З.Энхболд Баабарыг хүмүүжүүлж чадсангүй

2011/08/04
Share |
Хүмүүс:
З.Энхболд Баабарыг хүмүүжүүлж чадсангүй

                                                                                

УИХ-ын 76 гишүүдийн дотроос арай дөнгүүр, дэвшилтэт үг унагаж суудаг хүн бол яах аргагүй бие жижигтэй, бэлчээр арвинтай Зандаахүүгийн Энхболд юм. Түүний аливаад шударга хандах гээд байдаг нь хүмүүст илүү таалагддаг биз. Шазруун, ил тод шүүмжлэлд нь харин улс төрийн хүрээний хуучимсаг хэсэг нь тун дургүй. Ардчилсан намын олигархиуд нь бас түүнээс баахан жийрхдэг. Тэрээр Баабарт хатуу сануулга өгчээ. Мань хүн “Баабар аа, чи бусдын захиалгаар нийтлэл бичдэг. Оюу толгой, Таван толгойг гадныханд ашигтай наймаа болгож хувиргахад чиний захиалгат нийтлэлүүд чиглэж байгаа. Гадаад тодоодын баячуудын мөнгийг авч амьтан хүний толгой тархи угаасан  нийтлэл бичихээ боливол яасан юм бэ” гэжээ. Харин Баабар энэхүү хатуу шүүмжийг хүлээж аваагүй бололтой. Тэрээр саяхан Таван толгойг тойруулсан баахан магтаалын үгтэй “Баабар ингэж өгүүлэв”-ээ “Өдрийн сонин”-д нийтэлсэн байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан бараг бүх хүнийг толгой дараалан магтжээ. Хөөрхий муу С.Баярыг хүртэл магтахаа мартсангүй. Стандарт бус буюу Үндсэн хуулийн бус Засгийн  газар байгуулсаныг  “Маш сайн” гэх нь холгүй юм болов. 2008 оны 7 сарын 1-ний хар өдрийг ч С.Баярын “гавъяа” гэж бичих шахав. Шахав юу байхав дээ, цаад утгаар нь хөөгөөд үзэхээр үндсэндээ тухайн үед таван хүн буудаж хороосон С.Баярын алдар хүнд яваандаа өсөөд л байх юм байна. Бодвол С.Баяраас хэдэн бор төгрөг салгаж аваад ийнхүү магтан дуулсан биз. Түүнээс биш ард түмнээсээ ял сонсох өдрийг хүлээгээд чулуу нясалж суугаа С.Баярыг сайнаар хэлэх нь нүгэл шахуу болчихоод байгаа шүү дээ. Гэтэл Баабар гуай С.Баяр гэгч хүн Монголд төрөөгүй бол Таван толгой, Оюу толгой гэдэг том мөнгөний уурхайг ашиглаж чадахгүй байсан гэх ухааны юм бичжээ. Эндээс нь мөнгө үнэртээд байна. Мөнгө авч магтсан энэ хоёр толгой нь тэгээд харийнханы мэдэлд бараг бүхэлдээ яваад өгч байгаа юм биш үү. Тэгэхээр З.Энхболд гишүүний хүмүүжлийн шүүмж үг эзнээ оносонгүй. Баабар бусдын мөнгөөр захиалгат нийтлэлээ бичиж, тархи угаасан хэвээрээ. Буруу хүмүүжүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гар болж өсдөг гэдэг дээ. Нас ахиж яваа Баабарыг бухын “хүзүү” болж өссөн хүүхэд гэхээсээ илүүтэй харин буруу ишилсэн сүх гэвээс оновчтой байх. Тэр удахгүй Н.Энхбаярыгаа үхтэл магтах байх даа. Уг нь түүний амьтан хүн рүү ёворсон нийтлэлийн бараг 50 хувь нь Н.Энхбаярыг муучилсан байсан юмдаг. Гэхдээ Н.Энхбаяр түүнд хэдийг тоолж өгөхөөс шалтгаална. Мөнгөнийх нь тоонд тааруулан их, бага магтахаа нэг муу мэдэх биз. Христийг номлогч Сан Мён Мүүн гэгч эр Америкийн ерөнхийлөгч асан эцэг, хүү Бушийг Ерөнхийлөгчийн сонгуулийнх нь үеэр магтан сайшаасан ганц үг хэлэхийн төлөө тэдэнтэй 10 сая долларын гэрээ хийж, түүнийгээ амжилттай биелүүлсэн гэнэ лээ. Яг тэрүүн шиг ажиллахыг хичээх нь бас Баабарын зөв ч юм уу. Сүүлдээ манай хэдэн мангар улс төрчид аягүй бол Баабар, мөнгө хоёрыг ч ялгахаа болих байх. Мөнгө бол баабар юм, Баабар бол мөнгө юм гээд гүйвэл мөн алав аа.

Я.Ымербек.Factnews.mn

 

 

 

  

 

      

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.