Ажнайн Д.Бат-Эрдэнийн хувьцаа луйвардах дон хуулийнхныг хөлдөө чирч эхлэв

2011/09/05
Share |
Хүмүүс:
Ажнайн Д.Бат-Эрдэнийн хувьцаа луйвардах дон хуулийнхныг хөлдөө чирч эхлэв

Тэрбээр хуулийн байгууллагын танил талаа ашиглан иргэдийн хувьцааг өөрийн болгож байна
УИХ-ын сэнтийгээс буумагцаа энэ эрхэм Өмнөговийн нүүрсийг урагш нь хямд үнээр зөөж баяжсан гэдэг юм билээ. Тэрбээр энэ ажилдаа ам ташин сүүлийн үед иргэд болон байгууллагуудын таван толгойн хувьцааг хуулийн байгууллагад байдаг танил талаараа дамжуулан луйвардаж авах нь ихэссэн. Түүнтэй холбоотой хувьцааны маргаан бараг бүх шатны шүүхүүдэд байдаг гэхэд болно. Гэвч шүүхийн шийдвэр “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнийн талд гардаг нь сонин. Таван толгой хувьцааны луйврын ажлыг ерөнхийд нь “Тавантолгой транс” компанийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж амжуулдаг. Энэ компани нь “Ажнай” корпорацийн охин компани гэдгийг олон нийт сайн мэднэ. Байнга л олны хэл ам дагуулж явдаг Б.Бат-Эрдэнэ харамсалтай нь улсад төлөх ёстой татвараа төлдөггүй жудаггүй зантай.
Татварын асуудлаас болж ЭЦГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэж байсан ч удирдлага доорх ажилчдаа баривчлуулж, явснаас өөрөө огт хариуцлагыг нь хүлээдэггүй. Тэгсэн атлаа бусдын хувьцааг авахын тулд зарим прокурор, шүүгч нарыг ашиглан хууль зөрчсөн явдал ч гаргасан байх юм. Энэ хэргийг сөхөхийн тулд нэгэн баримт дэлгэе.
Манай нэгэн арилжааны банкнаас “Говь-Урал” нэртэй компани хоёр сая орчим ам.доллар зээлжээ. Зээлийнхээ барьцаанд хөдөө орон нутагт байдаг үл хөдлөх хөрөнгө энэ тэр гээд өчнөөн л юм тавьсан юм байх. Гэхдээ тэдгээр хэрэгтэй хэрэггүй хөрөнгөнөөс илүүтэй жин дарах ганц барьцаа байсан учраас банк тэдэнд зээл өгчээ. Энэ нь “Таван толгой” ХК-ийн 11660 ширхэг хувьцаа байлаа. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн гэж ард түмэн нэрлэдэг орон нутгийн өмчит жижиг таван толгой компани. Зээл авсан компанийг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс”, “Говь-Урал” ХХК монгол, орос хоёр иргэнтэй хамтран байгуулжээ. Хамтрагчид зээл авахдаа бүгд л оролцож, гарын үсгээ зурцгаасан байна. Харин зээл төлөх үед нөгөө “Таван толгой транс” сураггүй болсон байж. Учрыг хөөвөл тэд “Говь-Урал”-д оруулсан хөрөнгөө аваад, компаниас гарсан гэж тайлбарлажээ.Тавин хувийг нь эзэмшинэ гэж хамтарсан компани байгуулчихаад, бас манайх нүүрсээ өгөөд, нөгөө компани ачиж тээвэрлэх учраас зээл төлөхөд ямар ч асуудалгүй гэж банкийг итгүүлж, их хэмжээний зээл авчихсан хэрнээ “Өө, бид компаниас гарлаа” гээд гараад явчих нь бизнесийн ёс жудгийн хувьд ч тэр, хууль журмын хувьд ч тэр дэндүү цагаандаа гарсан хэрэг гэлтэй. Болж өнгөрсөн бүхнийг эргүүлээд тунгаавал энэ бүхэн санаандгүй үйлдэл биш, “Ажнай”-гийн эртнээс төлөвлөсөн ээлжит хуйвалдсан луйвар байв.
Ард нь “Таван толгой транс” бий хэмээн итгүүлж арилжааны банкнаас их хэмжээний зээл авах, тэр зээлийнх нь барьцаанд хамтрагчийнхаа Таван толгойн хувьцааг тавиулчихаад дараа нь нөгөө компанидаа нүүрс өгөх нь битгий хэл хөрөнгөө аваад салчихаар “Говь-Урал” ХХК дампуурахдаа тулжээ. Итгэж зээл өгсөн банк ч бас хэцүүхэн байдалд оржээ. “Таван толгой транс” банкны гүйцэтгэх захирал Д.Дагвадоржид энэ л хэрэггэй байж. Цаг нь болохоор тэр хөдөлж, зээлээ төлөх гэж аргаа бараад байсан хувьцааны эзэн, зээлдэгчтэй сэм тохироо хийсэн байна. Тэд оросын иргэн К.Д Романовскийн өмнөөс 800 мянган долларыг банкинд төлж, улмаар хувьцааг нь худалдаж авах хууль бус гэрээ хийсэн ч банкиндаа мэдэгдэлгүй сэм дарчихсан байна. Банкныхан зээлээ нэхээд ирэх үед “Говь-Урал”-ын дансанд 800 мянган доллар ороод ирж.

Хуулийн дагуу өртэй компанийн дансан дахь мөнгийг банк ямар зориулалттайг нь үл харгалзан хурааж авах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу 800 мянган долларыг дансанд нь үлдээсэн ч “Таван толгой транс” компани прокурорын тусламжтайгаар энэ мөнгөө буцаагаад авсан байна. Нийслэлийн прокурор Г.Мижиддорж “Таван толгой транс”-ын шилжүүлсэн 800 мянган долларыг авчихаад, барьцааг нь чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг банкинд тавьжээ. Бүр эцэст нь банкны ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. Шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авсан гэсэн үндэслэлээр банкны ажилтнууд тэр мөнгийг хувьдаа аваагүй, бас барьцааг дур мэдэн авч үлдээгүй. Барьцааг шүүхийн шийдвэрээр битүүмжилж бас шүүхийн шийдвэрээр худалдах эрх нь банкинд нээгджээ. Гэвч нөгөө 800 мянган долларыг банк буцаагаад “Тавантолгой транс”-ын дансанд шилжүүлэхээс өөр аргагүй болсон байна. Зээлдэгч нь ч “мөнгийг нь буцаагаад өгчих, би хувьцаагаараа зээлээ төлье” гэсэн хүсэлт гаргажээ. Банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлснийх нь төлөө ажилтнуудынх нь хэрэг тулгадаг жишиг дэлхийд ч байхгүй. Нийслэлийн прокурор Мижиддоржийн энэ хууль бус үйлдлийг мэдсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ерөнхий прокурорын байгууллагад бичиг илгээхэв дээ. Компанийн тавин хувийг эзэмшинэ гэдэг нь тухайн компанийг хараат охин компаниа болгож байгаа хэрэг. Энэ агуулгаар нь харвал “Говь-Урал” бол “Таван толгой транс”-ын охин компани гэж тооцогдоно. Хамтарч байгуулсан охин компанийхаа зээлийг “Таван толгой транс” төлөлцөх үүрэгтэй ч хээв нэг бултсаныг дээр өгүүлсэн. Гэтэл “Говь-Урал” зээлээ төлж чадахаа байгаад, барьцаа хөрөнгөөрөө төлөх дээрээ тулаад иртэл өнөөх алга болсон “Таван толгой транс” амилаад ирж “Говь-Урал” компани зээлээ төлж чадахгүйд хүрсэн учир барьцаа  хөрөнгөөрөө зээлээ төлье гэдэг хүсэлтээ гаргаж, шүүх ч банк, зээлдэгч хоёрын эвлэрлийн гэрээг баталжээ.
Шүүхээр баталсан эвлэрлийн гэрээнд хуулиараа давж заалдах ойлголт байдаггүй байна. “Говь-Урал”-ынхан ч нэгэнт зээл авсан нь үнэн, төлж чадахаа байсан нь бас үнэн болохоор Таван толгойн хувьцаагаа зараад зээлээ төлж, илүү  гарсан мөнгөөр нь бизнесээ үргэлжлүүлэхээр тохирчээ. Гэтэл дундуур нь “Таван толгой транс” давхиж орж ирээд, бид хувьцааг нь авах эрхтэй гэсэн шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээр гаргуулж  чадсан   байна. Хувьцааны эзэн нь зээл авсан эзэн  нь ч ОХУ-ын иргэн Романовский бөгөөд тэрээр зээлээ төлөхийн тулд хувьцааг нь худалдаж аваад, банкинд 800 мянган доллар төлөх гэрээг “Таван толгой транс” компанитай хийсэн ч дараа нь энэ наймаанаасаа татгалзжээ. Таван толгойн хувьцааг янз бүрийн аргаар цуглуулсаар, том хувьцаа эзэмшигч болж чадсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэд энэ нь таалагдсангүй. Хийсэн гэрээгээ хэрэгжүүл гэсэн шахалтыг “Таван толгой транс” ХХКийн зүгээс иргэн Ромамовскийд үзүүлж, улмаар түүнийх болох ёстой хувьцааг бярьцаалчихаад байгаа арилжааны банкийг шүүхэд өгчээ. Шүүх анхнаасаа энэ нэхэмжлэлийг хүлээж авах хууль зүйн үндэсгүй байв. Уг нь Монголд хүчинтэй мөрдөгдөж байгаа хууль дүрмээр хувьцаа, үнэт цаасыг зөвхөн Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг. Түүнээс биш хоёр хүн хоорондоо гэрээ хийгээд, ханцуй дотроо наймаалцчихдаггүй. Үүнийг мэдэлгүй “Таван толгой Транс”-тай гэрээ хийснээ ОХУ-ын иргэн Романовский ойлгож, хууль зөрчсөн гэрээ хийсэн учраас түүнээсээ татгалзан, “Таван толгой транс” өгөлгүйгээр хувьцаагаа худалдаад өрөө төлчихье гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна. Дээр нь энэ гэрээ хууль бус хэлцэл байна гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо албан бичигтээ дурджээ.
Гэвч шүүх төрийн байгууллагын дүгнэлтийг ч, хувьцаа эзэмшигч иргэний хүсэлтийг тоож үзсэнгүй. “Таван толгой транс” ХХКд хувьцааг өг гэсэн шийдвэрийг их л олон үндэслэл дурдан гаргасан байна.Тэр хувьцаа нь шүүхийн шийдвэрээр барьцаалагдаж, битүүмжлэгдсэн, бас шүүхийн шийдвэрээр арилжааны банкны зээлийг төлөх хөрөнгө болсон гэдгийг ч бас зориудаар мартжээ. Хувьцааг Хөрөнгийн биржээр арилжихаас эхлээд Монгол улсын хүчин төгөлдөр хууль журмуудыг ч эс хайхрав. Мэдлэг дутсандаа шүүгч ийм шийдвэр гаргав уу? эсвэл ийм шийдвэр гаргахын тулд хуулийг яаж тайлбарлаж эргүүлж болох гарцыг хайв уу? Үйл явдлын тайлбарыг сонссон ихэнхи хуульчид дараагийнх нь байх хэмээн хардаж байгаа нь үнэнд нийцнэ. “Ажнай” Бат-Эрдэнэтэй наймаа хийхээр завдсан л бол бандан тас байдаг юм уу? “Таван толгой транс” компанийн талд шийдвэр гаргах гэж улайран зүтгэхдээ  шүүгчид өмнө нь гарсан шүүхийнхээ шийдвэрийг ч, банк, таван толгой хоёрын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүйг ч үл харгалзан арилжааны банкийг хариуцагчаар татан хурал хийж, түүгээр ч үл барам барьцаанд байгаа хувьцаагаа суллаж өг хэмээн мундагджээ.Ном журмаараа явдаг газар бол ийм шийдвэр гаргахаар хуралдах нь байтугай “Танайх банктай маргалдах эрх зүйн үндэс алга. Хэрвээ гомдолтой байгаа бол гэрээ хийсэн иргэнтэйгээ заргалд аа” гээд өргөдлийг нь буцаагаад явуулах байж гэдгийг олон хуульчид хэлж байна.

Г.Ялгуун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.