Ч.Улаан: Найман нэрийн хүнсний бүтээгдэхүүн дээр жишиг үнэ тогтоохоор боллоо

2008/04/25
Share |
Хүмүүс: Чүлтэм Улаан | 
Ч.Улаан: Найман нэрийн хүнсний бүтээгдэхүүн дээр жишиг үнэ тогтоохоор боллоо

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийг бууруулахаар хэлэлцсэний эцэст тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийг хязгаарлах талаар тодорхой шийдвэр гаргана гэж байсан. Чухам ямар шийдвэрүүд гаргасан бэ?
-Бид үнийн өсөлтийг хязгаарлах талаар Засгийн газар болон УИХ-аас мөн бусад хувийн хэвшил олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллах бодлого хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтлоо. Энэ дээр нэлээн олон тодорхой арга хэмжээнүүд тусгагдаж байгаа.
-Тухайлбал?
-Дотоодынхоо үйлдвэрийг өргөтгөх асуудал чухал байна. Гаднаас хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхэд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, татвар болоод гаалийн зохицуулалтыг хийх, экспортонд гаргаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах асуудал байна. Нөгөө талаар энэ явцад хяналт тавьж байх. Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч гэрээ хийсний үндсэн дээр ажиллах, мөн импортоор төр засгийн нэр дээр орж ирж байгаа дэмжлэгийг үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч зохион байгуулах. Жишээ нь хөнгөлөлттэй үнээр орж ирж байгаа гурил будааг тодорхой хяналттайгаар гэрээний үндсэн дээр үйлдвэрлэгчдэд өгснөөр бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг авч үзэж байна. Үүний хажуугаар хууль эрх зүйн асуудлуудыг зохицуулах асуудлуудыг шийдвэрлэж хөөцөлдөхөөр тогтсон байгаа. Ер нь энэ арга хэмжээг ойрын үед болон дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх гэж ялгаж салгаж авч үзэж байгаа.
-Бага дунд орлоготой иргэдэд үнийн хөөрөгдөл дээр тэтгэлэг олгох тухай асуудал яригдаж байсан. Тодорхой шийдвэрт хүрсэн үү?
-Ер нь бидний барих ёстой гол хандлага бол үнийн өсөлт бодитойгоор ард иргэдийн амьдралд хүндрэл дарамт учруулах нээ. Тэгэхээр нийтээр хавтгайрсан арга хэмжээ явуулаад үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Тиймээс зайлшгүй дэмжлэг шаардлагатай иргэдийг нийгэм эдийн засгийн хэлбэрээр оновчтой хүрээнд зохион байгуулах, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, бараа таваараар хангах купон картын систем бий болгоё гэж хүртэл яриад тооцоо судалгаа хийж эхлээд байна.
-Жишиг үнийг тогтооё гэдгийг ҮЭ санал болгоод байгаа. Тэгэхээр үнийн бодит байдал дээр тооцоо судалгаа хийж үзэв үү. Үнэхээр талх 800 байх ёстой юм уу , аль эсвэл 450-д зарах боломжтой юу гэдэг дээр ямар шийд гаргасам бэ?
-Энэ асуудлаар бид ярилцсан. Урьд нь ч олон удаа ярьж байгаа л даа. Тэгэхээр үнэ аль болох бодитой байх ёстой. Үнэ бодитой юу үгүй юу гэдэгт хяналт тавих механизм бий болгох шаардлагатай байна. Энэ дээр УМХГ, ШБӨХЗГ хяналт тавьж судалгаа дүгнэлтүүд хийж байна. Ер нь үнийг зохицуулах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан хийснээс хойш бид нар үйлдвэрчин, үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад тооцоонуудаа нийлж байна. Ингээд жишиг үнийг зарлая гэж байгаа. Жишиг үнийг зарлахад гарааны үнийг шатахуун тээврийн өсөлт, бүтээгдэхүүний өсөлттэй нь уялдуулаад зөв зарлах ёстой. Гэхдээ тооцоогоо нийлээд үзэхээр талхан дээр гэхэд 450 арай биш байна. Өнөөдрийн бодит байдлаар аваад үзэхэд 630 төгрөгөөр нэг ширхэг атар талх гарч байгаа тооцоо байна. Тэгэхээр бид нар анхны суурь үнээ тогтоогоод цаашаа 10 хоног тутамд бий болж байгаа өөрчлөлтүүдийг тусгаад нэмэгдэх үү хорогдох уу гэдэг жишиг үнийг нийтэд зарлаж байя гэж үзсэн. Өргөн хэрэглээний талх гурил будаа элсэн чихэр, ургамлын тос гэхчилэн найман нэр төрлийн бүтээгдэхүүнээр тус бүрд нь жишиг үнэ тогтооно.
-Ямар ямар бүтээгдэхүүнийг хэдэн төгрөг байхаар тооцоолоод байгааг тодорхой хэлж өгөхгүй юу?
-Өнөөдрийн байдлаар бүх бүтээгдэхүүний жишиг үнийн тооцоо гараагүй, хийгдэж байна. Энэ жишиг үнийг тогтоох ажлын хэсгийг өнөөдөр томилж гаргалаа. Үүнд Засгийн газрын яамдын төлөөлөл, ҮЭ, Эздийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгчид орсон. Тэгээд хамтарч хэлэлцэж, тооцоогоо гаргаж байгаад үнээ зарлана.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.