Хүмүүс: Ч Сайханбилэг | |
Төрийн ордонд цусгүй тулаан эхэлжээ. Энэхүү тулаанд мордогсод буу шийдэм барьсангүй. Харин хорон муу үг бүхнээр шүд амаа зэвсэглэсэн байна. Сонгуулийн хуулийн төлөөх маргаан сүүлдээ ийнхүү тулаанд босгосон аж. Ардын нам, Ардчилсан нам хоёр бие биерүүгээ гал нээж байна. Муу үгийн цуглуулга бүрээр сумалсан “буу”-тай тэднийг Ч.Сайханбилэг, Д.Лүндээжанцан нар командалж байгаа гэнэ. Тэд тус тусын намын УИХ дахь бүлгийн дарга нар юм. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нь сонгуулийн можаритори зонхилсон тогтолцооны эсрэг цэргүүдээ эгнүүлэн зогсож байна. Д.Лүндээжанцан 52:24 гэсэн можаритори нь голчилсон сонгуулийн холимог хувилбараа хамааглаад гэдийчихлээ. Гэтэл Ч.Сайханбилэг өөрийн цэргүүдийг УИХ-ын хуралдаанд оролцохгүй байхыг уриалав. Түүний хэлж буйгаар бол можаритори голчилсон сонгуулийн систем нь өнөөх л сонгогчдыг худалдан авдаг хэлбэр ажээ. МАН-ын мөнгө ихтэй залуучууд аль хэдийнээ сонгуулийн тойргууддаа юмаа тараагаад эхэлчихсэн юм байх. Хууль гарахаас өрсөөд ийнхүү Ардын нам нь мөнгөөр санал худалдан авах ажилдаа орчихсон хэмээн Ч.Сайханбилэгтэнгүүд бухимдахдаа сөрөг давшилтанд орж, хурлаа хаяхаар шийджээ. Хэзээ тэд ам хэлээ ололцохыг бүү мэд дээ.
Я.Ымербек. Factnews.mn