил гэмгүй сайхан найзалж яваа. Барилдааны дараа найзтайгаа тухтай уулзаж амжаагүй л байна. Цаадах чинь Улаан-Үд рүү тэмцээнд явсан.
 
-Ер нь, өөрийгөө түрүүлэх хэмжээнд барилдана гэж бодож байсан уу?
-Түрүүлэх тухай бодол орж ирээгүй. Гэхдээ бөх хүн гэдэг дор даваанд унах тухай бодол тээж, барилдаанд ирдэггүй шүү дээ. Санасан хэмжээндээ хүртэл сайхан барилдана гэсэн бодолтой байсан.
 
-Ингэхэд цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхөд хэр хэмжээний мөнгөн шагнал өгдөг юм бэ?
-Тэр тийм сонин биш байлгүй дээ.
 
-Тийм нууц гэж үү?............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.