Монгол улсын хүндэт засуул О.Гомбосүрэн: Одоо сайхан шавдаг, дэвдэг бөх алга болж

2011/03/25
Share |
Хүмүүс:
Монгол улсын хүндэт засуул О.Гомбосүрэн: Одоо сайхан шавдаг, дэвдэг бөх алга болж

/2009 оны шороон үхэр жилийн сар шинийн босгон дээр/ Монгол улсын хүндэт засуул, БТСТэргүүний ажилтан Осорын Гомбосүрэн гуайтай хөөрөлдлөө. Наян насыг хол давсан Гомбосүрэн гуай 50 шахам жил зүлэг ногоон дэвжээнээ харцага, арслан адил монгол эрийн цог золбоо болсон бөхчүүдээ засаж, тайлбарлаж ирсэн нэгэн юм. Монгол бөх гэдэг Монгол түмний бахархал төдийгүй бөхөө үзэхэд сэтгэл баясгаж, сэтгэлийн гэмийг арилдаг хэмээн хуучилсан Монгол улсын хүндэт засуул, БТСТэргүүний ажилтан Осорын Гомбосүрэн гуайтай хөөрөлдлөө. Наян насыг хол давсан Гомбосүрэн гуай 50 шахам жил зүлэг ногоон дэвжээнээ харцага, арслан адил онгол эрийн цог золбоо болсон бөхчүүдээ засаж, тайлбарлаж ирсэн нэгэн юм. Түүний үндсэн мэргэжил эмч. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэрбээр ихэнх цаг заваа бөхдөө зориулжээ.

-Бөх хүний дэг жаягийн талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Одоо бол үндэсний бөхөөсөө гадна спортын бөхчүүд олон болсон. Миний үеийн засаж байсныг бодвол хурдан шаламгай, түргэн шуурхай байж чадахгүй байна. Энэ бол том дутагдал юм. Хоёрдугаарт бөх гэдэг бол өөрсдийн бүтээсэн урлаг соёлын том өв юм. Ийм учраас бөхийг хэн хүндэлж, хэн хайрлах уу гэхээр бөхчүүд өөрсдөө хайрлах учиртай. Мөн ард түмэн ч түүнийг хүндэтгэдэг байх, бөхийн дэг жаягийг мэддэг байх ёстой. Энэ гурвыг мэдэхгүйгээр бөх явахгүй, барилдахгүй. Засуулын хувьд бол манай засуулууд их дэгтэй, бөхчүүд бол засуулаасаа айдаг, засуулчуудын хэлснийг л биелүүлдэг. Засуул хүн бол бөхийн дасгалжуулагч гэсэн үг.

-Дээр үед сар шинээр хичнээн бөх барилддаг байсан юм бол?
-Цагаан сарын баярыг манайхан их өргөн тэмдэглэдэг болж. Дээр үед нэгдэлчдийн баяр гэж тэмдэглэдэг байсан. 1952 онд Маршал нас бараад, ард түмэн өөрсдөө гашуудлаа илэрхийлж цагаан сараа тэмдэглээгүй. Үүний дараа 1956 онд тусгай шийдвэр гараад , "Нэгдэлчдийн баяр" гэж нэр өгөөд шинэ жилийг ажилчин анги пролетарийн анги гэж нэрлээд төв хорооны шийд гарсан. Бөхийн барилдааныг "Нэгдэлчдийн баяр"-аас хойш цагаан сарын барилдаан гэж явуулсан. Эхлээд 64 бөх барилдсан байх. Сүүлдээ 128 бөх болсон. Одоо бол 256 бөх барилдаж байна. Энэ жил 256 бөхөөс хамаагүй их болно. Яагаад гэхээр өсвөрийн бөхчүүдийн барилдаан, нийтийн бөхчүүдийн барилдаан, сумын ба залуу бөхчүүдийн барилдаан, аймаг цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаан, цагаан сарын барилдаан гэсэн таван барилдаан болсон гэдгээрээ онцлог.

-Сүүлийн үед ажиглаад байхад үндэсний бөхийн хөгжил нэлээд сайн байгаа юм шиг...
-Энэ бөхийг хөгжүүлээд, эвийг нь олоод байгаад зарим нэг хүмүүс тааламж муутай ойлгодог юм уу даа. Энэ юу гэхээр бөхчүүд их мөнгө авч баяжиж байна. Нэн ялангуяа зарим нэг төрийн зүтгэлтэнгүүд тэгж үздэг юм билээ. Энэ үгүй юм аа. Хэдэн оноос хэдэн зуун жилийн тэртээгээс бөх үүссэн гэдгийг мэддэггүй. Монгол хүн бол хүү төрвөл бөх болгоно гэхээс төрийн тэргүүн болгоно гэж ярьдаггүй шүү дээ. Энэ бөх болгоно гэдэг нь олон сайхан ёс жаягтай. Яагаад гэхээр Монголчууд хүүхдүүдээ хоёр гурван настайгаас нь барилдуулж долоо найман нас хүрээд ирэхээр нь хот айлын хүүхдүүдийг цуглуулж барилдуулж ааруул ээзгийн шагнал өгдөг байсан.

Би их нэг юмыг их гайхаад байдаг юм. Өвөрмонголчууд таван зуун наян хэдэн бөх барилдуулаад геннисийн номонд бичүүлсэн гээд байдаг юм билээ. Тэгтэл манайх таван зуугаар тогтохгүй шүү дээ. Сум бүгдэд 64, аймаг бүрд 128, улсад 512 бөх барилддаг. Ингээд бодохоор манайх яагаад геннисийн номонд бичүүлж болдоггүй юм. Би саяхан хоёр жилийн барилдсан зөвхөн аймаг цэргийн цолтой бөхийг судлаад үзсэн. Тэгэхэд бүтэн жил 13 удаа барилдахад 13000 гаруй бөх барилдсан байгаан. Үүнд бол аймаг улсын цолтой бөх оруулаагүй. Иймээс монгол бөх хөгжих ёстой. Ер нь бол дэлхийн спортын бөхчүүдийн
анхдагч гэж бодож явдаг шүү.

-Та аль нутгийн хүн бэ. Та өөрөө бөх барилдаж явж байв уу. Үндэснийхээ бөх рүү хөл тавих болсон тухайгаа хуучлаач?
-Бага зэрэг барилдаж байсан. Гэхдээ нэх их гавиагүй ээ. Аймагт нэг удаа түрүүлсэн, аймгийн заан цолтой. Яагаад барилдаагүй гэхээр нэг муу хэнз дарга байсан юм. Дээр үеийн намын дарга нар чинь барилдана гэхээр муу юманд орчих гээд байгаа юм шиг шахдаг байсан юм. Тэгээд барилдаж чадаагүй. Би Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Нэг үе бол тэндээ БТСХорооны "Тамирчин" сонины эрхлэгч, сурвалжлагч, биеийн тамирын түр зөвлөх, эвлэлийн хэлтсийн дарга, зохион байгуулагч зэрэг ажлууд хийж байсан. Тэгээд дараа нь Биеийн тамир спортын хороо, Цэнгэлдэх хүрээлэнгийн захирал болсон доо. Иймэрхүү ажил байдлаасаа бөх рүү хөл тавьсан. Өөрөө ч бөхөд сонирхолтой. Бөхийг багаасаа үзсэн болохоор сүүлдээ түүнийгээ хаяж чаддаггүй болчих юм.

-Та бас бөх тайлбарлагч байсан гэсэн. Хөндлөнгөөс харахад бөх тайлбарлах их хэцүү юм шиг...
-Тэр бол хүнд. Бөхөө мэдэж байж тайлбарлана. Би бол тааруухан тайлбарладаг байсан байх. Гэхдээ болоод байдаг байсан. Тэр үед аймаг гэж хэлүүлдэггүй л байлаа. Аймаг гэж хэлвэл үндэсний үзэл гаргасан болдог. Тийм учраас спортын нийгэмлэгээр нь дууддаг. Соёл нийгэмлэгийн бөх, хөдөлмөр нийгэмлэгийн бөх гэж ярьдаг байсан учраас тухайн үеийн засуулчууд онц сайхан тайлбарладаггүй байсан байх.

-Засуулыг хэдэн оноос хийх болов. Та саяхан "Бөх" сонинд бөхийн өрөөний талаар юм бичсэн байсан?
-1957 оноос засуул хийсэн. Гэхдээ 1961 оноос тогтмол хийдэг болсон. Засуул, тайлбарлагч хоёулаа бөхийн дэг жаягийн багт ордог. Бөхөд таван дэг жаяг байдаг. Нэгдүгээрт бөх гараад засуул дээр гарч ирж байна. Энэ бол гараа. Хоёрдугаарт гарч ирж байгаа бөхөд дэвээ байдаг. Гуравдугаарт тугийн тэнд очно, энэ бол шаваа. Дөрөвдүгээрт барилдах гэж өрнө. Тавдугаарт барилдаж эхэлнэ. Одоо манай бөхчүүд маш олон болсон учир өрөө алга. Сая би бөх сонинд жижигхэн юм бичиж өгсөн. Бөхөд өрөө гэдэг чухал. Нэгд цаад бөхийнхөө шинж чанарыг мэдэж авна. Хоёрдугаарт ямар бяртай, ямар сэтгэхгүйтэй хүн гэдгийг нь мэднэ. Гуравдугаарт нь тэр хүнтэй яаж барилдах вэ гэдгээ сонгоно. Дөрөвдүгээрт өрж байхдаа сэтгэлзүй талаасаа ямар байх вэ гэдгийг мэдэж авна. Нэг жишээ хэлье. Би Мөнхбатыг аваад гарч байсан. Тэгтэл Мөнхбат араар орчоод болдоггүй. Тухайн үед Эрдэнэ-Очиртой таарсан байсан. Чи барилдахгүй яасан юм гэтэл за, за гэснээ ганцхан ухас хийгээд хаячихаад явчихсан. Тэгэхээр нь би " яаж байгаа" нь энэ вэ гэсэн чинь "Намайг алчих гээд байдаг юм. Би тэрнийг нь номхруулж байгаа юм" гэж билээ. Өрөө гэдэг бол тийм нарийн жаягтай. Одоо бол бие биенийгээ сайн таньдаг болсон. Нэрийг нь дуудангуут сэнжигдээд бариад авдаг.

-Давсан бөхөд боорцог өгдөг шүү дээ. Энэ ямар учиртай юм?
-Нэг хэсэг боорцог өгөхөө больсон байсан. Харин сүүлийн үед дөрвөн уулын хишиг барилдаан энэ тэр дээр гаргаж ирээд байгаа юм. Энэ боорцог бол өгөх ёстой юм. Өгч байсан түүх уламжлалтай. Үүнийг ард түмэн бөхийн хийморь гэж авдаг. Тэрийг авахын төлөө эрмэлздэг. Энэ бол монгол бөхийн хийморийн холбоог хүндэлж байгаа нэг том жаяг юм. Одооны бөхчүүд боорцогоо авахдаа дандаа босоо зогсож байгаад буруу аваад байх юм. Тэгэх ёсгүй. Баруун хөлөө өвдөглөж, хоёр гараа тосож авдаг. Энэ бас байхгүй болсон. Өөрөөр хэлбэл боорцог гэдэг нь төрийн хишиг юм. Тийм учраас төрөө хүндэлж байгаа хэрэг. Хэлж яриад бөхчүүд биелүүлж өгөхгүй л байна.

-Сүүлийн үеийн зарим барилдаанууд дээр их маргаан гардаг болж. Энэ юунаас үүдээд байдаг юм бол оо?
-Бөхөд бас нэг юм бол цэц гэж байна. Бөхийн унаж байгааг, давж байгааг харах ёстой. Энэ бас л дутагдалтай. Яагаад гэхээр хараа гүйцэж харж чадахгүй байна. Бөх бол хурдан барилддаг. Тэр тусмаа дээр үеийн бөхчүүд маш хурдан барилддаг. Унасан давснаа өөрсдөө мэддэг. Одоо бол унасан ч дэвдэг, давсан ч дэвдэг. Энэ бол ёс зүйн алдагдал. Үүнийг залруулах нь цэцийн үүрэг. Тэд шууд хэлэх эрхтэй. Тэгж хэлээгүйгээс болж залуу бөхчүүд их хохирдог. Үүнээс болж............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.