Улстөрчдийн дарамт инфляцийн "хөдөлгөгч хүч" болно

2011/02/24
Share |
Хүмүүс:
Улстөрчдийн дарамт инфляцийн

ОУВС-гийн Дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу тус байгууллагын мэргэжилтнүүд манай улсад ирж эдийн засгийн төлвийг дүгнээд буцжээ. Өнгөрсөн сард ОУВС, Дэлхийн банкны суурин төлөөлөгчид дараалаад шахам инфляци дийлдэхгүй нь, цаг алдаагүй дээр нь арга хэмжээ ав гэж байсан ч, Монголбанк болон Сангийн яамнаас үүнийг няцаасан. Тэд инфляцийг нэг оронтой тоонд барих амлалтыг торох юмгүй өгч байсан ч ОУВС-гийн ээлжит мэдэгдэл дараах дүгнэлтийгхүргэж байна.

Өнгөрсөн онд 6.1 хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ жилийн эцэст 10 болтлоо өсөх таатай мэдээлэл байна. Энэ хэрээр нийгмийн бусад үзүүлэлт дээшилж, ард түмний амжиргаа сайжрах учиртай. Гэтэл улсын нэгдсэн төсвийн зарлагыг их хэмжээгээр өсгөж, олон улсын байгууллагуудын анхааруулгыг ч авалгүй үүнийгээ хэрэгжүүлэх гэж буй нь зах зээлд эрэлтийн илүүдэл үүсгэх гэнэ. Илүүдэл эрэлтийг хангахын тулд импортыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй байх гол нөхцлийг бүрдүүлдэг аж. Мэдээж импорт нэмэгдэж, зах зээлд гадаадын худалдаа, зардал ихт бараа материал ихэссэн учраас ханшийн хөөрөгдөл үүсч, инфляци нэмэгдэх нь тодорхой юм. Яг тэдэн хувьд хүрнэ гэх тооцоог гаргах аргагүй ч, ойролцоогоор 20 хувьд өлхөн хүрэх юм байна. Гэхдээ оны дунд үед уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд түрэлт өгөх шинжтэй байна гэдгийг ОУВС-гийн суурин төлөөлөгч П.Рамлоган хэлж байсан. Түүнтэй уулзаж, цаашдын төлвийн тухай тодрууллаа.

-Төвбанкин дахь валютын нөөц маш богино хугацаанд амар хурдтай нэмэгдэж байна. Энэ нь ямар үр дүнд хүргэх вэ?
-Хүмүүсийн дунд үүнтэй холбоотой янз бүрийн таамаг, болгоомжлол гарч байна. Гэхдээ энэ нь Монгол Улсын одоогийн байдалд, тодруулбал импортод тулгуурлаж буй үед сайн нөлөөтэй. Нэг үгээр худалдан авах чадвар сайжирч, энэ хэрээрээ олон улсын зах зээл дэх нэр хүнд өсөх болно. Нэг зүйлийг сануулахад валютын нөөцнөөс үүдэж муу зүйл хүлээх хэрэггүй.

-Өнгөрсөн сард танай байгууллагаас инфляцийн өсөлтөөс анхааруулсан мэдээлэл хийсэн. Гэтэл ердөө маргааш нь Монголбанк үүнийг няцаасан. Ийм зөрүүтэй мэдээлэл олон нийтэд хүргэхийн оронд дундын дүгнэлт гаргавал илүү бодитой биш үү?
-Байгууллага бүр нийгмийн үзүүлэлтүүдийг гаргахдаа өөр өөр аргачлалаар төсөөлөл бий болгодог. Энэ дүгнэлт зөрөх нь бий. Гэхдээ Дэлхийн банк, ОУВС-гийн мэргэжилтнүүдийн судалгаа, дүн адилхан байсан. Инфляци өсөх хандлагатай ч, сарын дараа өөр болж ч магадгүй.

-Таны мэдэгдэлд төсөв танах зөвлөгөө байсан. Танай байгууллага төсөв батлахаас өмнө энэ талаар анхааруулсан уу?
-Төсвийн эхний төсөл УИХ-аас буцаагдсан. Хоёрдахийг нь өргөн барихаас өмнө бид сауулсан. Учир нь энэ бидний үүрэг. Ер нь улстөрчдийн дарамт Монгол Улсад инфляци, төсвийн дутуу орон зай үүсгэж байгаа юм.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлбэрлэлтгүй мөрдөх хэрэгтэй гэлээ. Таны бодлоор энэ хэр сайн хууль вэ?
-Маш сайн заалттай, чанартай хууль. Харин үүнийг мөрдөж чадахгүй бол хэрэггүй болно. Тиймээс эдийн засгийн тэлэлт, өсөлтийг дагасан элдэв асуудлаас сэргийлэхийн тулд хуулиа л ажил хэрэг болгох хэрэгтэй.

-Дэлхий нийтэд тулгараад буй хүнсний үнийн хөөрөгдөл манайд нөлөөлөх болов уу?
-Энэ талаараа танай улс бусдыг бодвол харьцангуй хараат бус ч, нөлөөлөл нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Ялангуяа цагаан будаа, улаанбуудай, элсэн чихэр, ургамлын тосны ханш өсч байгаа учраас энэ төрлийн бүтээгдэхүүн Монголын зах зээлд ч үнэд орно. Үүнд нэрвэгдэх хэсэг нь эмзэг болон дунд давхаргынхан.

Г.Амартүвшин (Өдрийн шуудан)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.