Хүмүүс: Эрдэнэтуяа | |
Хүн гэдэг аливаа зүйлд амархан дасдаг аж. Анх Баянмөнх, Бат-Эрдэнэ аварга нарыг УИХ-д нэр дэвшихэд эд нар одоо улс төр хөөж яах нь вэ? Барилдаж л байхгүй. Бөх хүн бүдүүн өвсөнд гэцгээж байсан. Одоо УИХ-д гарын арван хуруунд багтахаар спортынхон байна. Тэднийг нэр дэвших тухай яригдахад болдог зүйл болдгоороо л болж дээ гэж хүлээж авах болж. Харин урлагийнхан улс төрд гэвэл, иш чааваас дэмий байлгүй дээ. Гэхдээ юу сайхан дур сайхан гэдэг болохоор үзээд л “алд” гэх янзтай хүлээж авах болсон. Харин загварынхан улс төрд гэсэн чинь чадах уу ? Амжих уу ? гэцгээж байна. Энэ нь загварын бүсгүйчүүд хоосон толгойтой сайхнаас цаашгүй хүмүүс гэж ойлгодогийнх биз. Ямартай ч тэдний улс төр рүү чиглэсэн жимийн эхлэлийг загварын хууччуулын нэг “Эра” төвийн Д.Эрдэнэтуяа тавьчихаад байгаа. Тэрээр шинэ оны эхээр Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон олны чихийг сортолзуулсан. Хэдийгээр Эрдэнэтуяа “Би одоохондоо улс төрд өрсөлдөх бодол байхгүй. Иргэн хүнийхээ хувьд өөрийн хийж чадах зүйлээ хийхийн тулд нийгмийн үүргээ гүйцэтгэж байгаа минь энэ” гэж тайлбарласан ч Зөвлөлдөх хорооны гишүүн сонгуульд өрсөлдөх эрх нь намын дүрмээрээ нээлттэй байдаг. Сонгууль явагдахад жил гаруйн хугацаа үлдсэн. Тиймээс энэ хугацаанд Д.Эрдэнэтуяа бодлоо өөрчлөн сонгуульд өрсөлдвөл УИХ-д гутал хувцас өмсдөг хүмүүсийн төлөөлөл нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Тэгж байгаад үйлчлэгч, жижүүр нарыг төлөөлж УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэхэд үгүй гэх газаргүй болох бололтой.
Т.Алтаа Factnews.mn