А.Сүхбат аваргын ээж: Зодог тайлахад нь уур их хүрч байсан

2011/06/29
Share |
Хүмүүс:
А.Сүхбат аваргын ээж: Зодог тайлахад нь уур их хүрч байсан
БИ ГЭРТЭЭ НЭР МУУТАЙ ХҮН ДЭЭ

-Та аль аймаг сумаас гаралтай хүн бэ. Гэр бүлийнхнийхээ тухай яриач?
-Эмээ нь одоо бол Төв аймгийн Сэргэлэн сумын хүн. Урьд Богд Дүнжингаравын өвөр. Манайх Манзушир хийдэд үе дамжин шавилан суусан лам удамтай айл. Би Манзушир овогтой. Намайг зургаан настай, миний дүүг хоёр настай байхад миний ээж бурхан болсон. Дүү маань бас лам хүн бий. Эмээ нь эцэг өвөг дээдсээс уламжилж ирсэн тарни номоо тасралтгүй авч явна. Нэг хэсэг нийгэм өөр, бурхан ч шүтэж болдоггүй байхад цагаан, ногоон дарь эхээ уншаад л үнээгээ саадаг байлаа шүү дээ.

-Ханийнхаа тухай дурсаач. Агваансамдан гэж ямар хүн байв?
-Өвгөн маань Төв аймгийн уугуул. Цэрэгт байхдаа л барилдаж эхэлсэн. Цэргийн цолтой. Сумын наадамд ногт ганзагалж яваад хэдэн даага хөтлөөд л ирдэг хүн байсан. Их бяртай, сайхан ч барилдана. Архи тамхи хэрэглэхгүй, ажилд махруу, тохитой, томоотой, нуруутай хүн байсан даа. Бид хоёр ханилж суугаад энэ олон хүүхэдтэй болоод 40 гаруй жил сайхан л амьдарч ирсэн. Манайх хөдөө малтай байснаа Налайхад нүүж ирээд хань маань аврах ангид, би гал тогоонд ажилладаг байлаа. Налайхад хэдэн жил болж, Хонхорт шилжиж ирээд нэлээд удсан. Дараа нь Багахангайд, Зайсанд байгаад Өлзийт хороонд ирсэн. Эмээ нь Богд Дүнжингарав уулаа л нар зөв, буруу эргээд л яваад байна даа.

-Хүмүүст хэрэгтэй засал номыг уншиж өгөх, архинаас гаргадаг гэж сонссон. Ямар засал хийдэг юм бэ?
-Хань ижлээ, үр хүүхдээ, найз нөхдөө архинаас гаргах гэсэн хүмүүс өдөрт хэдэн арваараа ирдэг байлаа. Олон ч хүнийг архинаас гаргасан. Нэг хүнийг архинаас гаргахын тулд олон цагаар тарни тоолдог юм. Харин одоо нас яваад, чадал барагдаад архины рашаан хийхээ больсон. Шөнөжин суугаад нойр муутай хоночихоор хамаг чадал, тамир барагдаад, даралт ихсээд байх юм.  Тэгээд ч нас дээр гарчихаад өдөр шөнөгүй сууж, өөрийгөө ядраалаа гэж хүүхдүүд дургүйцээд байх юм. Би гэртээ бол нэр муутай хүн дээ. /инээв/ "Овоо доо ээж минь буян хийж байна" гэж хэлэх хүн байхгүй шүү. Хүүхдүүдтэйгээ зөрөөд л хүмүүст тусалж өөртөө буян болж суудаг юм. Одоо харин чадал барагдаад хийхээ больсныг олон түмэн мэдэж, ойлгож байгаа. Тиймээс хол газраас мөнгө төгрөг, бензин тосоо үрэн наашаа ирээд хэрэггүй шүү гэдгийг танайхаар дамжуулаад хэлье.

-Таныг олон сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэг?
-Би зургаан охин, таван хүү төрүүлсэн. Даанч хоёр охиноо алдчихсан. Одоо дөрвөн охин, таван хүүтэй. Хүүхдүүд дор дороо айл болоод гараад явчихсан. Барилдах, уралдах дуртай хоёр хүүг маань хүмүүс сайн мэдэх байх. /Даян аварга А.Сүхбат, манлай уяач А.Батсүх/ Барилддаг нь ч юу болж байгаа юм бүү мэд. Уралддаг нь ч одоо бэлтгэлээ хийгээд байна, Уралддаг хүүгийн маань гэр, морины жүчээ манайхтай ойрхон болохоор байнга орж гарч байдаг юм.

-Одоо хэнтэйгээ цуг амьдарч байна?
- Нэг охиныг өөртөө туслуулаад хоол ундаа хийлгээд хамт амьдардаг. Гэрт, хашаанд миний хийж чадах ажил бага ч оролцохгүй юм гэж алга. Эмээ нь их завгүй. Өөрөө гардаад хийж чадахгүй ч сэтгэлээрээ хажууд нь байж, зааж зааварлах гэнэ. Заримдаа машин тэрэгтэй хүүхэд ирэхээр суугаад гадуур явдаг юм. Хөгшин болохоор хүүхэд шиг болдог юм байна. /Инээв/

-Хүүхдүүд чинь таныг энд ганцаараа байхад дургүйцэх юм уу?
-Хүүхдүүд намайг хотод амьдар гээд Зайсанд шинэ байр авч өгсөн. Өвөлдөө бол байрандаа байх дуртай. Харин дулаан болохоор агаар салхинд байя гээд тэндээ тогтохгүй, энд л хэдийнэ ирчихнэ шүү дээ. Алтан загасны эмгэн шиг сайхан байранд тогтохгүй байгаа миний л буруу байх. /инээв/

АРД ТҮМНИЙ ХАЙРЫГ ТАТСАН TOM БӨХ БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙСАНГҮЙ

-А.Сүхбат аваргын тухай яриач. Багадаа ямар хүүхэд байв?
-Аварга маань...........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.