Хүмүүс: |
Тэрээр биеийн байдлаасаа болж төрийн ажлаа орхиход хүрч магадгүй болоод байнаМонгол улсын шадар сайд асан, УИХ-ын гишүүн М.Энхсайхан саяхан учир битүүлгээр хилийн дээс алхлаа. Түүний энэ удаагийн гадагшаа явсан томилолт нь ямар нэгэн албан ажил, айлчлал байгаагүй бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар явжээ. Шадар сайд асан М.Энхсайханы элэгний өвчин гурван жилийн өмнөөс хүндэрч эхэлсэн гэх бөгөөд манайхан эмчлэх боломжгүй гэсэн хариу өгчээ. Биеийн эрүүл мэндийн байдал нь тогтвортой байгаа ч нэн түрүүнд яаралтай эмчилгээнд орох шаардлага гарсан учраас ийнхүү гадаадыг зорьжээ. Монголын төрийг барилцаж яваа энэ эрхмийн хувийн эрүүл мэндийг хэн нэгэнд сонин болгож дуулгах гэсэнгүй. Мэдээж өнөөдөр сонгуулийн уур амьсгал хэдийнэ орчихоод байгаа энэ үед улс төрийн нэгэн лидер, улс төрийн намын дарга байсных нь хувьд түүнийг сонирхож аль тойргоос нэр дэвших бол гэж хүлээсэн хүмүүс цөөнгүй бий. Мөн түүний үүсгэн байгуулсан ҮШН-ыг сонгуульд ямар байр сууринаас оролцохыг сөрөг намууд нь ч ажиглаж байгаа. Тэр ч бүү хэл, шадар сайд асан М.Энхсайханыг хотын аль дүүрэгт нэр дэвшинэ, тэр газар нь нэрээ дэвшүүлж хэн болохоо харуулна гэж АН-ын дарга Ц.Элбэгдорж хүртэл ам гарсан байдаг. ҮШН-ыг МАХН-тай эвсэж магадгүй гэсэн таамаг яриа гарч байсан ч одоогоор намуудын зүгээс тодорхой шийдэлд хүрч амжаагүй л байна. ҮШН-аас 2008 оны сонгуульд нэр дэвшихээр урьдчилсан байдлаар УИХ-ын зарим нэгэн гишүүн, сайдуудын нэрс л тодроод байгаа. Харин эрүүл мэндийн шалтгаанаасаа болж сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй болсон шадар сайд асан М.Энхсайханд нэн түрүүнд түргэн шуурхай эмчилгээ хийлгэх нь л чухал байна. Иймээс түүний сонгуульд нэр дэвших эсэх нь бүрхэг болоод байна.
Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал