Түрүүлсэн бөхөөс дутуу хөдөлмөрлөөгүй юм шүү....

2011/03/24
Share |
Хүмүүс:
Түрүүлсэн бөхөөс дутуу хөдөлмөрлөөгүй юм шүү....

1-ийн даваа: Арын сайхан хангай нутагруу жилдээ нэг удаа албан ажлаар очдог юм. Хангайн бүсийн Математикчдын их баярт оролцоод, математикт амлуулж өгсөн Адъяасүрэн багштайгаа уулзах нэгэн завшаан. Нутгаасаа гараад Түйн голыг “өгсөж” давхисаар Хөл Саяын даваагаар давмагцаа Дунд Тамирын голыг “уруудан” явах хорвоогийн сонин тохиолдолтой таарна. Архангай аймгийн Булган сумын нутгаар Тамирын голыг уруудан явсаар нэг хөгширч унасан, чулуужсан шахуу модтой тааралдах ба түүний “Бөх Мод” гэх... хажуугаар нь гарсан хүн бүр мөргөх бөгөөд би л гэхэд жилдээ нэг удаа мөргөж амжина. Энэ модонд ирэх бүртээ энэ нутгийн унаган хүү агуу нэгнийг санан дурсана.

20-р зууны сүүл хэсэгт Монгол бөхийн түүхнээ тодрон гарч ирсэн одоогийн энэ “одонцоруудын” хажууд жинхэнэ “том од ах” бол Дуламжавын Мөнх-Эрдэнэ болой... Тэрээр Архангай аймгийн Булган суманд 1964 оны луу жил мэндэлжээ.

Арслангийн өөрийнх нь дурсамж яриа хөврөнө:
“Манай нутгийн дээсэн дээр (Баянхонгор Архангай 2-ыг зааглах уул байх)  нэг хөгшин мод байж байгаад манай нутагруу харан унасан юм гэнэ лээ. Тэр үед л нутгийн хөгшчүүд манай нутгаас сайн бөх төрнөө хэмээн ярилцаж байсан юм байх. Яг тэр жил нь би төрөөд надаас хойш манай нутгаас хэсэгтээ завсарлаад байсан сайн бөхчүүд төрж эхэлсэн юм (Рагчаа заан, М.Батжаргал харцага...)

2-ын даваа: Арслан маань бөхийн барилдааны 1 ба 2-ын даваа энэ тэрд бол ёстой л жиргэнэ ш дээ. Зөрүүлж татаад араас нь барьцгүй хавирчаад харах ч үгүй л дэвээд явчина. Нөгөө амны залуугийн 2 хөл тээр дээр гозойж ирээд л яг сээрээрээ ИППОН... яагаад Жүдо барилдаагүй юм бол доо. Эсвэл жиндээ даруулаад байдаг байсан юм болов уу самбогийн бол дэлхийн аваргаас медалиудтай, бас ахдамын дэлхийн аварга хүртэл болсон хүн шүү дээ. Самбо бөхийнхөө холбоонд олон жил удирдах алба хашиж явна (одоо яг ямар дарга нь ч билээ дээ)...
Түүнийг аав Дуламжав гуай нь бөх болгохоор 5, 6-р ангиас нь Пионерын ордны бөхийн секцэнд Түвдэн аварга, С.Гомбо гэсэн хүмүүсийн удирдалаганд анх хичээллүүлж бөхийн гараа дэвээг нь заалгасан юм гэнэ. Ийхнүү ирээдүйн их бөх, бөхийн өлгий Архангай нутгаасаа 29 жилийн дараа төрийн наадмын түрүү үзүүрийг булаацалдаж, 32 жилийн дараа төрсөн арслан буюу “булган сүүлтэй” Булган сумын арслангийн түүх эхэлсэн байна.

3-ын даваа: Тэртээ 1984 онд цэрэгт байхдаа төрийнхөө их баяр наадамд анх удаа зодоглож 2 даваад 3-ын даваанд Мөнгөн арсланд унасан юм байна. Тэр жил Мөнгөн арслан Баянмөнх аварга, Хадбаатар аварга тэргүүтнийг шороодуулсаар үзүүрлэсэн бөгөөд 20 настай залуухан цэрэг Мөнх-Эрдэнэ “Мөнгөн арслан шиг улсын наадмын үзүүр түрүүнд үлдвэл мөн гоёо” гэж бодож явсан юм гэнэ лээ. Эр хүн давахгүй гэсэн даваагаар 3 давдаг гэдэг, тэгвэл Мөнх-Эрдэнэ арслан тэр даваагаараа 3 биш 5 давсныг нь бодоход ёстой “мундаг эр хүн” юм даа гэхээс өөр юу гэхэв.

Харамсалтай нь ажил амьдарлын эрхээр гэхүү дээ, Орос улсад Нисэхийн сургуульд суралцахаар одсон тул түүнээс хойш төрийнхөө баяр наадамд нээх их зодоглож чадалгүй байсаар нас нэлээд явсан хойноо буюу 25 26 нас хүрсэн 90-ээд оны үеэс л үндэсний бөхөөр тууштай барилдсан байдаг юм. Тэр үед нь Бат-Эрдэнэ аварга хэзээнээ дархан аварга болчихсон, Балжинням аварга, Сүхбат гарьд нар заан цолтой, үеийнх нь хүчитнүүд аль хэдийнээ улсын цолонд оччихсон сайн сайн гэгдэх бөхчүүд болчихсон байсан үе.

4-ийн даваа: 1992 оны наадмыг үзэснээ бүүр түүрхэн санадаг юм. Энэ миний ухаан орсон ба бөх сонирхож эхэлсэн үе бөгөөд тэр жилийн наадамд миний дэмжиж байсан “жихэнэ бөх” Сүхбаттай маань 4-ийн даваанд Мөнх-Эрдэнэ улсын начин цолтойгоор тунаж барилдаад давж билээ. Ёстой баллаад өгнө гэж бодож байсан бөхийг маань унагаасан нөгөө гайхал чинь даваа бүрт тунаж тунасан бүхнээ давсаар 8 жилийн өмнөх гэгээн мөрөөдөлдөө хүрч төрийнхөө их баяр наадмын үзүүр түрүүг булаацалдсан юм. Улсын цолгүй хүн 4 давах бас л хэцүү даваа, 4 даваад унах бүүр ч хэцүү. Мөнх-Эрдэнэ арслан ч Нууц товчооны ойгоор 4 давж улсын цолонд тулж ирээд унаж байсан л түүхтэй юм билээ. 2006 онд Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ойгоор л гэхэд 42 насандаа 4-ийн даваанд Одгэрэл зааны дүү Одхүүтэй ёстой үнэн хүчийг үзэж байж хашир туршлагын илүүгээр давж билээ. Одгэрэл заан 4 давчаад байж байсан тул Одхүү мэдээж бүхнээ шавхан барилдсан байж тараа, арслан ёстой ясны сайн бөх юмаа гэдэг нь харагдсан. Хамгийн сүүлд л гэхэд 2008 онд Булган аймгийн залуу арслан А.Отгонбаатартай 4-ийн даваанд хүч сорин барилдаж ёстой л нөгөө цаст уулын арслангийн цаг нь болсныг харуулж давуулж хутгуулаад унаж билээ.

5-ын даваа: Үеийнхнээсээ нэлээд хожуу, ер нь бол ийм том амжилтанд хүрсэн гэхэд итгэхийн арга оройтож буюу 1991 онд 27 насандаа л улсын наадамд цэргийн арслан цолтой зодоглож 1-ийн даваанд з.б О.Одгэрэлийг (одоогийн у.з гавъяат тамирчин) 2-ын даваанд залуу начин Ц.Баярсайханг (одоогийн у.з, гавъяат тамирчин) давж 3 дээр у.н Б.Хүрэлбаатарт амлагдан барилдаж, 4 дээр Увс аймгийн харьяат начин Жавзанжамъянтай тунан барилдаж давснаар начны даваанд босох эрхтэй болов. 5-ын даваанд түүнийг цол дөрөөлүүлэх болон түүнийг амлаж барилдах ачтан хийгээд зоригтон байгаагүй тул тунан барилдах болов, өрсөлдөгч нь заан болохоор тэмүүлж яваа залуу начин Бямбадорж. Монгол бөхийн түүхнээ “үнэхээр ширүүхэн”  гэх ангилалд багтдаг тус тулаанд Бямбадорж начин 3 удаа өргөж гаргаж ирсэн боловч залуу хүчитнийг хаяж чадалгүй эцэст нь дийлдэж Монгол бөхийн цолтнуудын их гэр бүлд Дуламжавын Мөнх-Эрдэнэ гэдэг шинэ эрч хүч нэмэгдэн орж ирсэн түүхтэй. Энэ амжилт нь түүний цор ганц сондгой давж шөвгөрсөн наадам билээ. Бусад бүх шөвгөрсөн наадамдаа 6 эсвэл 8 давж байлаа. Тэрээр энэ цагаас хойш завсаргүй 12 удаа энэ л 5-ын даваагаар давж төрийнхөө их баяр наадамд шөвгөрч явлаа. Энэ хооронд:

1991 онд у.н Баямбадорж (у.з)
1992 онд а.з Цэрэнпунцаг (у.г)
1993 онд у.н Бямбадорж (у.з)
1994 онд у.н Л.Энхбаяр
1995 онд у.н Ш.Батхуяг
1996 онд у.н Баатархүү
1997 онд у.з Амгаа
1998 онд у.з Хүрэлбаатар
1999 онд а.н Наранбаатар
2000 онд у.з П.Сүхбат (у.г)
2001 онд у.н Намжилдорж (у.х)
2002 онд а.н Д.Ганбат (у.н)

гэсэн бөхчүүдийг 5-ын даваанд давсан байх юм. Энэ дунд улсын цолгүй хоёр л бөх байна шүү дээ. Угаасаа 98 онд Хүрэлбаатар зааныг давсан бол 99 онд мөн Хүрэлбаатар заан яг арслангийн араас ам аваад төрсөн нутгийн бөх С.Ганхуягийг начин болгожээ. Тэгэхээр юу болсон нь ойлгомжтой. 2002 бол нас нэлээд хэвийсэн байсан, хамгийн амар санагдсан нь Мөнхийн үсгийн Ганбат байх.

Энэ барилдаануудаас хамгийн сэтгэлд тод үлдсэн нь............................................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.