Ч.Ганзориг: Улсын наадмын морьдыг ялгаж уралдуулах тухай шийдвэр нь явцуу эрх ашгийн төлөөх улс төрийн сонирхлоос үүдэлтэй

2011/04/28
Share |
Хүмүүс:
Ч.Ганзориг: Улсын наадмын морьдыг ялгаж уралдуулах тухай шийдвэр нь явцуу эрх ашгийн төлөөх улс төрийн сонирхлоос үүдэлтэй

Зууны бүтээн байгуулалт болсон Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" нь 2010 оны Дэлхийн шилдэг үйлдвэр болсон. Энэ удаа энэхүү том үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг хэмээх эрхэмтэй ярилцлагын ширээнээ саатсан юм. Монголын номер нэг аж ахуйн нэгжийг толгойлж байгаа тэрээр ямагт олны хараанд байдаг нэгэн. Нийгэм, улс төрийн тогоонд бол хэдийнэ буурь зааж боловсорсон Ч.Ганзориг захиралтай харин энэ удаад бид Монголын хурдан морины өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хөөрөлдсөн юм. Найзынхаа бэлэглэсэн битүү мориор “Сайн морь эзнээ хайж явдаг”-ийг бас хүлэг, эзэн хоёр хэрхэн “хорших”-ыг харуулсан энэ эрхэм Монголын Олимпын Боксын Холбооны Ерөнхийлөгчөөр ажилдаг гэдгийг уншигчид мэднэ. Харин дугаар шилжих мөчид ирсэн мэдээгээр тэрээр Азийн Боксын Холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

- Цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье. Улсын баяр наадамд нэгдүгээр үеийн эрлийз цусны адууг тусад нь ялгаж уралдуулах тухай ММСУХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн талаар ямар бодолтой байгаа вэ?
- Энэхүү шийдвэрийг М.Энхболд гэдэг хүн хувь хүнийхээ хувьд гаргаагүй байх гэж бодож байгаа. Яагаад гэхээр энэ бол аль ч талаас нь харсан сайн үр дагавартай бус. Би хувьдаа эсрэг саналтай байгаа. Бид адуугаа сайжруулж, чанаржуулах ёстой. Бас үржил селекцийн ажлыг шинжлэх ухаанчаар явуулах ёстой. Аливаа шинэ зүйл эхлээд янз бүрийн бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч л байдаг. Анх морь тэжээж байх үед бас л ингэж ярьж хэлдэг байлаа. Цагаан өвсний адуу, тэжээлийн адуу хоёр яаж уралдах вэ энэ тэр гээд ... Одоо хот, хөдөөгүй бүгд л тэжээдэг болчихсон байгаа биз дээ. Эрлийз энэ тэр гээд ярих юм бол “Амгалан төрийн ажнай хүлэг” алдарт хурдан шарга азарганы угшил нь “Тогоруу” шүү дээ. Жаргалантын морин завод гэхээр бүгд санаж байгаа байлгүй. “Соёмбо” хүрэн, “Гуулин” зээрд гээд олон алдарт хүлгүүд бүгд л энэ угшлын адуу. Эднийг эрлийз биш гэх үү. Эсвэл эрлийз гээд тусад нь ялгаж уралдуулах юм уу цаашдаа. Энэ мэтчилэн олон асуулт гарч ирнэ л дээ.

Эрлийз адуу буюу шинэ Монгол адуу дийлж уралдсан сүүлийн жилүүдийн наадамд жирийн уяач уралдах боломжгүй боллоо. Энэ чигээрээ явбал  Монгол наадам, үндэсний их баяр цэнгэл гэдэг утгаа алдана гээд байгаа. Нээрэн ч сүүлийн жилүүдийн улсын баяр наадмын морьдын тоо цөөрч байгаа шүү дээ?

Өмнө нь улсын наадам нэртэй болохоос биш Төв аймгийн хэдэн сумын морьд л уралддаг байсан. Тэндэхийн уяачид л алдар цол хүртдэг байсан ш дээ. Харин одоо өөр болсон. Дүнжингаравт гэхэд л 300 гарч уралдаж байна шүү дээ.

Үндэсний наадам гээд ярих юм бол Япончууд сумо бөхөө хөгжүүлэх гээд харин ч гадны бөхчүүдийг урьж, улам хөгжүүлж байгаа биз дээ. Гэтэл бид ийм байдлаар үндэсний баяр, монгол морь, монгол бөх гээд яриад байх юм бол казак хүн барилдахгүй болох уу. Цаашлаад монголын өмнөөс их спортод манай зарим тамирчид маань орохгүй болох нээ.

Ний нуугүй хэлэхэд би энэ шийдвэрийг улс төрийн шийдвэр, сонгууль ойртож, малчид уяачдад таалагдах гэсэн улс төрчид л энэхүү шийдвэрийг гаргаж байна гэж үзэж байна. Түүнээс биш нарийндаа Монголын хурдан морины хөгжилд санаа тавьж гаргасан шийдвэр биш. Хөдөөгийн малчид тэр бүр адууныхаа цусыг сэлбэж сайжруулах боломж байхгүй учраас мэдээж эрлийз адуутай уралдах дургүй байгаа нь нууц биш. Тиймээс улс төрчдийн энэхүү шийдвэр одоохондоо тэдэнд таалагдах нь гарцаагүй. Гэвч энэ шийдвэр яг үнэндээ эрлийз адуутай хүмүүст гэхээсээ илүү алсдаа малчдад, монгол морины хөгжилд сөрөгөөр тусна.

- Яагаад?
- Эрлийз адуутай улсуудад бүгдэд нь л сайн хурдан монгол адуу байгаа. Энэ бол тодорхой шүү дээ. Тэд 10,11,12-ндоо монгол адуугаа уралдуулаад, 13-ндаа эрлийзүүдээ уралдуулна. Тэгэхээр харин ч эсрэгээрээ энэ нөхдүүд алдар цолонд хүрэх боломж нь хоёр дахин өсч байгаа биз. Нөгөө талаар, энэ шийдвэрээс үүдээд алсдаа Сүхбаатар, Дорноговийн монгол адуу өнөөдрийнх шигээ өндөр үнэд хүрэхээ болино.

- Харин ч эсрэгээрээ улам үнэд орох юм биш үү?
- Ойрын 2 жилдээ бага зэрэг үнэд орох байх л даа, түүнээс цааш бол унана. Учир нь нөгөө эрлийз гээд байгаа шинэ монгол адууны дээд тал нь одоо азарга болж байна. Тэдний үр төл 1 жилийн дараагаас уралдана. Шийдвэр ёсоор хоёр түүнээс дээш үеийн эрлийз уралдана. Тэгэхээр их сайндаа 2-3 жилийн дараагаас өнөөдөр ялгуулсан эрлийзүүдийн чинь үр төл давхиад эхлэхээр алсдаа дахиад л монгол адууны үнэ бууна шүү дээ. Уг нь ийм шийдвэр гаргаж байхын оронд харин аймгийнхаа сум бүрт цэвэр болон эрлийз азарга өгөх тухай ярьсан бол хэрэгтэй байсан байх даа. Зүүн талд сайн гүүнүүд нь байгаа юм чинь. Тэгвэл зүүн талын адуунууд үнэ орсон хэвээрээ л байна. Энэ мэтчилэн олон зүйлээс ялгаж уралдуулах тухай уг шийдвэр явцуу эрх ашгийн төлөөх улс төрийн шийдвэр байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Би яг тэр хуралд нь суугаагүй л дээ. Уяачдын ярих нь Г.Батхүү, Я.Батсуурь нарын эрхэм гишүүд л энэ асуудлаар түлхүү ярьж, бусад нь сонсох үүрэг гүйцэтгэсэн гэсэн. Тэгээд нэгэнт гарчихсан шийдвэр юм байна л гэж ойлгосон гэж тэд ярьж байна лээ.

Хөдөөгүүр явж байхад малчид ярьдаг л даа. “Монгол адуу, эрлийзүүдтэй уралдахад хүндрэлтэй байнаа” гэж. Гэхдээ тэр нь огт уралдуулмааргүй байна гэсэн санаа биш. Харин эрлийз адуутай болж чадахгүй байна гэдгээ л хэлж байгаа хэрэг. Тиймээс эрлийз азарга бэлэглэхэд дуртай л байдаг биз дээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.