Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн амжилттай болж өндөрлөв

2008/04/28
Share |
Хүмүүс:
Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн амжилттай болж өндөрлөв

Манай тамирчдаас спортын мастер Б.Батхишиг шилдэг наймд багтсан амжилт үзүүлэв
Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний анхдугаар тэмцээн энэ сарын 24-27-ны өдрүүдэд Спортын төв ордонд өндөрлөлөө. Тус  тэмцээнд Хятад, Япон, Солонгос, Тайвань, Хонгконг, Сингапур зэрэг дэлхийн ширээний теннисний спортын “топ” болон 11 улс орны 136 тамирчид хурд, хүчээрээ өрсөлдсөн юм. Дөрвөн өдрийн турш Спортын төв ордны А заал үзэгчээр дүүрэн байсан бөгөөд тэмцээний хөгжөөн дэмжигчид нь ч гэсэн хүчтэй байсан юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсын баг тамирчинд медаль аваагүй ч гэсэн азийн шилдэг найман тамирчны тоонд багтсан нь томоохон амжилт гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Ширээний теннис нь эрэгтэ, мэгэтэй ганцаарчилсан тоглолт, багийн төрөл, холимог хос, дан хос гэсэн төрлүүдэд ангилагддаг аж. Энэ удаагийн тэмцээнд Япон, Хятад, Солонгосын тамирчид тэргүүн байруудыг хаман авлаа. Тэдний хурд маш их байсан нь манай тамирчдын сурах зүйл байлаа. Холимог хосын төрөлд Япон алтан медаль, Хятад мөнгөн медаль хүртсэн бол Тайвань, Солонгос гуравдугаар байрын эзэд боллоо. ХАрин ганцаарчилсан эмэгтэй төрөлд Хятад тэргүүлсэн бол багийн төрөлд Хятад алт, мөнгөн медалийг Япон хүртсэн юм. Ингээд тэмцээнийг зохион байгуулагчид болон тамирчдын санал хүсэлтийг хүргэе.

МШТХ-ны Ерөнхилөгч О.Чулуунбат: Манай тамирчид дэлхийн “топ”-уудтай тоглож, хожиж болдог юм байна гэдгийг харууллаа

-Дөрөв хоногийн хугацаанд манай улсад Азийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн болж өндөрлөлөө. Зохион байгуулах эрхийг авахын тулд тодорхой шалгуурыг давсан байх. Энэ тухайгаа тодруулах уу?
-Өнгөрсөн жил Азийн оюутны холбоо хуралдаж энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулъя гэсэн шийдвэрийг гаргасан. Бид ч гэсэн тус тэмцээнийг зохион байгуулалтын зохих төвшинд  хийж чадна гэдгээ илэрхийлж  хүсэлтээ илэрхийлсэн л дээ. Сайхан тэмцээн болж өнгөрлөө. Дэлхийн ширээний теннисний моодыг тодорхойлдог Хятад, Япон, Солонгос, Тайвань, Хонгконг, Сингапурын тамирчид ирж оролцлоо шүү дээ. Ер нь энэ зургаан орны тамирчид л эхний зургаан байрыг хүртдэг. Тэр ч утгаараа дөрвөн өдрийн турш заал дүүрэн байлаа. Түүний хажуугаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ч сайн сурталчилж өгсөн болохоор миний бодлоор олон хүүхэд ширээний теннисээр хичээллэх байх аа.
-Манай тамирчдын хувьд шагналт байранд шалгарч чадаагүй ч азийн шилдэг найман тамирчны тоонд багтлаа. Та холбооны Ерөнхийлөгчийн хувьд цаашид юун дээр анхаарах шаардлагатай гэж дүгнэж байна вэ?
-Манай хүүхдүүд сайн бэлтгэл хийж, хариуцлагатай тэмцээнд оролцлоо. Холимог хос болон ганцаарчилсан эмэгтэй төрлөөр шилдэг наймд үлдлээ. Б.Батхишигийн хувьд хоёр ч төрлөөр азийн шилдэг найман тоглолчийн нэгд үлдэж чадлаа л даа. Тэгэхээр манай тамирчид дэлхийн “топ” тоглогчидтой тоглож, хожиж болдог юм байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Хожигдож байна гэхээр нэмэх зүйл байгаа гэдэг нь ойлгомжтой. Хүүхдүүд тэр тал дээрээ анхаарах биз. Хятад, Японы тамирчдын хурд асар их байна. Манай хүүхдүүд тоглолтын туршлага суулаа.
-Тэмцээний шүүгчдийн хувьд?
-Шүүгчдийн хувьд ямар нэг гомдол гарсангүй, их шударга шүүсэн л дээ. ОУШТХ болон АШТХ-оос тусгай хүмүүс ирж манай шүүгчдэд зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулсан.
-Монголын ширээний теннисний холбооноос зохион багуулж байгаа ажлын томоохон хэсэг нь энэхүү тэмцээн байлаа. Цаашид олон ажил хийхээр төлөвлөн байгаа гэдэг нь дамжиггүй. Дурьдвал?
-Бидний зорилт бол ширээний теннисийг сонирхолтой болгох. Үүний тулд дэлхийн стандартанд тохирсон 60 ширээ оруулж ирж байна. Илүү олон хүүхэд, хүмүүс тус спортоор хичээллээсээ хэмээн бид хөдөө орон нутгийн спорт хороод болон Ерөнхий боловсролын сургуулиудад дээрх ширээгээ бэлэглэж байна.
-Тэмцээнийг зохион байгуулахад мэдээж их хэмжээний зардал орж байгаа. Асуудлыг яаж шийдвэрлэв?
-Дэлхийн уур уурхайн техник үйлдвэрлэлийн Либхерр групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. Бид дэмжээч гэсэн утгатай захиа бичсэн юм. Энэ мэт сайхан сэтгэлтэй спонсор байгууллагуудын тусламжтайгаар зохион байгуулж мөн монголдоо зөндөө олон ширээ оруулж ирсэн.
-Ойрын үед манай тамирчид ямар тэмцээн уралдаанд оролцох вэ?
-Сар бүр тэр дундаа Азийн орнуудад ширээний теннисний уралдаан болж байдаг л даа. Бид аль болох олон тэмцээнд тамирчдаа оролцуулахыг эрмэлздэг ч санхүүгийн хүндрэл бас тулгардаг. Харин ойрхон газруудад бол очоод оролцож болно.

“Отгонтэнгэр” их сургуулийн нягтлан бодогчийн хоёрдугаар дамжааны оюутан Улсын гурван удаагийн аварга, спортын мастер Б.Батхишиг:

-Энэ удаагийн тэмцээнийг дүгнэвэл?
-Энэ удаагийн тэмцээн манай улсад анх удаагаа зохиогдож байгаа том тэмцээн. Бид бэлтгэлээ сар гаруй хугацаанд маш эрчимтэй хийсэн. Манай тамирчдын хувьд хэдийгээр шагналт байранд үлдээгүй ч гэсэн ерөнхийдөө сайн тоглож бүгд л шилдэг наймд үлдэж шагналт байрны төлөө тоглох шахсан. Финалын тоглолтыг заал дүүрэн хүн үзэж байна  нь манай улсад ширээний теннис хөгжиж байгааг илтгэж байгаа бөгөөд бахархалтай юм.
-Тоглосон тамирчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль улсынх байсан бэ, тоглолтыг нь харж байхад аль улсын тамирчид хүчтэй санагдав?
-Энэ жил Японы тамирчид давамгуй сайн тоглож байна. Миний хамгийн сүүлд тоглосон Тайваний тамирчин их хүчтэй, бөмбөг нь маш хурдтай байсан. Би түүнд дөрөв хоёрын харьцаагаар хожигдсон.
-Манай баг тамирчид цаашид юун дээрээ илүү анхаарах хэрэгтэй гэж бодогдов?
-Манай тамирчдын хувьд техникийн хувьд дутахаар зүйл байхгүй л дээ. Сүүлийн үед ширээний дээрээс тоглодог болсон. Бид хурдаа жаахан нэмээд л өгчихвөл азидаа төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээтэй болсон гэж би бодож байгаа.

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ энерго” клубын ерөнхий дасгалжуулагч Г.Лхагвасүрэн: Медаль авсангүй гэж сэтгэл гонсоох хэрэгүй

-Тамирчдын хувьд өсч яваа, чадварлагч юм байна. Ираных Олимпид оролцох эрх авсан гэхээр ямар нь харагдаж байгаа юм л даа. Дэлхийн хаана ч олон улсын чанартай тэмцээн зохион байгуулж болохуйц хэмжээний заалыг бэлтгэжээ. Манай тамирчдын хувьд азидаа олон удаагийн тэмцээн уралдаанд оролцож байсан сайн тамирчид юм. Ерөнхий дасгалжуулагчаар С.Галбадрах, Т.Энхтөр гээд багш нар нь дасгалжуулж байгаагийн сацуу түүний цаана олон дасгалжуулагчид арга техникийг нь зааж сургадаг. Аливаа зүйлийг зүйрлэж үзэх хэрэгтэй л дээ. Манай тамирчдын хувьд хоёр сая гаруйхан хүн дундаас гарсан бол бусад орных нь олон сая хүний дундаас шилэгдэн зөвхөн үүний төлөө л сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс байгаа л даа. Гэхдээ медаль авсангүй гэж сэтгэл гонсоох хэрэгүй л дээ. Шилдэг найман баг, тамирчинд багтсан нь чамлахааргүй амжилт. Цаашид дэлхийн шилдэгт багтана гэсэн найдвар бол маш их байна гэж би хувьдаа дүгнэж байна. Харин манай тамирчдыг ОУШТХ болон АШТХ дүгнэх биз. Энэ удаагийн тэмцээнээс харж байхад хятад мэдээж үе залгамжилсан залуу тамирчид нь сайн байна. Япон бол сүүлийн 15 жилийн хугацаанд тийм ч сайн байгаагүй. Харин спортын бодлого гэж нэг зүйл байдаг байх л даа. Дэлхийн гурван шиодэгт зүй ёсоор бичигдсэн. Түүний дараа Солонгос улс бас их сайн байна аа. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнийг заал дүүрэн хөгжөн дэмжигчид үзэж байгаа нь ширээний теннис манай улсад хэрхэн хөгжиж байгааг илтгэж байна. Түүний зэрэгцээ манай улсад суралцаж байгаа гадны оюутнууд тамирчдаа дэмжих гэж ирсэн нь харагдаж байна л даа. Сүүлийн гурван жилд манай залуучууд тасралтгүй олон улсын тэмцээнд оролцож байгаа. Шүүгчдийн хувьд Япон, Гонгконг, Малайзынх байгаагаас ихэвчлэн манай шүүгчид л байна даа. Би хөдөө орон нутгаас ганцаараа оролцож байгаа. Зохион байгуулатын хувьд маш өндөр болж байна.

Азийн оюутны ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан:

-Азийн аварга шалгаруулах оюутны анхдугаар тэмцээн өөрийнхөө өмнө тавьсан зорилгоо биелүүллээ. 11 улсын 136 тамирчин оролцож дөрвөн өдрийн турш үргэлжилж өндөрлөж байна.. Ганцаарчилсан эмэгтэй төрөлд тоглосон манай тамирчин болох спортын мастер Б.Батхишиг нь азийн найман шилдэг эмэгтэй тамирчинд багтсан нь томоохон үзүүлэлт боллоо. Энэ удаагийн тэмцээн нь манай залууст том сургалт болсон гэж дүгнэж байна. Олон улсын төлөөлөгчид тэмцээний зохион байгуулалт болоод бусад зүйлд өндөр үнэлэлт өгч, сэтгэл хангалуун байна. Цаашид азийн төдийгүй томоохон тэмцээнийг манай улс зохион байгуулахад материаллаг баазын хувьд бололцоотой болсон.. Харин заал нь жаахан багадаж байна.

Эх сурвалж: Спорт

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.