Д.Энхбатыг Авлигатай тэмцэх газрынхан шалгахаар болжээ

2011/07/25
Share |
Д.Энхбатыг Авлигатай тэмцэх газрынхан шалгахаар болжээ


ИЗ-НН-ын дарга Д.Энхбатыг хуучин андууд буюу Ногоон намын салан тусгаарлагчид нь “шахаан”-д хийчихлээ. “Шахаа” гэдэг нь хаант засаглалын үед гэм зэм хийсэн хүнийг тамлан зовоож байсан “есөн эрүү” гэгч эрүү шүүлтийн хэлбэр огт биш л дээ. Харин одоо цагийн улс төрчид болон бизнесийн хүнд гаруудын буруу зөрүү үйлдлүүдийг  отож байгаад гарцаагүйд нь хийчихдэг нэг төрлийн арга мэх юм. Д.Энхбат уг нь УИХ-д сонгогдохдоо Ногоон нам болон бусад хэдэн жижиг нам, иргэний хөдөлгөөний эвслийн гэрээтэй байлаа. Түүнд Ногоон намынх нь санхүүжилтэнд зориулсан 150 сая гаруй төгрөг бас хүрч ирсэн. Энэ мөнгө гишүүд дэмжигчдийнх нь хандив сэлтээс бүрдсэн бөгөөд Д.Энхбатын улс төрийн үйл ажиллагаагаа явуулахад зориулагдах учиртай байжээ. Гэтэл мань хүн сүүлдээ Ногоон намаа Иргэний зориг намтай нийлүүлж, өнөөх мөнгөө хувьдаа зориулсан байжээ. Үүнд нь дургүйцсэн Ногоон намын хэсэг нөхөд ИЗ-тай намаа нэгтгэхгүй гэж гүрийсээр байгаа. Тэд нар нь сүүлдээ Д.Энхбатаас өнөөх 150 сая гаруй төгрөгөө ч нэхэв. Гэтэл  Д.Энхбат “Жингийн цуваа явдагаараа явж, жингэр ноход хуцдагаараа хуцаж байна” гээд огт тоосонгүй. Аргаа барсан Ногоонтонууд эцэст нь  Д.Энхбатыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гомдлоо бичиж өгөв. Д.Энхбат үүнийг нь бас л ойшоож үзсэнгүй. Тэр саяхан “Би тэр мөнгө төгрөгтэй хамааралтай бүх баримтуудыг нь бүрдүүлээд өгөх газарт нь өгчихсөн. Ядах юмгүй ажил байна лээ. Ердөө л арван минутанд багтаасан” хэмээн их л бардам дуугарч байв. Гэвч одоогоор “Эзэнгүй айл” болчихоод байгаа Авлигтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийнхэн Ногоон эвслийнхэний өргөдлийн дагуу Д.Энхбатыг шалгахаар болсон байна. Ингээд Д.Энхбат бардам ам, шалдан гуя гэгч болж, 150 сая гаруй төгрөгийнхөө тайланг мөрдөн байцаагчийн өмнө дэлгэж тавих боллоо. Ямар но-той юм гарахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байгаа бололтой. Юутай ч Ногоон эвслийнхэн нь санасандаа хүрч хуучин даргыгаа ийнхүү “Шахаа”-нд оруулж дөнгөжээ.

Я.Ымербек.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.