Хүмүүс: Доржготов Ганцэцэг | |
"Бооцоо" “Надаар тоглосон хайр” зэрэг жүжгээр анх олонд танигдсан жүжигчин Д.Ганцэцэгийг УДЭТ-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг гэдэг. Ширүүн харцтай ч, аальгүй дүр төрхтэй тэрээр "Гэгээн муза"-гийн эзэн болж хавь ойрынхныгоо баярлуулсан авьяаслаг нэгэн. Жүжигчин хүн зуурсан гурил, баримлын шавар шиг байх ёстой гэдэгтэй санаа нийлдэг тэрээр ямар ч дүрийг голж байгаагүй гэдэг. Харин театрт ороод удаагүй байхдаа А.П.Чеховын “Цахлай” сонгодог жүжгийн Машагийн дүрийг аваад маш их догдолж байсан бөгөөд Машагийн дүрдээ илүү хайртай гэнэ лээ. Харин айж, эмзэглэж хүлээж авсан дүр нь “Сийлэн бөөр” киноны дүр аж. Энэ кинонд тоглохдоо тэрээр 6 сартай жирэмсэн байжээ. Гэтэл киноны дүр нь баян тансаг амьдрал хөөгөөд 3 сартай хүүхдээ хаяад явчихдаг эсрэг дүр. Жүжигчнийхээ хувьд энэ дүрийг хүлээж авсан ч, анхныхаа үрийн зулайг үнэрлэх гэж байсан бүсгүй хүний хувьд үнэхээр хэцүү байжээ.
О.Чимгээ. Factnews.mn