НАМ

2011/02/22
Share |
Хүмүүс:
НАМ

Цагийн байдал ороо бусгай энэ үед ойрноос нам гээч улс төрийн байгууллага чухам юу болоод хувирчихав даа гэсэн бодол хэн бүхний толгойноос салахгүй боллоо. Нам гэдгийн утга учрыг онолын талаас нь тайлбарлаж олон үгээр цэцэрхэх гээд яахав. Ер нь орон орны түүхээс авч үзэхэд нам гэдэг нь  ерөөсөө тодорхой улс төрийн зорилготойгоор олон түмнийг нэгтгэн зангидах хэрэгсэл юм болов уу. Гэхдээ чухам ямар зорилгоор гэдгээсээ хамаарч хүчит энэ зэвсгийн жинхэнэ утга учир тодорхойлогддог бололтой юм.

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон хэдийгээр ард түмэн нь дуу хоолой нэгтэйгээр хүсч байсан боловч, нэг хүний дарангуйлал тогтохоос болгоомжилж, гуравдахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өөрөө татгалзаж байсан шударга нэгэн. Тэрээр албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн улс үндэстэндээ хандан бичсэн мөнөөх алдарт “Үдэлтийн захидалдаа” улс орны удирдагч нь үндэстнийхээ эрх ашгийг намын явцуу бүлгийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьдаг ёс суртахууны зарчмыг хатуу баримтлах ёстойг хатуу анхааруулсан байдаг. Үндэстний эв нэгдлийг алсдаа хагалж бутаргахад хүргэнэ гэж үзээд тэр аль ч намыг дэмждэггүйгээр үл барам харин ч намаараа хуваагдан талцахыг эсэргүүцдэг байжээ.

Нэг намын хатуу дэглэмд бүхэл бүтэн үеэрээ хэлмэгдэж, дарлуулж, боолчлуулж явсан үе өнгөрсөн зууны Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн нь үнэн. Гэхдээ тэр үеийн намын диктатур  “социализмын төгс ялалт өөд” гэсэн мундаг лоозонгийн дор манийгаа чангалж, бас  муугүй хүмүүжүүлж байлаа. Үнэхээр ч энэ намын шалгарсан олон сэхээтэн, төрийн зүтгэлтнүүд эх орон ард түмнийхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр тэр үеийн МАХН-ын төмөр мэт сахилга батыг эрхэмлэн өдөр шөнөгүй хүчин зүтгэж явсныг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй л дээ.

Нам ард түмний холбооны талаар байнга ярьдаг байсан нөгөө муу нэртэй, луу данстай Бал даргад маань одоогийн намын асман феодалууд шиг дуртай үедээ хэд хоног бүү хэдэн сараар зугаалж,  өвөл зунгүй найр наадам, морь мал хөөх цаг зав байгаагүй ээ. Эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл нь хаа нэгтээ нь байсан учраас л тэр үед бидэнд дэгтэй, хүмүүжилтэй, боловсролтой, эрүүл энх бойжих орчныг бүрдүүлсэн дэг. Намыг зөв зорилго зохион байгуулалтайгаар залж удирдаж чадах аваас үнэхээр агуу их хүч.

Ингээд бид ерэн онтой залган цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялснаар нэг намын жанжин шугам гуу жалга руу таягдан шидэгдэж, олон намын тогтолцоо гэгч рүү улс орон маань онолын болоод практикийн ямар ч бэлтгэлгүйгээр гэнэт шилжсэн билээ. Нам төвтэй төрийн боолчлолын гинжнээс салсан лүмпэн пролетариуд бид ч савсаглан хөөрч, П.Жасрай сайдын заасан хонгилын үзүүр дэх гэрэл рүү хошууран зүтгэсэн боловч, байдал санаснаас огт өөрөөр эргэж, П.Очирбат Ерөнхийлөгчийн амлаад байсан бар ч биш бүр баар улс болох тал руугаа орцгоож, садарлан согтуурч эхэлсэн нь гашуун боловч бас үнэн.

Сайны хажуугаар садаа олон гэгчээр өмнөх засаглалын үед болох болохгүйгээрээ дуудуулдаг байсан зарим эрээвэр хураавар олон этгээдүүд ч ардчилал хэмээх хатуу дэг жаягтай ариун үйлсийг хэн юу дуртайгаа хийж болдог анархи орчин гээд ойлгочихсон байлаа.

Ингэж толгойтой болгон нь нам байгуулан төрийн хоймор руугаа туг барин зүтгэснээр монголчуудын түүхэнд байгаагүй их хагарлын шинэ эрин үе эхэлсэн билээ. Дээр нь Чапаевын дүр төрхтэй салмаан баатрууд хөдөөд бүр олноор төрж, шинэ намуудын нэр сүрийг жинхэнэ утгаар нь гутааж өгсөөн. Ардчиллын алтан хараацай хэмээн өөрийгөө өргөмжилж, хамраа сөхөн цээжээ түхийлхэгсдэд төрийн торгон жолоог залах туршлага анхандаа дутацгаасан нь мэдээж. Ард олныг намын нэрээр түрий барин дээрээс нь томон зангидаж, төрийн алба руу шургаж  болдгийг тэд олж харсан болохоос биш дараа нь түүнийгээ дороос нь яаж хянаж цэвэршүүлэх арга механизмыг нь орхигдуулсан байлаа.

Дээр нь өмнө нь огт амсаж үзээгүй албан тушаалын амтанд бялуурцгааж, шуналын хамуу хачиганд хазуулснаас нөгөө Монголоо гэх эх оронч сэтгэл тэмүүлэл нь яваандаа мартагдаж, анхныхаа эрмүүн зорилгоосоо  хазайж эхэлснийг бодохоос харамсмаар. Тэд түмэн олныхоо эрх ашгийг умартаж, өөрсдийн бодож боловсруулсан богинохон зорилгодоо хөтлөгдөн хагарч бутарч, салж нийлэн, мөн ч их шившгээ тарьцгаасан даа.

Энэ байдлыг нь харсан ард түмэн гутарч, хуучин үеийнхээ шулуун шударга удирдагчид шигээ хүмүүс  эргэж ирнэ гэж найдан шинэ эриний эхэнд ер бусын сонголт хийчихсэний бас нэг учир шалтгаан нь “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас..” гэсэн сүржин лоозон олон ч хүмүүсийн зүрх сэтгэлийг гижигдснийх байлаа. Энэ үед МАХН намын шинэ удирдлагын цөм нь шал ондоо хүмүүс болсныг  харамсалтай нь хэн ч олж анзаараагүй ээ.

Өмнөх улаан намын ёс суртахуун, нандин чанар, сахилга бат нь уландаа гишгэгдэж, хөрөнгө мөнгөний төлөө хүн чанараа алдсан улайрал энэ намын толгойд үүрлэж эхэлсэн. Хээл хахууль авлигал, богино хугацаанд хил хязгаараа алдаж, намын нэр дор мөнгөний төлөөх төрийн албаны наймаа бүр ичгүүр сонжуураа алдсан. Дээр нь нийслэл хотоос эхлүүлсэн газрын наймаа хүрээгээ тэлж, Монгол нутгийн аль баялагтай хэсгээс нь сорчлон хувааж, лиценз нэрээр гар дамжуулан гадагш нь худалдах эрхийг тэд өөрсдөдөө хуульчилан олгосон юм. Нөгөө түмний ядуурлын тухай яриа бүр тас мартагдаж, энэ талаар хэн нэг нь чангахан дуугарах ч эрхгүйгээр барахгүй, хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдэд их удирдагчаа шүтэн бишрэх ерөөлч магтаалчийн үүрэг ногдсон байлаа. Хаалттай харанхуй энэ дөрвөн жил хөрөнгө хүссэн цөөнхөд тун хурдан, амлалт биелэхийг нь мөрөөдсөн олонхид харин зуунаас удаан өнгөрсөөн.

Ш. Пүрэвсүрэн (Өдрийн шуудан)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.