“Эх орны хишиг” ХААН-д ашиггүй бизнес

2011/07/25
Share |
Хүмүүс:
 “Эх орны хишиг” ХААН-д ашиггүй бизнес

-Үйлчилгээний хураамж нэрээр 455 сая төгрөг цугладаг нь тус банкны эздэд чамлагдсан бололтой-
“Эх орны хишиг”-ээр далимдуулан төрийн яамыг харьяалагдах агентлагтай нь  хамт дарамтлан хурууныхаа аясаар хөдөлгөнө хэмээн тооцоолсон ХААН банкны гадаад дотоод эздийн санаархал бүтэлгүйтэв. Өнгөрсөн жилийн сүүлчээс  эхлэн ХААН-ы хаягтай сүрдүүлгийн бичиг хэдэнтээ хүлээж авсан тус яамныхан арилжааны хэдэн банкийг тойрч гуйгаад ч “Эх орны хишиг” тараах хүсэлтээ сайн дураар илэрхийлэх банк олоогүй. Тэгээд ч ХААН-аас бусад нь аймаг сум бүхэнд түгсэн олон салбартай биш учраас хэн нэгийг нь онцлоод бүрнээр нь хариуцуулаад бүтнээр нь тараалгачихна хэмээн найдахад ч бэрх байсан биз. Үүнийг нь мэдэхийн дээдээр мэдэж байсан ХААН банк “Эх орны хишиг” тараах боломжгүй тул буцааж ав гэсэн утгатай албан бичгийг ар араас нь илгээхдээ элдэв шаардлага хийгээд шахалтуудыг хамтад нь тавьж байсан юм билээ.
Гэтэл ажлаа саадгүй явуулах үүднээс шаардлагуудынх нь эхнээс биелүүлж хүссэнээр нь шийдвэрлээд байтал араасаа ниссэн олон бичиг ч зогссонгүй. Өнгө аяс нь ч өнөөх л дарамтын шинжээ гээгээгүй гэнэ. Харин ч бүр тавьж буй шаардлага нь улам бүр өндөрсч ирсэн тул тэдний шаардлагыг биелүүлэх боломжгүйгээ мэдэгдэж төрийн яам “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг өөр банкаар тараалгахаар шийдвэрлэсэн хойно өмнө хэлсэн ярьснаасаа буцлаа маягийн гомдлын үгсийг мөн л төр рүү чиглүүлэн цацаж эхэллээ. Тус банкны бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхан саяхан өгсөн нэг ярилцлагадаа “Эх орны хишиг”-ийг арилжааны бүх банкаар иргэдэд өгөх хэрэгтэй гэдэг шаардлагыг холбогдох албаныханд хүргүүлснээс хэтрээгүй гэжээ.Тэрбээр “Өнөөдрийг хүртэлх хугацаанд ХААН банк 1.3 сая хүнд “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгож байсан юм. Энэ байдал цааш үргэлжлээд байх юм бол хишиг тарааж байгаа банкинд гэхээсээ илүү иргэдэд хүндрэлтэй болж байна.  Наад зах нь “Эх орны хишиг”-ээ авах гэж уртаас урт дараалал үүсгэхээс эхлээд олон бэрхшээл гарч байгааг хэн хүнгүй мэднэ.  Тиймээс бид иргэдийн эрх ашгийн төлөө бусад арилжааны банкуудаар  өгье л гэсэн санал тавьсан юм. “Эх орны хишиг” тараана гэдэг банкинд ашигтай бизнес биш” гэхчилэн ярьжээ.
Гэтэл үнэн хэрэгтээ ХААН-ы НХХЯ болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хаягласан өнөөх олон бичгүүд нь зөвхөн иргэдийг бодсон агуулгатай ч биш юм билээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдрөөр огноотой зөвхөн ганц бичгээр нь жишээ авъя. Иргэдийн банк хариуцсан захирал Ү.Наранцэцэгийн гарын үсэгтэй эл бичигт “Эх орны хишиг” тарааснаар тус банк сард 300 орчим сая. Жилд 3.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна гээд уг алдагдлыг үүсгэж буй тооцооллоо дурдсан бйана. Үүнд:
-ХААН банкны салбар нэгжүүдийн ажлын цагийн 50 орчим хувь нь зөвхөн халамжийн мөнгө олгоход зарцуулагдаж байна. Зөвхөн энэ үйлчилгээнд зориулж манай банк теллерүүдээ сар бүр 300 сая төгрөгийн цалингийн зардал гаргаж байна.
-Халаалт, цахилгаан, харуул хамгаалалт, түрээс, зузаатгал, тээвэрлэлт, сүлжээний зардал, хөрөнгө хогшлын элдэгдэл зэргийг энэхүү үйлчилгээг үзүүлж буй цагт ногдуулж тооцвол сард 170 сая төгрөг зарцуулж байна.
-Танай байгуулагын дансны дундаж үлдэгдэлд жилд 220 орчим сая төгрөгийн хүү төлж байна.
-Энэхүү үйлчилгээг авсан нэг иргэнээс 50 төгрөгөөр хураамж тооцон авч буй орлого танай байгууллагаас байршуулж буй татан төвлөрүүлсэн хөрөнгийн өгөөжийг хасч тооцсоноор 300 орчим сая төгрөгийн алдагдлын тооцоо гарч байгаа юм.
Эдгээр шаардлагынх нь хариуд иргэдээс авдаг үйлчилгээний хураамж 50 төгрөг байсныг 350 төгрөг болгож нэмэгдүүлсэн.
Дээр дурдсан бүхэн Монголын төрөөс иргэддээ олгож буй “Эх орны хишиг” тараах ашиггүй бизнесээс татгалзах шалтгаан гэнэ. Бүгдийг мөнгөөр үнэлж сурсан банкны эздэд нэг төгрөг ч хайран байдаг биз. Гэхдээ учир мэдэх улс “Хүний хөгжил сан”-гйин мөнгө тараах хэдийгээр алдагдалтай ч ХААН-ы хийсэн шиг хэмжээнийх гарахгүй гэж байна билээ. Үйлчилгээний хураамж нэрээр иргэдээс авч буй 350 төгрөгөөр тооцоход л 455 сая төгрөгийн ашигтай байх юм билээ. Тэгэхээр энэ хэмжээний ашиг эрхэм ХААН-д чамлагдаж буй бололтой юм.
Тиймээс төр шийдвэрээ гаргаж “Алтан загасны үлгэр”-ийн ааштай эмгэн шиг ХААН-ыг царайчилж суухааргүй болжээ. ХААН-ы оронд иргэдээ ядуу хоосноор нь ялгаж ангилаад байхааргүй үйлчлэх үүрэг өдгөө Хадгаламж банкинд ирсэн байна. Хадгаламж банк улсын хэмжээнд 480 нэгж салбартай. Үүнээс нийслэлд 67 салбар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Эх орны хишиг” тараах үүргийг төрөөс авснаас хойш салбар нэгжийнхээ тоог ч нэмжээ. Иргэдэд хувь хишиг тараах зорилгоор нийтдээ 72 салбарыг энэ долдугаар сард нээсэн бөгөөд шаардлагатай бол дахиад нээж ч болно хэмээж байна билээ. Тэгэхээр Монгол Улс төрийн санхүүгийн үйлчилгээгээ харийнхны царайг харж үзэмжид нь нийцүүлэн байж үзүүлдэг цаг улирчээ. Үндэсний банк нь ч энэ зэргийн үйлчилгээг хөнгөхөн үзүүлчих хэмжээнд хүрсний том баталгаа энэ болов.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.